14 страница29 апреля 2026, 14:55

Haruka & Kyo & Hatsuharu

[Олон гол дүртэй болно]

[Haruka Nanase- Free! Iwatobi swim club
Kyo Sohma, Hatsuharu Sohma- Fruit basket]

MY ETERNAL LOVE

Haruka x Original character

Kyo x Toru

Hatsuharu x Lin | Episode.14

~~~

4d8044cdb798a587392a065309eaa4a3.jpg

[AUTHOR POV]

"Хөөе Харү-чан энэ хувцас ямар байна?" Мисаки шинээр авах гэж байгаа ягаан торготой усны хувцсаа урдаа барьсаар ийн хэлчхээд Харүг харж амжихаас өмнө өөрөө эхлээд толинд харах аж.

Харүка төв царай гаргасаар "-Сан эсвэл -Чан битгий залга гээд байхад" хэмээн амандаа үглэхэд Мисакид бол огтхон ч хамаагүй бололтой сонсоогүй юм шиг жүжиглэн "Яалт ч үгүй нил ягаан нь гоё юм шиг байна тийм ээ?"

Тэр сандал дээр тавьчихсан нил ягаан усны хувцас руугаа нэг, одоо барьж байгаа ягаан усны хувцас руугаа нэг харж байгаад удалгүй санаа алдаад "Гэхдээ Харү-күнийх шиг хар, нил ягаан хосолсныг авмаар байх юм"

"-Күн ч бас битгий залгаад бай" Харү санаа алдчихаад "Надад бол аль нь ч зүгээр харагдаж байна"

"Дандаа яг адилхан усны хувцас л авдаг хүн тэгж л хэлнэ л дээ." Мисаки шоглонгуй үглэчхээд өөр хувцас сонгохоор шийдэв бололтой усны хувцасны тасаг руу зүглэх агаад Харү харин юу ч болоогүй юм шиг царайлсаар сандал дээр суун үлдэх аж.

Харүка одоог хүртэл яагаад Мисакиг ингэтлээ удаан хувцсаа сонгохыг хүлээдгээ гайхаж байгаа нь илт, Мисакиг хөх өнгийн усны хувцас барьсаар ирэх үед шанаагаа тулчхаад их л хүнд санаа алдав.

"Хурдал л даа, би сэлмээр байхад"

Мисаки инээд алдчихаад усны хувцсаа урдаа барьж үзэн, нэлээд удаан харж зогссоноо "Шийдлээ."

"Наадхаа авах гэж байна уу? Болно оо, хөөрхөн байна. Явцгаая" Харүка яарсаар сандлаас босоод касс руу зүглэх гэхэд нь Мисаки "Өнөөдөр дэлгүүр хэсэх өдөр биш байна. Ерөөсөө гоё харагдахгүй байх юм... Маргааш дахиад ирцгээе"

Харүка бүр сүнсгүй болчихсон юм шиг залхсан царай гаргасан ч, Мисакиг тэгтлээ их хайрладаг болохоор үгүй гэчхэж чадсангүй хөнгөхөн инээмсэглэсээр "Т-т-тэгье дээ" хэмээн сулхан хариуллаа.

Үнэндээ одоог хүртэл Харүка хэн нэгэнд ингэтлээ дурлаж үзээгүй юм. Тэр хэн нэгэнд биш, харин усанд хамаг сүнсээ шингээн дурлаж, устай холбоотой бүх зүйлсийг гайхмаар их нандигнадаг байсан.

Тэгээд нэг л өдөр тэр ус шиг гялалзах үнэ цэнэтэй оршихуйг олж харсан юм. Усан спортын хаврын тэмцээн дээр охидын багийн уралдааныг үзэж байгаад анх удаа Мисакиг чөлөөтөөр сэлж байгааг харахдаа Харүка яг л дахиад нэг удаа эрх чөлөөгөө олчихсон юм шиг мэдрэмж мэдэрсэн.

