8 страница25 мая 2019, 10:35

" seven "

" Амьдралд харанхуй байгаа. Гэрэл гэгээ байгаа. Гэхдээ үүний гол гэж байхгүй. "

/ та бүхэнд хэлэхэд энэхүү бүлэг бүрийн эхэнд гарч байгаа үгсүүд бол Сүхёний блогтоо бичиж байгаа нийтлэлүүд билээ. /

Сүхён

Хаврын эхэн сар гэхэд харьцангуй жиндүүхэн байв. Баяр хөөрийн өдрүүд дуусч сүүлчийн шалгалтууд ирж байгаа нь цаанаа л сэтгэлд тавгүй байлаа.

Урдах цамцныхаа цахилгааныг эцэс хүртэл нь татаад , гүнзгий амьсгал хамраараа аван амаараа гаргавал уур гаран агаарт замхарна. Хүрээлэнгийн хүний алхах замаар надаас гадна нэг хоёр хүн л алхаж яваа харагдахад би газар ширтэж явснаа гэртээ харихаар шийдэн урагш харвал гэрлэн чийдэнгийн доодох ганц модон сандал дээр хүн сууж харагдлаа.

" Өө! "

Амандаа хүргэсэн урт нарийхан , цагаан уур суунаглуулах зүйлээ надаас нуух аятай хөлнийхөө цаана аваачиж , тээнэгэлзсэн аятай ,
" Сайн уу?.. чи энд юу хийж байгаа юм? " хэмээвэл нь баруун мөрөө давуулан зүүсэн цүнхнийхээ уяанаас атгасан би Бэкхёний цаанаа нуух тамхируу хялам хийгээд ойртох эсэхтээ эргэлзэв.

" Зүгээр л алхаж явлаа. Гэр минь ойрхон байдаг юм. "

Бэкхён яг голд нь суусан байрлалаа өөрчлөн сандалныхаа цааш гулгаснаа надруу харж , тайван өнгөөр " Ийш суугаач " гэхэд нь би тээнэгэлзэж байсан ч удалгүй аажуухнаар хажууд нь очин суулаа. Тэрээр хар күртикнийхээ энгэрийг задлахад дотроос нь торгон цагаан цамц нь цухуйх бөгөөд намайг суусны дараа дороо байх чулууг хөлөөрөө хөдөлгөнө.

" Хамгаалагч чинь хаачсан юм? "

Түүнрүү гайхан харж би задгайлсан үсээ арагш болгохдоо ,

" Хамгаалагч? " хэмээн илт ойлгохгүй аясаар хэлтэл Бэкхён тамхиа газар унагаж хажуудаа байсан савтай усыг дээрээс нь асгав.

" Чанёол. Пак Чанёол." Бэкхён амандаа тохуурхсан инээмсэглэлтэй надруу бага зэрэг харлаа. " Чиний хамгаалагч. "

Утгыг нь ойлгосон даруйдаа би багахан хөхөрч , биеэ сул тавихдаа гэртээ авсан хоёр лаазтай ундааг гарган ирж түүнд нэгийг нь өгөөд би дээш тэнгэрлүү өнгийв. Дэлхий гэрэлтэй атал , тэнгэр түнэр харанхуй харагдах нь цаанаа л хоосон мэдрэмж агуулахад би харж байснаа гүнзгий санаа алдлаа.

" Бид нисдэг бол гоё оо "

Дэвэрч гарч ирсэн ундааны гаазанд хуруугаа норгосон Бэкхён гараа сэгсэрч байснаа миний харцыг даган , тэнгэрлүү ширтэж , " Чи тэгвэл хаашаа нисэх вэ? " гэв.

Би ундаанаасаа ам дүүрэн балгаж , хэсэг бодлогошрох авиа амнаасаа гарган харцаа тэнгэрээс салгалгүй ,

" Хаашаа ч хамаагүй " хэмээхэд түүний инээмсэглэх нь нүдний үзүүрт зурайна.

" Чи хаачих байсан бэ? " Одоо харин би ундаагаа балгалах Бэкхёнруу харж сониучирхан асуув. " Хэрвээ чи нисдэг байсан бол? "

" Би нисэхгүй ээ. "

" Яагаад? "

" Би амьсгалж , мэдэрч , амьдарч байхад л хангалттай. "

Яагаад ч юм Бэкхёний үг маш танил сонсогдоход , би өөрийн эрхгүй түүнрүү харав. Харин хачирхалтай нь Бэкхён надруу харж байх бөгөөд төд удалгүй ,

" Чи бас уншиж байсан уу? " гэх нь тэр. Гэнэтийн ой санамж толгойруу харвасан сум шиг л нисч ирэхэд би Бэкхёнруу том нүдлэн харах бөгөөд тэрээр толгойгоо сэгсэрч ,
" Түүний бичвэрүүдэд би ямар дуртай гээч " хэмээн суниангаа хэлэв.

