Part 23
Өглөө хэн нэгний намайг дуудах чимээнээр нүдээ нээвэл ганцаараа эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа.
"Тэхён?"
Намайг сэрээсэн сувилагчид хандан "Тэр хаачсан юм бэ?" гэж асуухад сувилагч мөрөө хавчин "Мэдэхгүй ээ, намайг өвчтөнд дусал залгахаар орж ирэхэд та өвчтөний орон дээр унтаж байсан" гэв.
Сонин л юм даа. Салхилахаар гарсан юм байх даа...
Түүнийг ойр хавьд байж болох газруудаар хайсан боловч олсонгүй. Түүнийг хаа нэг тийшээ ахиад хэл чимээгүй алга болчихсон байх вий гэх бяцхан айдас дотор минь төрч байлаа. Энэ үед энэ явдлын талаар хэнд ч хэлээгүйдээ харамсаж, тусламж гуйх хүн байхгүйгээс хойш эмнэлгийн хамгаалалтын албанаас түүнийг хайж өгөхийг хүслээ.
Яаж ч хайсан түүнийг эмнэлгийн ойр хавиас олоогүй тул хяналтын камеруудыг шалгахаар эмнэлгийн төрөл бүрийн буланг харуулах олон дэлгэцээр дүүрсэн өрөөнд орж ирлээ.
Бичлэгийг ухрааж байгаад өглөөний 6 цагийн үед хар малгайтай цамцаар царайгаа далдлан эмнэлгээс гарах гэж түргэн түргэн алхах залууг олж харлаа. Миний солих хувцастайгаа авчирсан цамц мөн байна!
Итгэхийг хүсэхгүй байсан болохоор хяналтын өрөөнөөс гүйж гаран түүний хэвтэж байсан өрөөнд орж ирээд шүүгээг ухахад миний хувцаснаас өөр зүйл үлдээгүй байлаа. Үгүй байлгүй дээ, тэр хамтдаа даваад гарна гэж амласан шүү дээ!
Газар сөхрөн унахад өөрийн эрхгүй нулимс хацрыг минь даган урсаж байлаа. Түүний утас руу залгахад өөдөөс ашиглалтанд байхгүй байна гэсэн хариу өглөө. Гэсэн ч бууж өгөхийг хүсээгүй тул яаралтай бүх зүйлсээ аваад эмнэлгээс гаран түүний гэр лүү явлаа.
Гадаа нь ирэхэд хашааных нь хаалга онгорхой байх ба дотор минь түүнийг энд байгаа гэх бяцхан найдвар асч байлаа.
Хашааны хаалгаар орон гэрийх нь хаалганы өмнө ирэхэд энэ хаалгаа ч дутуу хаасан байх нь тэр.
Ингэсэн нь хачирхалтай санагдаж, энэ ямар нэг хулгайч байх вий гэсэн айдас төрлөө. Гэсэн ч энэ хэрвээ тэр бол яах вэ? Түүнийг олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн үүдээр чимээгүй ороход эмэгтэй хүний инээх дуу дээд давхараас сонсогдлоо. Мина юу даа?
Удалгүй шатаар хөлний чимээ сонсогдоход сандран хажууд байх хувцасны шүүгээг онгойлгон дотор нь ороод хаалгыг аяархан хаалаа. Түүний минь үнэр үнэртэж байна...
"Мэдэхгүй ээ, хадам ээж ээ. Тэр ойрд үзэгдэхгүй байгаа. Өвдөлт нь хүндэрсэн бололтой"
Тэр утсаар яриад байгаа бололтой. Хадам ээж гэхээр Тэхёны хойд ээж? Яагаад ч юм сэжигтэй санагдаад байх юм.
"Тийм ээ, төмрийн бэлдмэл нь бараг л дуусчихсан байна. Миний бодлоор хүнд шатандаа орсон байх, энэ эмийг хоёр долоо хоногийн өмнө авчирсан байхад ийм хурдан дуусчихна гэхээр тэр өвдөлтөө дарах гэж нэг дор хэдэн ширхэгийг хэрэглэсэн байх"
Тэр яг юу яриад байгаа юм бэ? Түүний өвдсөнийг яаж мэдсэн юм бол?
