13 страница29 апреля 2026, 14:55

Tsukishima Kei

PROMISE

Tsukishima x Original character | Episode.13

[Haikyuu!!]

|||

"Бид үргэлж найзууд байх болно. Хэдэн ч өдөр, хэдэн ч жил өнгөрсөн бай хамаагүй" Цүкишима чигчийгээ гозойлгосоор хэлэхэд нь би инээмсэглэн толгой дохихдоо өөрийнхөө чигчийг хурууг түүнийхээр ороосоор "Үргэлж хамтдаа байна" хэмээн шивнэлээ.

Тэр жаргалтай гэгч нь инээмсэглэл тодруулсаар, үргэлжлүүлэн юу тоглох тухайгаа бодон хөлөө савлан суух агаад би харин юу ч бодохыг хүсээгүйдээ зүгээр л тэртээд харагдах хөх далайг ширтэнэ.

Тэгээд ямар ч тоглоомын санаа орж ирээгүй болохоор эцэст нь бид юу ч тоглохгүйгээр шийдээд, хамтдаа далайн зүг удаан гэгч нь ширтэн суусан юм. Үргэлж мэдрэгддэг энэ дулаантай цуг, хэзээд харагддаг тэр далайтай хамт.

Дахиад тэгж суумаар байна.

Яг тэр өдрийн орой гэр бүл маань гэнэт нүүхээр болчихсон. Тэр тухай мэдчихээд сөхөө орж ч амжаагүй байхдаа төрөлх гэрээ ардаа орхиод, анхны дулаан дурсамжаа ардаа тээж үлдээгээд холын хол явчихсан.

Дахиж түүнийг харж чадаагүй. Дахиад хамтдаа суугаад тэнэг зүйлсийн тухай ярьж чадаагүй. Саяхан хажууд байсан жаргал минь хэдхэн хоногийн дараа дотор арзайлгам харуусалтай дурсамж л болоод үлдчихсэн.

Гэхдээ би хэзээ ч мартаагүй юм, түүнд өгсөн анхны амлалтаа.

***

"За Асами, шинэ сургууль чинь" Аав машинаа гурван давхар өндөр, нэлээд урт барилгын хашааны урд зогсоосоор ийн хэлээд хойш над руу харах бол би сандарсандаа зүгээр л толгой дохилоо.

Шинэ сургууль. Шинэ сургууль.

Амандаа ийн ахин дахин давтсаар удаанаар амьсгалаа гаргачхаад машинаас буухдаа "Я-явчхаад ирье" гэхэд аав харин инээмсэглэн толгой дохиод "Явчхаад ир"

Би цүнхнийхээ хоёр оосроос тас атгасаар шинэхэн сургууль руугаа зүглэлээ. Одоо л дөнгөж сурагчид цуварч эхэлж байгаа бололтой. Тэдний адил хөх дүрэмт хувцас өмсчихсөн болохоор тийм ч харийн эвгүй мэдрэмж төрөхгүй байгаа ч сандрал бол дээд цэгтээ тулчхаж.

Багадаа үргэлж хажуугаар нь зөрөн өнгөрдөг байсан энэ сургуульд одоо би жинхэнэ сурагчийн хувиар сурна гэхээс догдолж ядна. Тэгээд ямар нэг зүйл тэсэн ядан хүлээнэ. Түүнийг, түүний гэсэн бүхнийг.

Би долоо хоногийн өмнө энд ирсэн ч сургуулийн үүдэнд л багштайгаа уулзсан юм. Харин одоо ингээд дулаан энерги ханхалсан сургуулийнхаа босгыг давсан чинь зүрхэнд хачирхалтай гоё мэдрэмж төрж байна.

Багшийн хэлсэн ангийг арай гэж олчхоод би дахиад гүнзгий гэгч нь амьсгаа аван гаргалаа. Биеэр цус айхтар хурдан гүйгээд зүрх улам хүчтэй цохилох аж.

Зүгээр ээ, шинэ ангийнхан минь нөхөрсгөөр хүлээж авна. Зүгээр. Тайвшрахад л болно.

Би нүдээ анин өөрийгөө зоригжуулахаар хэд хэд ийн шивнэчхээд яг анги руу ордгийн даваан дээр хэн нэгнийг мөргөж орхилоо.

Цочисхийчхээд нүдээ нээхдээ би хурдхан доош бөхийсөөр "У-Уучлаарай!!"