Би хэзээ ч блогтоо өөрийнхөө жинхэнэ дүр зургаа илрүүлж байгаагүй ч үнэхээр Бэкхён миний нийтлэлүүдийг уншдаг бол намайг төвөггүйхэн таничих нь гарцаагүй боллоо. Гэсэн ч түүнийг миний бичдэг зүйлсийг ярьж байгаа эсэхэд эргэлзэх сэтгэл төрж , бататгах санаатай ,

" Чи одоо бичигдэхгүй байгаа өгүүллэгийг нь ярьж байна уу? " гэтэл тэр төвөггүйхэн толгойгоо дохин , миний хэдэн жилийн өмнө бичихээ больсон нисч чадахаа больсон болжмор , гунигт ганцаардмал үнэг хоёрын өгүүллэгийг ярьж байгааг батлав.

Үүнд нь юу гэж хэлэх , юу мэдрэхээ тэрхэн хугацаанд умартах би нэг бодлын догдолж байвч , толгойны минь нэг газраас түүнд өөрийгөө илчлэхгүй байхыг зөвлөнө.

" Чи хэзээнээс уншиж эхэлсэн юм? " Би хоолойгоо засч ярихдаа түүнд аль болох яриагаа энгийн сонсогдуулхыг хичээв.

Бэкхён хэсэг бодосхийн , " Магадгүй жилийн өмнөөс..? Сайн мэдэхгүй юм даа.. Заримдаа бичсэн зүйлсийг нь уншихад их ганцаардсан хүн шиг санагддаг. Гэхдээ хажууд нь хүн байгаад нь би талархаж байгаа. Хэчнээн би түүнийг хэн гэдгийг , ямар харагддагийг , юу хийдгийг нь огт мэдэхгүй ч гэлээ.. " хэмээн хэлэхэд нь би өөрийгөө хэзээ ч ингэж догдлоно хэмээн санасангүй. Зүрх минь цээжин дотор түг түг хийн цохилж , тэр хүн нь би гэж хэлмээр байвч зүрх зориг нэг л хүрсэнгүй. Надад тэр итгэхчгүй биз.

" Түүний болжмор үнэгтэй тэр зохиол. Надад яагаад ч юм бусдаасаа өөр санагддаг. Тэр үүндээ бүх мэдрэмжээ нуучихсан юм шиг. Зүгээр л нэг үлгэр бичиж байгаа юм шиг ч гэлээ ... "

Бэкхён надруу толгойгоо эргүүлэн харахад дээрээс тусах гэрлэнд сормуус нь хацарт нь сүүдэрлэн тусч , арьс нь гялалзана. " Чи уншихдаа тэгж бодсон уу? Төгсгөлийг мэдмээр байна гэж? "

Тэр зохиол..

Миний бодохоос ч айдаг хэрнээ устгахаас эрмэлздэг нэгэн бичвэр.

Тэр үүний төгсгөлийг мэдэхийг хүсдэг гэж үү?

" Тийм ээ... би мэдмээр байна. "

Бэкхён бүдэгхэн инээмсэглэв.

" Би түүнтэй нэг удаа уулздаг ч болоосой "

***



Бэкхён



" Ахаа , та юу гэж бодож байна? "

" Юуг? "

" Тэр яагаад нисч чадахгүйгээ мэдсээр байж дээрээс үсэрч байгаа юм бол? "

" ... тэр үхэхийг хүссэн байх. "

" Гэхдээ яагаад? тэр хүмүүст дуртай бас амьдралд хайртай "

" магадгүй түүнд хэн ч дургүй байсан байх. "

Хүйтэн хөлсөндөө дарагдан би агаараар дутагдан орноосоо сэрхийн босов. Цээж минь агаар нэхэж , хоолой хатаж хорсож байвч нүд минь нойтон санагдана. Салганах гартайгаа хажуу талын гэрлээ асаах замдаа жижиг ширээнийхээ зүйлсийг цааш нааш нь унагаж , дараа нь арайхийн цагаан уутай эмийг уран амандаа шууд залгилаа.

Гараа хүчээр атган , чичирхийллийг зогсоогоод нүдээ гараараа таглав.