"Санаа зоволтгүй ээ, хадам ээж ээ. Тэр ахиж компаниар үзэгдэхгүй байх, магадгүй эндээс удахгүй явна. Тэгэхээр TH эцэст нь таны хүүд очно"
Хүү гэхээр Тэхёны бага дүү? Энд яг юу болоод байгаа юм бэ? Хойд ээж нь тэгэхээр компанийг Тэхёны гарт байлгах дургүй гэсэн үү? Тэгэхээр арай албаар..
Цочролд орсондоо санамсаргүй уулга алдан хурдхан шиг амаа дарлаа.
"Хүлээгээрэй, хадам ээж ээ. Би нэг зүйл сонсох шиг боллоо" гэсээр түүний алхаа нааш чиглэх нь сонсогдлоо. Бурхандаа залбирсаар амьсгаагаа түгжин зогсоход тэр яг хаалганы наана ирснээ буцаад цааш алхлаа. "Хий юм сонссон бололтой. Тэгэхээр бидний ажил бүтэмжтэй болсон гэж тооцоод та амласан зүйлээ бэлдэж байгаарай"
"Заа хадам ээж ээ, тэгвэл удахгүй уулзъя" түүний хоолой нялуун, сэжиг хүрэм сонсогдож байлаа. Новшийн хүүхэн, Тэхёны өвчин яах аргагүй үүнтэй холбоотой, түүнийг олчихоод түүнд ийм зүйл хийсэн хүмүүсийг яасан ч өршөөхгүй дээ.
Түүнийг хаалгаар гарч явсны дараа нуугдаж байсан шүүгээнээсээ гарч гал тогоо руу нь ороход ширээн дээр хайрцагтай зүйл байлаа. Дээрээ төмрийн бэлдмэл гэсэн бичигтэй байх ба дотор нь хэдхэн ширхэг үлдсэн байлаа.
Энэ яавч зүгээр биш гэж бодон нэг ширхэгийг нь аван цүнхэндээ хийлээ. Гарахынхаа өмнө түрүүний нуугдаж байсан шүүгээнээс түүний том малгайтай цамцыг аваад дээгүүрээ өмсөн гарлаа. Ядаж л ингэж түүний хаа нэгтэй зүгээр байгаа гэдэгт итгэмээр байна.
Гэрээс гаран явж байтал утас дугаран түүнийг байж магадгүй гэсэн итгэл дүүрэн харцаар дэлгэц рүүгээ харахад өчигдөр хэд хэд залгасан байсан танихгүй дугаар байлаа.
"Байна уу?"
"Байна, Ким Ханна мөн үү?"
"Тийм ээ, хэн бэ?"
"Сайн уу, би Ким Сокжин байна, таньж байна уу?"
"Жин?"
***
Тэрний уулзъя гэсэн газар ирэхэд тэр цонхон талын ширээнд суун хүлээж байлаа.
Түүн дээр очин "Удаан хүлээсэн үү?" гэж асуухад тэр "Үгүй дээ, сая л ирсэн" гэв.
Ахлах ангид байснаасаа нэг их өөрчлөгдөөгүй байх бөгөөд илүү эрэгтэйлэг төрхтэй болжээ.
Тэр над руу нухацтай харан "Тэхёнтой сүүлд уулзсан уу?" гэж асуухад гэнэтийн асуултанд нь бага зэрэг түгдрэн "Үгүй ээ. Яагаад уулзна гэж?"
"Зүгээр л түүнийг гэнэт сураггүй алга болчихоор нь арга ядаад чамаас асууж байгаа юм л даа. Тэхёныг саяхан компаний суудлаас татгалзаж чамд өгсөн гэж сонссон"
"Тэрийг би ч гэсэн сайн ойлгохгүй байгаа. Чи эхнэрээс нь асууж үзсэн үү?" гэхэд түүний царай барайж "Тэд хэзээ ч дотно байгаагүй. Бидэнд энэ хүчээр хийсэн гэрлэлт гэдэг нь илт байсан. Бас би Мина болон түүний гэр бүлийхэнд итгэдэггүй. Яагаад чамд үүнийг хэлж байна гэхээр Ханна үнэндээ чамаас хойш Тэхён шаал өөр хүн болчихсон. Бидэнтэй холбоогоо таслаж, мөнгө компаний төлөө улаардаг болчихсон. Миний бодлоор тэр одоо ч чамд сайн, үгүй ээ сайн гэх ч багадна хайртай" гэв.