"Замаа хараач"

Хүйтэн ч гэмээр хоолойг сонсоод хүйтэн хөлс нуруу дагахад би сандарсаар түрэгхэн өндийгөөд түүний өргөн цээжтэй нүүр туллаа. Тэгээд хойш нэг алхам ухарчхаад царайг нь харахаар толгойгоо дээшлүүлэв.

Яг түүнтэй харц тулах мөчид тэр "Намхан юмаа" хэмээн жуумалзсаар ёжлох мэт хэлэх аж. Би харин түүний үсний засалт, нүдний шилийг хараад золтой л ухаан алдчихсангүй.

"Ц-Цү-Цүкишима..." Хэлэх болгонд зүрхнээс хачин эвгүй жаргал дагуулж урсдаг үг. Өдөр болгон санаж байна гэх үгтэй хамт шивнэдэг байсан энэ нэр.

Цүкки огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Яг тэр үеийнх шиг үсээ зүгээр л зөнгөөр нь орхичихдог, тэр нь тэгээд үл ялиг сэгсийчихсэн. Тэгээд нүдийг нь хамгийн гоёор тодотгож өгдөг нарийхан хөмсөг, үл ялиг дугуй дөрвөлжин нүдний шил.

Солирын хэлтэрхий шиг гялалзах нүд рүү нь би хэдэн минут ширтсэнээ ч мэдэхгүй байна. Уулзахыг тэсэн ядан хүлээж байсан хүн маань яг ингээд гэнэтхэн нүдний урд гараад ирсэн чинь яахаа мэдэхээ больчихлоо.

Цү-Ки-Ши-Ма Кэй. Тэр үргэлж миний зун байсан. Тэртээд харагдах нарны дулаахан илчинд үе үе гялтганачихдаг зуны далай минь байсан. Шуургатайд холдож зугтдаггүй, нартайд ширгэж алга болдоггүй. Үүлтэйд хийсэн оддоггүй.

"Удаан уулзсангүй шүү, Асами."

Тэр эцэст нь ийн хэлэх үед би өөрийнхөө нэрийг сонсчихсондоо бараг л уйлах шахав. Бага байхад түүний хоолой үл ялиг нарийхан, тэгээд чихэрлэг сонсогддог байсан юм. Харин одоо тэр үеийнхээс илүү бүдүүрээд өнөө далай шиг гүн сонсогдож байна.

"Цүкки.." би үнэхээр юу хэлэхээ ч мэдээгүйдээ сандран үсээ чихнийхээ араар хийсээр аль чадахаараа инээмсэглэн "У-удаан уулзсангүй.." хэмээн шивнэх шахам хэллээ.

Тэр нэг мөрөндөө үүрчихсэн цүнхээ бүр доош гулсаж унахаас нь өмнө дээшлүүлчхээд, толгой дохих аж.

Магадгүй миний буруу бололтой, түүнийг огтхон ч өөрлөгдөөгүй байна гэж хэлсэн нь.

Тэр өөрчлөгдчихөж. Сэтгэлийнх нь жаргалыг мэдрүүлдэг үүрдийн инээмсэглэл нь алга болоод, олон зүйлсийн тухай ярьдаг байсан хөгжилтэй зан нь алга болчхож.

Гэхдээ л зөндөө их санасан байна. Ингээд өөрчлөгдсөн байсан ч хамаагүй, намайг дахиад тоохгүй байсан ч хамаагүй уулзсандаа баяртай байна. Гэнэтийн гэмээр учрал маань хуучны тэр сайхан үеийнх шиг биш байсан ч зүгээр бололтой, эцэст нь дахиад уулзчихсан болохоор.

***

~Цүкишимагийн талаас~

Асами. Түүнийг өдөр болгон тэсэн ядан хүлээж байгаагаа баригдуулах гэсэн шиг ангийнхаа үүдэнд хараад л шууд таничихсан. Урьдны адил хар урт үс, жижигхэн нүдийг нь хараад зүрхэнд мэдрэгдсэн тэр мэдрэмжээ яаж илэрхийлэхээ ч мэдэхгүй байна.

Алдчихсан байсан ямар нэг зүйлээ шууд л олчихсон юм шиг мэдрэмж.