Гуйж байна , дахиад л энэ зүүд биш шүү

Нойр минь сарнин алга болж , харанхуй шөнө гэрэлтэй өдөр хоёр холилдож эхлэсэн ч би өөрийгөө хөл дээрээ дааж чадах дээрээ байлаа. Цаг өглөөний долоог зааж , бүтэн шөнө яаж өнгөрснийг бодох нь сэтгэлд шийртэй(?) .

Орноосоо босч суугаад өөдөөс минь зурайх календарыг ширтэв. Аль хэдийн 2 сар болжээ.

" Бюн Бэкхён? "

Хоолойгоо засан хаалганы цаанаас дуудах хоолойнд , " За? " гэвэл өнөө л алгуурхан хоолой " Өглөөний цайгаа ууж , эмчтэй үзлэгээ хийлгээрэй " хэмээхэд нь би жирийн л нэг хоолойгоор " За " хэмээн үгээ давтав.

Хөшигний цаанаас тусч орж ирэх нарны туяа аль хэдийнээ өрөөний шалан дээр түрүүлэн хөл тавьжээ. Орны хажуудаа тавьсан цамцаа өмсөөд , үсээ доош нь дарсаар , том өрөөлүүгээ явна. Чихний үзүүрт юм хуурах чимээ гал тогооноос сонстоход сонингийн эргүүлэх авиа ч тэр чих баясгана.

" Та ажилдаа яваагүй юм уу? "
Би инээмсэглэн урдах сандалны түшлэгт өвдгөөрөө тулан хэлвэл сонингоосоо харцаа миллиметр хэртээ ч үл хөдөлгөх аав баруун гартаа барьж байсан цайгаа эргүүлж таваг дээр нь тавиад ,

" Эмчилгээндээ орсон уу? " гэв. Би хэчнээн аав намайг олж харахгүй ч толгойгоо сэгсэрч , " Үгүй ээ " хэмээн хариултал аав сониныхоо дараагийн хуудасруу эргүүлнэ.

Тэгээд жирийн нэгэн баргил хоолойгоор ,
" Эмчилгээндээ сайн ороод хурдан эдгэр " гэлээ.

Түүний энэхүү хүйтэн хөндий занд нь дассан ч цаагуураа санаа зовнилыг агуулж байгаа гэдэгт нь би итгэж , сэтгэлийг минь өвтгөж байсан бодлуудаа хажуу тийш болгон дахин инээмсэглээд , толгойгоо дохив.

" Ойлголоо , аав. "

Үйлчлэгч нарын зассан томоо ширээний нэг буланд суухдаа утсаа шалган урдаа тавьсан тавгатай хоолыг харвал өнгөгүй бараан зутан шөл байх нь тэр. Хажууд хагас толгойгоо гудайлган зогсох хоёр үйлчлэгчрүү би хандан ,

" Өөр хоол байхгүй юм уу? " гэтэл аль аль нь доош бөхийснөө ,

" Уучлаарай , өнөөдрөөс шингэн хоол өгөх ёстойг бидэнд захисан. " хэмээгээд , намайг үргэлжлүүлэн асуухаас өмнө хоолны өрөөлүү алхан ирсэн аав аягаа үйлчлэгчид өгчихөөд  ,

" Илүү дутуу юм асуух хэрэггүй. Ид гэснийг идэж , уу гэснийг уу. " гэлээ. Би чимээгүйхнээр урагш ширтээд , дахин толгойгоо дохин халбагаа атгахад , аав хоолойгоо засаад өрөөнөөс гарав.

Өрөө дахин чимээ аниргүйд автахад , би гүнзгий амьсгал аван хоолыг хурдтай идээд дууссан даруйдаа сандлаасаа сэрхийн босч , өрөөнийхөө нойлруу гүйн шахуу орох ба орсон даруйдаа нойлруугаа хамаг юмаа бөөлжин гаргалаа.

Аманд гашуун амт амтагдаж нүднээс нулимс урсахад хоолыг би муухай амттайд нь биш , гэдсэнд минь мэдрэгдэх тэр хачин мэдрэмжээс болж гарч байгаагаа мэдэж байв.

Шүлсээ хаяж усаа гүйлгэчихээд би толгойгоо барин хэсэг тэр байрандаа суулаа. Гэдэс минь хоосон болж , бие минь хүчээ алдахад би арайхийн газраас босч нүүр гараа хүйтэн усаар шавшив.

Тэгээд үсээ арагш нь самнавал гэнэт нэг зүйл сулраад явчих шиг боллоо.