Харцаа ганц ч хором салгаагүй, сэлж дуустал нь амьсгалаа ч авч чадаагүй тэр мөчид Харүка жинхнээсээ дурлаж үзсэн юм.

Ус болон Мисаки. Хоёр хэсэг сонсогдож байгаа ч, хоёулаа хайраар нэгдэж түүний сэтгэлд хүрдэг болохоор, хоёр биш нэг үнэ цэнэтэй оршихуй гэж Харүка бодох дуртай.

Гэхдээ л яах аргагүй, Харүка охидтой яаж харьцах талаараа мэддэггүй.

"Харү-күн, хар даа! Торү-сэнпай явж байна!"

Мисаки сургуулийн үүдэнд ирэхдээ ийн хашхираад, урагш заах бол Харүка дахиад л нэрнийх нь ард '-күн' залгасан тухай уурлах гэж байсан ч энэ удаад тоохгүй байхаар шийдсэн бололтой толгой дохисоор "Тийм байна"

"Мисаки!!" Торү ч аль хэдийн Мисаки Харүка хоёрыг анзаарчхаад хашхирах ба, түрүүхэн харагдахгүй байсан Кёо Торүгийн ардаас гарч ирэх харагдана.

Тэд хамтдаа амралтын өдрөөр юу хийх тухайгаа нэлээд удаан ярилцаж зогссоны эцэст Торү Кёо хоёр давтлагадаа орохоор явж, харин Мисаки Харүка хоёр сургуулийн арын хашаан дахь бассейнийг зүглэх аж.

Харү бассейний хажууханд ирмэгцээ өмд, цамцаа тайлж эхлэх ба үргэлж өмдөн дотроо усны шорт өмсчихсөн байдаг учраас шуудхан бассейн руу үсрэн оров.

Нарны дулаахан илчинд гялалзах устай цуг түүний гар хөл зэрэгцэн давалгаалж, усны цацрах чимээтэй цуг Харүкагийн амьсгалаа хурдан гэгч нь авах чимээ нь Мисакигийн хувьд хамгийн том жаргал байлаа.

Харүка нөгөө тал руу сэлчхээд эргээд ирэхдээ одоо ч өөрийг нь ширтээд хөдөлгөөнгүй зогсох Мисакиг анзааран "Чи яагаад орохгүй байгаа юм?"

"Усны хувцас аваагүй юм чинь" Мисаки цүнхээ газар тавиад, доош явган суух ба Харүка харин бассейний шатнаас барин Мисакиг доороос ширтэнэ.

"Хуучнаа яачихсан юм?"

Мисаки бүр тэсэн ядаж байсан аятай Харүкагийн нойтон үсээр түрэгхэн гараа гүйлгээд "Гэртээ орхичихсон" гээд инээмсэглэхэд Харү гайхсан аятай ширтэх аж. Гэсэн ч тэр хоёрын нүдэнд огторгуй багтчихсан юм шиг л гялалзсаар л байлаа. Бие биенийгээ ингээд ширтэх үнэхээр том жаргал аятай ширтэлцсээр л байна.

Харүка Мисакигийн нүднээс юу олж хардгаа өөрөө ч мэдэхгүй хэр нь хэзээ ч харцаа буруулж дөнгөдөггүй. Өөрийнх нь ч ойлгохооргүй тийм том ертөнц Мисакигийн нүдэнд нуугдаж байна уу гэлтэй харах бүрт гялалздаг төрхөнд нь Харүка ховстуулчихсан аятай л байдаг.

Яг ингээд ширтчихвэл бүх зүйл аюулгүй болчих юм шиг. Ертөнц зөвхөн тэдний төлөө эргэж, амьдрал зөвхөн тэдний хөл доор амьсгална гэж итгэх аятай. Хоёулханаа гацчихдаг жижигхээ ертөнц.