Асами багшийн хэлсэн номнуудыг авах гэж байгаа бололтой номын сан зүглэхийг хараад би тоохгүй өнгөрчхөж чадсангүй араас нь явахаар шийдлээ.

Зургаан жилийн өмнө юу ч хэлэлгүйгээр алга болчихсон тэр ингээд гараад ирчихсэн чинь үнэхээр сонин санагдаж байна. Хөндий биш ч, эвгүй гэмээр..

Тэр намайг өөрийг нь дагаж байна гэж огт мэдээгүй бололтой номнуудын нэрс бичсэн цаасыг үе үе харсаар эцэст нь номын санд ирчхээд шуудхан дотогш орлоо.

Магадгүй би нууцаар дагаснаас шууд очоод ярилцах хэрэгтэй байх? Мэдэхгүй юм даа, бүтэн өдрийн турш хичээл ороход олигтой ярилцаж чадаагүй болохоор одоо ингээд очих жаахан тухгүй ч юм шиг. Надад биш түүнд тухгүй санагдвал яах болж байна?

Ямар мэдрэмж төрөөд байгаагаа ч ойлгохгүй байна. Хэр их санаснаа, өдөр болгон марталгүй хэр их боддог байснаа тэгтлээ хэлэхийг хүсээд байгаа хэрнээ чадахгүй байна.

Манай номын сан бусад сургуулийнхаас хавь илүү том болохоор Асами одоог хүртэл намайг өөрийг нь дагаж байна гэж мэдэхгүй ганц ч эргэж харалгүйгээр уран зохиолын номнууд байрладаг хэсэг рүү орох аж.

Асами хамгийн захын хэсгээс нь номоо хайж эхлэх бол би нөгөө захад нь цонхны тавцан налсаар түүнийг ширтэнэ.

Тэр багаасаа л ийм анзааргагүй байсан билүү?

Аан тийм юм байна, нэг удаа хулгайч түүний цүнхнээс юм авч байгааг ч анзаараагүй утсаа алдчихсан байсан. Бүр сүүлд нь мэдчихээд бөөн юм болсон ч эцэст нь утасгүй хоцорч байсан шүү дээ.

Асами ийш тийш баахан алхалсны эцэст хайж байсан номоо олсон ч хэтэрхий өндөрт байсан бололтой хэчнээн үсрээд ч хүрсэнгүй.

Инээдтэй юм, одоо ч ийм намхан байгаа нь.

"Хэн одоо ч ийм намхан байгааг таа даа." Би гараа энгэртээ зөрүүлэнгээ ийн хэлээд, нүдний шилээ дээшлүүлэх бол тэр цочисхийчхээд над руу гайхан харах аж.

Тэгээд удалгүй санаа алдсанаа "Гайхуулаад байгаа өндрөө тэгвэл ашиглавал яасан юм бэ?"

Хөөх, түрүүн уулзахдаа ганц үсэг хэлэх зориггүй байсан хүн мөн үү? Тийм дээ, Асами шүү дээ. Тэр ямар нэг юманд дасахдаа үнэхээр сайн.

Би инээд алдчихаад түүний авах гээд байгаа номыг нь авч өгөхдөө "Май, намхан аа." хэмээн шоглож амжив.

"Цүкки.." тэр над руу хачин харж байснаа удалгүй тасхийтэл хөхрөхдөө номоо гарнаас минь авсаар "Саначхаж, энэ хочоо" хэмээх аж.

Би ч бас чамайг санасан.

Тэгээд Асами талархлаа илэрхийлчхээд яг цааш явах гэж байсан ч би энэ удаад зүгээр л араас нь ширтээд үлдэхийг хүсээгүйдээ түрэгхэн бугуйнаас нь татаж аваад, толгойг нь энгэртээ удаанаар наалаа.

Би яг энэ үнэрт нь дуртай. Үргэлж хэрэглэдэг шампунийх нь дурсамжтай дулаахан үнэр.

Энэ жижигхэн биенд нь дуртай. Тэр үед ч гэсэн тэврэхээр яг минийх байх ёстой юм шиг цээжинд багтчихдаг биенд нь дуртай.

Тэгээд энэ амьсгалд нь дуртай. Хэтэрхий их гайхахаараа нэлээд хэдэн минут амьсгаагаа түгжчихээд сүүлд нь түгжсэнээ мэдээд удаанаар амьсгалаа гаргадагт нь дуртай.