Тэр хэсэг цонх руу харан санаа алдсанаа "Үнэндээ чамайг Жонгүгтэй сүй тависан гэдгийг чинь сонсоод би чамайг үзэн ядаж байсан. Тэхёныг хүртэл бүх зүйлийг хаяад шинээр амьдралаа эхэл гэж ятгах гэж оролдсон ч тэр тэнэг хэзээ ч миний үгийг сонсохгүйг би мэднэ ээ" гээд гунигтай инээмсэглэв.
"Үнэндээ түүний компани, мөнгө, эрх мэдэл гэж улайрсан нь ч бас чамтай холбоотой байсан. Тэр согтуудаа надад ам алдчихсан. Аав нь Хан корпорацитай ашигтай хэлэлцээр хийхийн тулд түүнийг Минатай сүй тавиулна гэж шийдсэн харин Тэхён татгалзахад аав нь чамаар оролдоно гэж сүрдүүлсэн. Тэгээд л тэр аргагүйн эрхэнд аавынхаа хэлснээр хийж оронд нь түүнээс бүх зүйлийг нь булааж авахыг хүссэн, чамайг хамгаалж, чамд хэн ч хүрч чадахааргүй болгох гэж. Гэтэл гэнэт чамайг Жонгүгтэй хамт байгаа гэдгийг мэдээд тэр хамаг амьдрах эрч хүч, зорилгоо алдчихсан. Үүнийг надад ярихдаа тэр хичнээн цөхөрсөн байсан гээч. Хэдий үзэн ядсан ч тэр тэнэг чамд ухаангүй хайртай байсан" гэв. Нүднээс минь тасралтгүй нулимс урсаж, түүний өмнө хичнээн их буруутай болохоо мэдэрч байлаа.
"Үнэндээ найз минь хүнд байдалд байхад чамайг одоо ч өөр эртэй жаргалтай байгааг бодохоор уур хүрч үзэн ядаж байна. Гэхдээ надад үнэхээр энэнээс өөр арга алга"
Би арай хийн чичирхийлсэн хоолойгоо даран "Наадах чинь юу гэсэн үг юм?"
Гэхэд түүний нулимстай нүд маш ноцтой ямар нэг зүйл болсон гэдгийг хэлж байлаа. Эцэст нь түүний хацраар нулимс урсахад "Тэхён удахгүй үхнэ" гэх нь тэр.
Дотор минь харанхуйлж, саяны сонссон зүйл минь үнэн эсэхэд эргэлзэж байлаа. "Ю-Юу г-гэсэн үг юм?!"
"Ходоодны хорт хавдар сүүлийн үе шат. Бусад эрхтнүүдээр тархаж эхлэсэн. Эмчлэх арга байхгүй" тэр үүнийг хэлэхдээ уйлж байлаа. Багын найз нь ийм байдалд орчихсон байхад хэн зүгээр сууж чадна гэж?
Тэр духаараа алгаа даран уйлж буй төрхөө даран "Чи хүн мөн үү? Яагаад найзад минь ийм хатуу хандаж байгаа юм бэ? Тэрний амьдрал анхнаасаа л там шиг байсан. Гэтэл чи гэнэт гарч ирээд түүнд өчүүхэн аз жаргал мэдрүүлчихээд амьдралыг нь өмнөхөөс нь ч дор там болгоод хаячихсан. Гэхдээ юу гээч? Яг одоо би өөрийгөө хэнээс ч илүү үзэн ядаж байна. Найз нь мөртлөө хийж өгч чадах зүйл байхгүй, хэд хоног бодсоны эцэст, чамаас түүнийг сүүлийн өдрийг нь хүртэл хамт байж, түүнийг аз жаргалтай байлгаж өгөөч гэж гуйж байгаа өөрийгөө үзэн ядаж байна"
Нулимсаа барих гэж оролдсон ч бүтэлгүйтэн чичирхийлсэн хоолойгоор түүнд хандан "Жин. Би Тэхёныг хаанаас ч олж чадахгүй байна. Тэр юу ч хэлэхгүй хаашаа ч юм явчихсан" гэлээ.