Харүка нэлээд удаан Мисакигийн нүднээс ямар нэг зүйл хайх мэт ширтэж байснаа гэнэт Мисакигийн гарнаас барьж авсаар "Тэгвэл өөр арга алга даа" гэчхээд шууд ус руу татаад унагаж орхих нь тэр.

Мисаки цочирдон гэнэт ус руу уначихсан болохоор сандарсандаа баахан ус залгих ба, дүрэмт нь усанд нороод үл ялиг хүнд санагдаж эхлэхтэй зэрэгцэн Харүка бэлхүүснээс нь түшин толгойг нь дээшлүүллээ. Мисаки шууд л гүнзгий гэгч нь амьсгаа авах агаад, арай ухаан ороод эхлэхдээ Харүкаг цохин "Чи чинь тэнэг-"

Мисаки үгээ дуусгаж ч амжаагүй байтал Харүка түрүүнээс хойш тэсэж байсан аятай хурдхан уруул дээр нь хөнгөхөн үнсчхээд "Чи өөрөө тэнэг."

***

0091540cdee5555ee87401d777e25a9b.jpg

[KYO POV]

"Энийг би ойлгохгүй байгаа юм" би үзгээрээ бодлого руугаа заасаар Торүтай нэлээд ойртон суух бол тэр түрэгхэн бодлогыг минь харчхаад "Аан, энэ бодлого.."

Тэр өөрийнхөө яриаг тасалснаа санах гэж хичээж байгаа бололтой нүдээ үл ялиг нарийсгана. Тэгээд удалгүй "Хүлээж байгаарай, би бодсон юм шиг байна" гээд математикийнхаа дэвтрийг эргүүлж эхлэх аж.

Бид хоёр хоёулаа математикийнхаа шалгалтанд уначихсан болохоор ингээд давтлагаад сууж байгаа юм. Өөр хоёр гурван сурагч байгаа ч гэсэн бид хоёроос бусад нь бараг л юм ярихгүй байх ба, багш ч хааяа хааяахан орж ирж байгаа болохоор анги ер нь л чимээгүй байв.

Торү нэлээд хэдэн хуудас эргүүлсний эцэст бодлогоо олов бололтой зогтуссанаа "Энд байна" гэсэн ч намайг харахаар өндийх үед түрэгхэн гараараа далдалж орхих нь тэр.

"Яасан бэ?" Би гарыг нь холдуулахаар гаранд нь хүрсэн ч тэр бүр надаас зай барин холдоод "Үгүй ээ- Уучлаарай, биш байна."

"Юу юм бэ? Харуулчих аа" гээд инээд алдсаар Торү рүү тонгойж байтал гэнэт сандалны хөл нэг зүйлд тээглээд би Торүгийн дээр унаж орхилоо.

Тэр хойш огцом унасан ч би толгойг нь гэмтээхгүйн тулд гараа толгойн ар хэсгээс нь барьж амжив. Торү дэвтрээ энгэртээ чанга гэгч нь наагаад, нүдээ тас аних бол би харин инээд алдсаар "Уучлаарай"

Торү нэлээд цочсон бололтой нүдээ нээгээгүй ч толгойгоо хөнгөхөн дохих ба би тайвшруулах санаатай духан дээр нь хөнгөхөн үнсээд "Зүгээр үү?"

"Та хоёр чинь юу хийж байгаа юм?!"

Гэнэт эрэгтэй багшийн айхтар ууртай дуу ангиар хадахад Торү бид хоёр хоёул цочисхийгээд, түрэгхэн өндийвөл багш хоёр гараа ташаандаа авчхаад нэлээд хөмсгөө зангидсан харагдана.

"Юу гээч замбараагүй үйлдэл хийгээд байгаа юм! Ёстой нэг" гэсээр тэр гартаа барьчихсан журналаа ширээн дээрээ хүндхэн тавих бол би Торүг түшсээр газраас бослоо.

"Та хоёр үргэлж ингэж байх юм! Сахилга батын өрөө рүү оч!"