Сүүлд нь түүний гэсэн бүхэнд хайртай. Энэ олон жилийн дараа хүртэл намайг хараад гэрэлтэж байгаа жижигхэн нүдэнд, шоглуулчхаад гомдоллох биш харин баярлаж байгаа энэ сэтгэлд, цочирдсон ч удахгүй дасаад тайвширдаг түүнд би хайртай.

Дэндүү удаан энэ тэврэх мөчийг хүлээгээд би түүнийг хэр чанга эсвэл сул тэвэрчихснээ анзаараагүй ч өөрийн эрхгүй танил үснийх нь үнэрийг үнэрлээд инээмсэглэлээ.

"Яагаад одоо л ирж байгаа юм?"

Түүнийг сая нэг юм амьсгаагаа удаанаар гаргаад, намайг зөрүүлж тэврэх үед нь би хоолойгоо чангалан байж ийн асуулаа. Чангалахгүй л бол нулимс урсчих юм шиг санагдаад.

Тэр над руу харахаар толгойгоо өргөх гэсэн ч би баруун гараараа толгойных нь араас түшээд, цээжиндээ дахин удаанаар наав. Тэгээд зүүн гараа дүрэмтнийхээ халаасанд хийчхээд "Яагаад одоо л намайг тэвэрч байгаа юм?"

"Уучлаарай"

Тэр уйлчхаж. Хоолой нь үл ялиг сөөчихсөн сонсогдож байна.

"Би тэр өдөр өөрөө ч явахаа мэдээгүй байсан. Дараа нь чамтай холбогдох гээд чадаагүй.. энд ирэхийг би өдөр болгон хүсдэг байсан ч чадаагүй болохоор... Чамайг ч бас яг ингээд тэврэхийг тэгтлээ удаан хүсэж байсан хэрнээ чадаагүй болохоор-"

Асами бараг л амьсгаа авахгүй хэлсээр сүүлдээ амьсгал нь хүрээгүй бололтой үгээ таслаад гүнзгий гэгч нь амьсгаа авах аж. Би харин хальтхан инээд алдлаа.

"Бүгдийг нь мэдэж байсан"

Намайг ийн хэлэхэд тэр огцох хойшлоод нулимстай нүдээрээ над руу харав. "Юу?"

Би баруун гараа ч бас халаасандаа хийчхээд "Бүгдийг нь мэдэж байсан. Танай хөрш эгчээс бүгдийг нь сонсчихсон."

Асамиг гэртээ байхгүй байхаар нь бараг хоёр цаг гаран үүдэнд нь уйлаад сууж байхад тэр эгч ирээд бүхнийг ярьж өгч байсан юм. Би хэзээ ч тэгтлээ их уйлж чадна гэж боддог байгаагүй. Асамигаас болж тэр үед л нүдэнд хэр их ус байж болдгийг мэдэж байсан юм байна.

Тэр эгч Асамигийн ээжтэй хэтэрхий гэмээр дотно байсан болохоор бүгдэнг нь анхнаас нь мэдэж байсан гэсэн. Асами харин яг явахаасаа өмнө мэдсэн болохоор... бид хоёулаа юунд ч бэлтгэлгүй байсан.

"Танайх бүх дугаараа сольчихсон болохоор холбогдож чадахгүй байсан. Чи намайг өдөр болгон ямар их санаа зовдог байсныг мэддэг ч болоосой" би бараг л шивнэх шахам хэлэх бол тэр сонсож байгаад зөөлхөн инээд алдах аж.

"Намайг ч бас ямар их санасныг мэдэхгүй дээ, тэнэг Цүкки юм чинь"

"Хөөе!" Би огцом дуугаа өндөрсгөхөд тэр бүр чангаар инээд алдаад "Уурладаг хэвээрээ байна"

Энэ удаад би ч бас дагаж инээлээ. "Бидний юу ч өөрчлөгдөөгүй шүү дээ."

***

Бид хоёр түүний авах ёстой бүх номнуудыг цуглуулчхаад, хамтдаа гэр лүүгээ харихаар шийдлээ.

Тэр эргээд хуучин байшиндаа нүүгээд ирсэн гэнэ. Бидний гэр хоорондоо их зайтай байдаг болохоор би түүний ирснийг огтхон ч мэдээгүй юм. Харин өчигдөр багш нарын өрөөнд түүний нэрийг хальтхан хараад, ирчихснийг нь эцэст нь нэг юм мэдсэн.