"Тэгэхээр та хоёр хамт байсан юм уу? Яагаад надад сая худлаа ярьсан юм?"
"Зүгээр л итгэж болох эсэхээ мэдэхгүй байсан юм. Тэр гэрийн минь гадаа хагас ухаантай хэвтэж байсан, цусаар ханиалгасан, энэ хугацаанд би юу ч ойлгохгүй явж байсан үнэхээр тэнэг юм. Жин одоо яах вэ? Тэр үүнийг хүртэх ёсгүй шүү дээ! Над руу өвчинг нь шилжүүлж болохгүй юу? Түүнд хагалгаа хийгээд миний бүх хэсгүүдтэй солиод өг тэгэх үү? Гуйя түүний авар л даа, Жин!" нулимс зогсоо зайгүй нүднээс минь урсана.
"Ханна ухаантай бай гуйя. Одоо бидний хийж чадах хамгийн зөв зүйл бол түүнийг аз жаргалтай байлгах. Түүнийг олох хэрэгтэй, эсвэл тэр үхэн үхтлээ тарчиласаар байх болно. Түүний хавдараас боломжтой хэсгүүдийг хагалгаагаар авбал тэр илүү удаан амьдарна. Гол нь түүнийг тайван, жаргалтай байлгах хэрэгтэй." гэлээ.
"Жин энэ бүхэн Чүэ Мина гэх тэр хүүхнээс болсон" цүнхнээсээ өнөөх бэлдмэлийг гаргаж ирэн түүний өмнө тавиад "Энэ зүйл яах аргагүй түүний өвчинтэй холбоотой" гэхэд Жины царай өөрчлөгдөж "Тийм ээ, энэ байх ёстой. Түүний хэрэглээд байсан бодис энд л байх ёстой!" тэр хувцсаа шүүрч аваад "Би яаралтай үүнийг шинжлүүлэх хэрэгтэй байна. Хариу нь гарахаар хэлье" гэсээр гүйгээд гарлаа.
***
Гудамжинд олон зуун хүн хажуугаар зөрөлдөж, хэдэн сая одод биднийг дээрээс гэрэлтүүлж байгаа ч миний гэх ертөнц түүнгүйгээр дэндүү хоосон бас харанхуй оргино. Цаг хугацаа бүхнийг авч оддогийн жамаар түүнийг минь ч авч явахаар заналхийлнэ. Цаг хугацаа хүртэл түүний төгс төгөлдөр байдалд шунаж өөртөө авахыг хүсч байдаг, хэтэрхий шударга бус юм. Аз жаргалыг хангалттай ч мэдэрч чадалгүй, харгислал, шунал, хорон санааны золиос болсон тэр өрөвдөлтэй залуу яагаад эцэст нь жаргалтай амьдарч болохгүй гэж?
Хүн гэдэг үнэхээр сул дорой амьтан юм. Ойлгоход ч хэцүү зүйлийг мэдэрдэг хэрнээ хийж чадах зүйл нь тоотой хэдэн дусал нулимс урсгахаас өөр юу ч үгүй.
Хайр хүнийг юу ч хийж чадахаар болгодог гэдэг нь туйлын үнэн юм. Түүний алдсан бүхнийг буцаахын төлөө дэлхийн хамгийн чадварлаг эрдэмтдийг цуглуулж, шинжлэх ухааны бүх номыг судалж цаг хугацааны машин бүтээхийг хүснэ. Гэвч бас л цаг хугацаанд энэ бүхэн баригдаж дуусдаг нь дэндүү харамсалтай юм.
Хаана байгаа бол? Даарч байгаа болов уу? Хоол идсэн болов уу? Хаа нэгтээ өвпөлтөндөө шаналан хэвтэж байгаа бол яах вэ?
Гуйя, Тэхён... Буцаад ир л дээ...