"Гэхдээ-" Би тайлбарлахаар амаа нээсэн ч багш таслан "Гэхдээ гэж байхгүй! Яг одоо" Тэр хаалга руу заасаар "Сахилга батын өрөө рүү!" хэмээн хашхирлаа.

Давтлаганд сууж байгаа хүүхдүүд бүгдээрээ жиг жуг хийлдэн инээлдсэн ч үнэндээ би дотроо Торүтай хоёулханаа үлдэнэ гэхээс баярлаж байсан юм. Гэхдээ Торүд тийм ч сайхан биш байгаа бололтой урвуу царайлсан байх ба, багшийг дахиж зандарч амжихаас өмнө би Торүг хөтөлсөөр ангиас гарлаа.

"Уучлаарай, дахиад л сахилга батын өрөөнд суух хэрэгтэй болчихлоо."

Торү түрэгхэн толгой сэгсрээд "Үгүй дээ, зүгээр. Кёо-күнтэй цуг байх юм чинь" гэхэд нь би хальтхан инээмсэглэлээ.

Бид хоёр сахилга батын өрөөний үүдэн ирчхээд, хаалганы жижигхэн цонхоор шагайвал дахиад л өнөө ууртай, тарган багш сууж байхыг хараад санаа алдаж орхив. Жинхэнэ утгаараа сахилга бат сахиулдаг багш байгаа юм, юу ч яриулахгүй, юу ч хийлгэхгүй. Тэгээд үгэнд нь орохгүй бол жигтэйхэн уурлаж, шийтгэдэг болохоор бүх хүүхдүүд түүнд дургүй байдаг. Торүгаас бусад нь.

Тэр хэн нэгнийг үзэн ядах дургүй- үгүй ээ, үзэн ядаж чаддаггүй төрлийн хүн.

Би дөнгөж хаалгыг татаад дотогш ортол багш над руу айхтар ширүүн харц шидсэнээ, Торүг хараад шуудхан харцаа зөөллөх аж. "Өө, Торү! Дахиад ирчихсэн үү? Энэ хүүгээс болоод нээрээ.." тэр над руу дахин муухай харах бол би зүгээр л нүдээ эргэлдүүллээ.

Торү доош бөхийгөөд "Өдрийн мэнд, багшаа" гэхэд багш баяртай нь аргагүй инээмсэглэв.

"Хөөе Кёо, Торү!" Гэнэт гайхмаар танил хоолой бид хоёрын нэрийг дуудахад цочисхийсээр хажуу тийш харвал Хацүхарү, Лин хоёр зогсож байх нь тэр.

Тэр хоёр ч бас шийтгүүлчихсэн бололтой. Инээд хүрмээр ч юм шиг.

Лин богинохон үсээ хойш нь боогоод, нүднийх нь урдуур унжчихдаг үсээ харин хойш нь хар хавчаараар хавчсан байх бол, Хацүхарү үргэлж зүүдэг ээмгээсээ арай өөр өнгөтэй ээмэг зүүсэн байх аж.

Лин түүнд авч өгсөн бололтой.

"Хацүхарү! Лин!" Торү тэднийг хараад их л баярлан дуудчихаад, хурдхан шиг Линг тэвэрч авах бол би зүгээр л мэнд мэдэх аятай толгой дохилоо.

"За зогсоод байлгүй орцгоо!" Багш хаалгаар багтаж ядан гарч ирснээ, гартаа барьчихсан ташуураа бид нар луу чиглүүлэхэд би Торүг ташууранд нь өртчих вий гэсэндээ түрэгхэн өөр лүүгээ татаж амжлаа.

"Түр хүлээгээрэй, ямар зугтах гэж байгаа биш" гэж Хацүхарү хэлээд, Линийг мөрөөр нь тэврэхэд түүний хэтэрхий хэнэггүй зан багшийн уурыг хүргэв бололтой тэр ташуураа Лин рүү чиглүүлээд ташуурдахад Торү Лин хоёр зэрэг нүдээ тас аних аж.