Түүнийг ирчхээд яагаад шууд хэлээгүйг нь би ойлгож байлаа. Өөрийгөө бэлдэх хугацаа хэрэгтэй байсныг нь, хуучраад хоцорсон дурсамжуудаа сэргээх цаг хэрэгтэй байсныг нь ойлгож байна.

"Харихаасаа өмнө.." би урд түрүүлээд алхаж байсан түүний гарнаас шуудхан хөтөлсөөр "Далайн эрэг рүү явах уу?"

Яг ч эрэг гэж дуудаж болохгүй ч гэсэн ингэж хэлвэл илүү амар байдаг юм. Эндхээс далайн эрэг хүртэл нэлээд хол болохоор бид хоёр зүгээр л уулан дээрээс далайн зүг ширтэхдээ далайн эрэг дээр сууж байна даа гэж төсөөлөх дуртай.

Асами гайхсаар хөтлөлцсөн гар луугаа нэг харснаа удалгүй инээмсэглээд толгой дохилоо.

Одоо бараг л нар жаргах дөхөж байна. Улбар туяа тэнгэрийн хаяагаар тархаад, нар далайн цаагуур шургахад хэдхэн минут үлдсэн яг энэ мөч.

Биднийг анхны амлалтаа өгөх үед харин шар туяа тэнгэрийг бүрхэж, нар далайн цаанаас цухуйж байсан юм. Нар мандахад эхэлсэн амлалт нар жаргахад дуусах бололтой.

~Асамигийн талаас~

Цүкки бид хоёр яг урьд нь суудаг байсан толгод дээрээ ирж зогсоод хоёул гүнзгий гэгч нь амьсгаа авлаа.

Хачин гэмээр танил, хачин гэмээр дурсамжтай газар. Гэр шиг мэдрэгддэг дулаахан газар. Хэзээ ч ирсэн гараа дэлгээд угтаж байгаа юм шиг санагддаг ганц газар л энэ бололтой.

Тэгээд яг энд ингэж зогсоод урагш ширтэхээр хүрч боломгүй мөрөөдөл шиг газар л харагдана.

Гэтэл үнэндээ тэр далайд хүрэх миний мөрөөдөл биш байж.

Миний мөрөөдөл, тэгээд биелүүлэхийг зүрхээрээ хүссэн тэр амлалт үргэлж хажууд минь байсаар л байдаг байж.

Үргэлж хажууд минь байдаг байсан болохоор мөрөөдөл биш байх ёстой зүйл гэж итгээд юу нь тэгтлээ үнэ цэнэтэй байсныг ерөөсөө ч анзаараагүй байсан бололтой.

Тэгээд бидний дулаахан бие дахиж шүргэлцэх боломжгүй хол явсны эцэст л хажууд минь миний мөнхийн мөрөөдөл болсон энэ хөвгүүн байсаар байсныг анзаарсан байх. Хэчнээн жаргал шиг үнэртэй байсныг нь хэдэн жилийн дараа тэврүүлэхдээ л ойлгоод, ямар халуун мөрөөдөл байсныг сая л хөтлүүлэхдээ ойлгож байна.

"Чи амлалтаа санадаг уу?" Цүкки жаргаж буй нарыг ажигласаар асуух агаад сэрүүхэнд гар минь даарчихсныг анзаарав бололтой хөтлөлцсөн чигтээ гараа халааслах аж.

Бид зун дууссан учралаа өвөл дахин эхлүүлж байгаа юм байна.

"Мэдээж" гэж хариулчхаад "Үүрд найзууд байна гэсэн тэр амлалт." хэмээн үл ялиг сулхан хэллээ.

Тэр толгой дохисон ч удалгүй тасхийтэл инээд алдах аж. "Найзууд гэнэ шүү. Би тэр өдөр чамаас үерхэхийг гуйх гэж байсан байтал."

Би бараг л цочиж орхилоо. "Ю-юу?" гэж ээрсээр асуучхаад түүн рүү гайхан харвал тэр одоо ч далай руу ширтсээр байх аж.

"Яаж ингэж гэнэт хэлж болдог юм?" Би яагаад уурласнаа мэдэхгүй байгаа ч зүгээр л асуухад тохиромжтой, эсвэл хэлэх боломжтой байсан ганц зүйл нь л энэ байв.