Хийж байсан үйлдлээ шуудхан зогсоож , урдаас минь харах үхлүүт төрхтэй өөрийгөө ширтэв. Дараа нь аажуухнаар салганах гараа харахад , хамаг цус минь судсаар лугшин гүйхээ зогсох шиг л мэдрэгдэж байх нь. Хөл минь хүчээ алдан гулжганан , угаалтуураас зуурах тэрхэн мөчдөө хэрхэн амьсгалахаа ч мартах шиг. Угаалтуурын цоргоос урсах усыг гараа дагуулан дахин нэг шүршихдээ бүх зүйлийг угаагуурлуу тойрог хэлбэрээр урсахыг нь ширтэж , амаа чичигнэхийг зогсоохыг хичээнэ/

Үгүй ээ.

Одоохондоо болоогүй байна.
Одоо үхэхэд хэтэрхий эрт байна....

***

" Бид хүслээ шивнэх үү? "

Би баруун хөмсгөө өргөх зэрэгцээгээ түүнрүү толгойгоо эргүүлэн харав. Сүхён амандаа хийсэн зайрмагаа соронгоо урагшаагаа эгц харах ба наашаа харах төлөвгүй ,

" Зоос шидээд шивнэвэл биелэж магадгүй. " хэмээвэл түүний цаана салхинаас сэргийлэн жижигсэгсэн нүдээрээ түүнрүү харах Чанёол , " Бид гэхдээ усаэ оргилуурлуу шидэх ёстой биш бил үү? " гэтэл Сүхён түүнрүү муухай харав. Тэр хоёрын жижигхэн сөргөлдөөнийг чимээгүй ажигласан би нар жаргах зүгрүү буцан харж санаа алдахад хүйтэн сэвшээ салхи үсийг минь духанд наалдуулж байлаа.

Сүхён Чанёолд " Зүгээр дуугай бай " гэж яриагаа өндөрлөөд , халааснаасаа гурван зоос гарган ирэх бөгөөд бид хоёрын алган дээр тавьж гүүрний доодох хан мөрөнлүү харав. Тэгээд хамгийн түрүүлж усруу орсоных нь хүслийг биелүүлнэ гэх ба зэрэгцэн бид гурав доош шидвэл хамгийн эхэнд Сүхёний зоос усруу орох нь харагдлаа.

Чанёол толгойгоо сэгсэрч " За хурдан хүслээ хэл " гэвэл Сүхён инээмсэглэл дүүрнээр урт хар үсээ хуруун голдоо эргүүлж , хэлэх зүйлээ санасан аятай бид хоёрлуу сэжигтэй харц илгээв. Юу хэлэх гэж байгааг нь тааж ч амжаагүй байтал гэнэт тэрээр " Бид гурвыг хамтад нь амралтанд явуулж өгөөч! " хэмээн дэвэн дэлхийгээр нэг орилж орхилоо.

Түүний гэнэтийн хашхираанд би цочиж , харин Чанёол шууд л түүний амыг таглахдаа " Хөөе хөөе! шивнэнэ гэчихээд хашхираад байх юм. Тэглээ ч хэнээс наад хүслээ гуйгаад байгаа юм бэ? " хэмээн түүний гуйж хэлсэн байдлыг нь гайхшран асуув.

Амыг нь тагласан ч Сүхён аз жаргалтайгаар инээнэ. Түүний нүдний хажуу талд зураас гарч ирж нүд нь бараг л анигдчихав уу гэлтэй харагдах нь цаагуураа л өвөрмөц мэт.

Сүхёний түргэн хэл гэсэн яаравчлалаар Чанёол толгойд нь орж ирсэн эхний бодол мэт " Миний бүх хүслийг биелүүлж өгөөч " гэж баргил хоолойгоороо салхи сөрөн урагш хашхиран хэлвэл түүнийг харин Сүхён -хүслээ-хэлээгүй-байж-ямар-хүслээ-биелүүлэх-гээд-байгаа-юм гэсэн харцаар ширтэхийг нь бараг л хараад мэдэрч байлаа.

Хэсэг хугацааны дараа тэр хоёрын харц над дээр тусч миний бүх бодлыг сарниулна. Чанёол толгойгоо далийлган намайг тайван харцаар ширтэхэд , Сүхен миний гарыг нударч хэлээрэй гэсэн мэт толгойгоороо дохив.

Тэр хоёр миний хүсч байгаа зүйлийг хэнээс ч илүү мэдэж байгаа гэж би бодож байлаа. Гэсэн ч энэ удаа , би хэзээ ч биелэхгүйг нь мэдсээр байж биелэхийг хүсдэг тэр нэгэн хүслээ анх удаа сэтгэлийн гүнээсээ гаргаж дэлхийд сонсгов.

" Тэр өдөр би хэзээ ч тэр үгийг хэлээгүй байгаасай "

8 страница25 мая 2019, 10:35

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!