Удалгүй ташуурны тасхийх чанга чимээ коридороор хадсаны дараа Лин өвдөлт мэдрээгүйдээ гайхан нүдээ нээх агаад Хацүхарү өөрийг нь хамгаалах гэсэндээ урдуур нь ороод ташуурдуулчихсныг хараад нүд нь томорлоо.

"Зүгээр үү?" Хацүхарү одоо ч Линий мөрөөр тэвэрсээр хэлэх ба, би багшийн ашиггүй хэрцгийллийг тэвчээгүйдээ "Арай хэтэрч байгаа юм биш үү?"

Торү боль гэсэн шиг гарнаас чанга атгасан ч би тоосонгүй хоёр гараа халааслаад "Угаасаа энд хийгээд байх зүйл байхгүй байтал битгий өөрийгөө хэт дээгүүр үнэл."

"Юу гэнэ ээ???"

"Кёо-күн боль л доо"

Торү гарнаас татангаа шивнэхэд би эргэж харан, тэндээс явахаар зүглэхдээ "Өнөөдөртөө алгаслаа"

Багшийн бачимдан уурлах чимээ ард сонсогдсон ч би Торүгийн гарнаас хөтлөөд бараг л чирэх шахам тэндээс холдов.

"Яаж байгаа юм бэ? Маргааш илүү их загнуулна шүү дээ"

"Чи хажууд байх болохоор айхгүй байна" Би түүний духан дээр хөнгөхөн үнсчихээд "Миний айдсыг үргээгч сахиус, амьдралыг тэтгэгч мөнхийн ус минь чи байхад хэдэн багш нарт загнуулах юу ч биш шүү дээ"

Тэр ичсэн бололтой шоглоомтойгоор инээд алдсанаа бэлхүүсээр минь гараа оруулан удаанаар тэврээд гүнзгий амьсгаа авах аж. "Баярлалаа, миний хажууд байсаар байдагт. Хайрласаар байдагт"

Би зөрүүлж тэврэхдээ эрүүгээ толгойн дээр нь тавилаа. Үргэлж яг миний энгэрт л тэврүүлэхгүй бол болдоггүй энэ жижигхэн охин үнэхээр миний амьсгалах агаар, амьдрах шалтгаан болдог бололтой. Хачирхалтай юм шүү, өөрийнхөө амьдралаас илүү түүнд хайртай байгаа нь.

Тэр үргэлж миний дутууг нөхөсөөр ирсэн. Яг сэтгэл дотор нэг юм бөглөрөөд, яаж ч хичээсэн амьсгал авч чадахгүй болох үед тэр харцаараа намайг эдгээдэг цор ганц оршихуй. Өөр хэний ч нүдэнд өртүүлэхийг хүсэхгүй байна, түүний гялалзаж байгаа жижигхэн зүрхийг нь.

Надад л харагддаг байхад болно.

"Чамд ч бас баярлалаа."

***

e9ae97761f01db7544d5643d27edc942.jpg

[LIN POV]

"Эмнэлэг явах хэрэгтэй гэж бодохгүй байна уу?"

Бид сургуулийн хойно байрлах шатан дээр сууцгаах ба, би түүний ташуурдуулчихсан шархыг спиртээр арчин цэвэрлэсээр санаа зовонгуй хэлэх бол тэр эсэргүүцэн толгой сэгсрээд "Зүгээр гээд байхад"

Бараг л нүдээ эргэлдүүлэх шахсан ч би зүгээр л санаа алдаад өнгөрлөө. Үргэлж ийм зөрүүд байх юм аа, уг нь тэгтлээ зөрүүд биш байсан л юмсан.