"Яагаад болохгүй гэж?" гэсээр тэр над руу харахад урууланд нь жижигхэн инээмсэглэл тодорчихсон байлаа. "Чи одоо хажууд минь байхад энэ удаад алдахгүйгээр өөрийн болгоно."

Эдгээр үгс нь шууд л зүрх рүү хатгуулчих шиг болж, хамаг биеийн шар үс босох аж. Тэр гар минь бараг л чичрэхийг анзаарчихсан бололтой атгалтаа улам чангаруулав.

"Энэ удаад зөв амлалтаа өгцгөөе. Үргэлж найзууд биш, үүрд хосууд байна гэж."

Бид хоёр хэдэн минут бие биенээ ширтлээ. Хэдэн минут ч гэж, хэдхэн секунд л байсан байх. Гэхдээ надад бол цаг хугацаа зогсчихсон юм шиг л санагдаж байна.

Одоо юу ч хийхэд бэлэн гэдгийг илтгэх түүний зоримог харцнаас би салж чадаагүй юм. Тэгээд хэсэг хугацааны дараа хөнгөхөн инээмсэглэлээ.

Бид хоёул өдийг хүртэл биенийхээ юу хүссээр ирснийг мэддэг байсан хэрнээ хэн нь ч хүлээн зөвшөөрч чаддаггүй байсан бололтой. Одоо харин сүнсээрээ хүссэн хүслээ алдах зовлонг ойлгочихсон болохоор хэн нь ч дахиж цаг үрэхийг хүсэхгүй байх шиг байна.

Хөгжилтэй юм.

Би инээчхээд, толгой дохин баруун гарынхаа чигчийг гозойлгоод "Амлаж байна" гэтэл тэр хуруу руу минь харж байснаа хөхөрсөөр "Ийм зүйл чинь хоцрогдчихсон"

"Тэгээд яаж амлалтаа баталгаажуулах-"

Үгээ ч дуусгаж амжаагүй байтал Цүкки шууд намайг үнсэж орхив. Тэр нүдээ анилгүй одоо ч над руу цоо ширтсээр байсан тул би ичсэндээ нүдээ тас аничихлаа.

Урууланд түүний уруулны дулаан мэдрэгдэхэд зүрхний хурд нэмэгдүүлж, цус биеэр айхтар хурдтай тархахад хүргэх аж.

Ертөнц дээрх хамгийн том тайвшрал, тэгээд хамгийн том тайтгарлыг тэгэхэд л би амсаж үзсэн юм. Удаанаар.

Намайг эсэргүүцэхгүйг ойлгоод тэр энэ удаад зүүн гараараа эрүүнээс минь тулан толгойг минь үл ялиг дээшлүүллээ. Харин би өндөрт нь хүрэхгүйдээ өлмийгөө өргөх бол түүний инээд алдах нь ч дуулдах аж.

Тэгээд тэр удаанаар уруулаа минийхаас салгахдаа "Өлмийгөө өргөх хэрэггүй байсан юм" хэмээн шоолов.

Би ичингүйрсээр түүнийг цохиод "Чиний хүзүүг хөшөөхгүй гэсэндээ л тэр, чи чинь өвөө шүү дээ"

"Ойлголоо, намхан аа" Тэр үсийг минь илсээр ёжилчхоод анзаарч амжихаас өмнө дахин нэг уруул дээр хөнгөхөн үнсэх аж. "Бидний сүүлчийн амлалт болог"

Би инээмсэглэн толгой дохиод, түүнийг аажуухнаар тэвэрлээ.

Яг энэ мөчид, нар мандахтай зэрэгцэн өгсөн бидний нөхөрлөлийх амлалт дуусаж, нар жаргахтай зэрэгцэн амласан дурлалын бэлгэдэл маань эхэлсэн юм.

Яг энэ л мөчид санаж байна гэх үгтэй хамт дурсагддаг түүний нэр хайртай шүү гэх үсгүүдтэй цуг мэдрэгддэг хайр болчихсон.

***

"Чи хэзээ дахиж гарах юм?"