"Ганцхан удаа ч болов үгэнд ороод-"

Би түүнийг дахин эмнэлэг ороод боолт наалгуулчих гэж хэлэхээр амаа нээсээ ч тэр гэнэт уруул дээр минь үнсэж орхилоо. Хацүхарү нэг гараараа толгойн ардаас бариад, харин нөгөө гараараа шатны ирмэг түшсээр бидний үнсэлт нэлээд удаан үргэлжилсний эцэст тэр надаас үл ялиг холдоод "Чи цэвэрлээд өгчихсөн байхад болно"

"Яагаад хүний үг сонсохгүй-"

Тэр дахиад л үгийг минь таслан хальт үнсчихээд жаахан холдсон ч амьсгал нь одоо ч хацар шүргэх аж.

"Эдгэрчихлээ"

"Юу яриад байгаа юм?"

Тэр өндийгөөд сааралдуу үсээ хальт хойшлуулчхаад "Чамайг үнсчихсэн болохоор эдгэрчихлээ."

Би төв царай гаргасаар түүн рүү хачин харах бол Хацүхарү үнэхээр итгүүлэх гэж хичээхээр шийдсэн бололтой ташуурдуулсан шархан дээрээ хөнгөхөн дарсаар "Харав уу? Өвдөхгүй байна"

"Худалч" гэж би түүнийг үгээ дуусгамагц хэлсэн ч түүний гэмгүй царайг хараад тэсэлгүй инээд алдчихаад урагш тонгойн хацар дээр нь үнсээд "За, тэгвэл харьцгаая"

Яагаад энэ үг тэгтлээ нандин санагддагийг мэдэхгүй ч, тэр хамт байх болохоор хэзээ ч хэлэхээсээ айдаггүй бололтой. Хаана ч байсан гэр гэх газар санаанд оромгүй төсөөлөл байдаг байсан юм, эцэг эхийнхээ дургүй хүүхэд нь болж өсөөд, бүхнийг хараалыг хүртдэг байсан болохоор.

Амьдрах хүсэл өдөр бүр буурдаг байсан ч тэр гарч ирснээр зүгээр л ганцхан шалтгаан байвал амьдарч болно гэдгийг ойлгосон.

Тэр миний өвлийн дулаахан шөнө. Хэзээ ч дааруулахгүй гээд дулаахнаар хучдаг хөнжил, ядраахгүй гээд хажууд байж өгдөг халуун кофе.

Хайртай гэж хэлэх бүр хэтэрхий багадмаар тийм их хайртай. Энэ хүний гэсэн бүхэнд, энэ хүнтэй холбоотой гэсэн бүхэнд.

Юу ч үгүй надад бүхнийг өгсөн болохоор хамт байх үедээ би өөр юунаас ч жаргалыг мэдрэхээр яардаггүй.

Тэр миний нүгэл байсан бол би үүрд энэ нүглийг үүрч амьдрахдаа бэлэн байх болно. Тэр миний өвөл болвол би сүүлчийн амьсгалаа хүйтэн агаарт нь шингээх хүртлээ хажууд нь байх болно.

Хацүхарү хөнгөхөн толгой дохичхоод босохоосоо өмнө хальтхан духан дээр минь уруулаа хүргэх аж.

"Тэгье, харьцгаая."

Хацүхарү. Миний гэр. Миний хайр. Миний гэсэн бүхэн.

***

A/n-Удааж оруулсанд үнэхээр их уучлаарай 🥺🙏 Уг нь арай эрт оруулах ёстой байсан юм, зөндөө олон зүйлс болоод засвар хийх ёстой байсан юмнуудаа мартаад, эрт оруулж чадсангүй ээ 🙏

Бас зургаан дүрээ яг нэг дор гаргачихъя гэж бодсон ч, яг миний бичихийг хүсдэг дүрүүд минь байж таарсан болохоор 3 хэсэг хуваагаад мэдрэмжүүдийг жаахан жаахнаар оруулаад биччихсэн байгаа шүү~

Захиалга өгсөн хүндээ маш их баярлалаа!!! Таалагдсан гэж найдъя! Сэтгэгдлээ заавал үлдээж өгөөрэй. 🥰

14 страница29 апреля 2026, 14:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!