Цүкки амьсгаадсаар талбай руу харж байхдаа "Юу вэ, дөнгөж миний амралтын үе эхэлж байхад" хэмээн амандаа үглэлээ. "Бусад хүмүүсийн найз охидууд амрахаар нь баярладаг юм байна лээ, гэтэл чи бүр намайг амраахгүй тоглуулах нь ээ"

Тэр газар хөлөө жийгээд суучихсан, харин би түүний хөлөн дунд бараг л хэвтэх шахам сууж байхдаа инээд алдсаар хойш цээжийг нь наллаа. Цүкки түрүүжингээ ийш тийш гүйчихсэн болохоор хөлс нь гараад, бие нь бараг л шатаж байна.

Бас толгойн ар хэсэгт зүрхний цохилт нь ч тод гэгч нь мэдрэгдэх аж.

Цүкки хэчнээн ядарснаасаа болоод бухимдалтай байсан ч хоёр гараа энгэр дээр минь зөрүүлж, араас минь тэвэрчхээд эрүүгээ толгой дээр тавив.

"Миний намханаа өндөр болчихсон юм уу?"

"Тийм байна уу?" Би үл ялиг арагш харсаар хэлсэнд тэр толгой дохиод "Эрүүгээ урагш тавихаар яг гоё таарчихдаг байсан чинь одоо эрүүгээ жаахан өргөх хэрэгтэй болчхож. Муухай байна"

Би түрэгхэн доошилсоор "Одоо яаж байна?"

Дахиад л арагш харсаар асуухад тэр шууд миний хацар дээр хөнгөхөн үнсчихээд "Тоглосон юм. Чи сүүлийн гурван сар огт өсөөгүй юм чинь гэнэт өснө ч гэж байхгүй л дээ"

"Хайрлаад байгаа юм уу ёжлоод байгаа юм уу?" би хошуугаа унжуулаад гарыг нь алгадах бол тэр зүгээр л хөнгөхөн инээд алдлаа.

Удалгүй түүний гарах ээлж болчихсон бололтой тэр босохоор завдахад нь би хурдхан буцааж суулгаад "Одоохон" гээд халааснаасаа өнөөдөр шинээр авсан хавчаараа хайж эхлэв.

Тэгээд эцэст нь олчхоод би Цүккигийн хөлрөөд норчихсон үсийг нь хойшлуулан хавчаараараа хавчаад, далимаар нь уруулан дээр нь түрэгхэн үнсэж амжлаа.

Тэр эхэндээ гайхсан ч удалгүй үсээ барьчхаад юу болсныг ойлгов бололтой инээмсэглэх аж. "Саад болоод байх шиг харагдаад" гэж хэлэхдээ би түүний нүдний шилийг тайлаад, цамцаараа арчиж өгөхдөө дахин нэг удаа уруул дээр нь үнслээ.

Гэхдээ энэ удаагийнх хальтхан үнсээд өнгөрөх үнсэлт байсангүй, Цүкки толгойн ар талаас гараараа тулаад, үнсэлтээ илүү гүн болгох аж.

"Цүкишима! Түргэлээрэй!" гэх Асахи ахын орилох дуулдсан ч Цүкки үнсэлтээ салгалгүй, шуудхан дээш өндийхөд би түүний бэлхүүсээр хөлөө ороож, тэр бэлхүүсээр минь тэврэнэ.

"Хөгшин юм байж мундаг хүчтэй гэдэг нь" би инээсээр хэлэхэд тэр ч бас хальт жуумалзлаа. Тэгээд би арчсан шилийг нь эргүүлж зүүлгэчхээд газар зөөлнөөр буухдаа "Ялаарай!"

"Юуны төлөө?" Тэр цааш явах гэж байснаа эргэж хараад их л ёжлонгуй харцтай ийн хэлэв.

"Миний төлөө. Бидний амлалтын төлөө"

Цүкки шилээ тэгшилчхээд "Ойлголоо, намханаа"

Хөгширтлөө энэ хочоо ингээд сонсоод суух юмсан. Цүккиг хөдөлж чадахгүй болтлоо ингээд волейбол тоглохыг нь харах юмсан.

Үргэлж гэсэн хүсэл, үүрд гэсэн амлалт маань биелээсэй. Бидний хайр хоёул хөрсөнд мөнхөрч үлдэх хүртэл.

96015f65970f5f5b91258fd1fe6ca368.jpg

***

A/n-Сайн романс бичиж чаддаггүй ч гэсэн захиалагчдынхаа хүслээр дахин нэг романсын ард гарлаа~! Захиалга өгсөнд үнэхээр их баярлалаа ♥️ Цүккиг иймэрхүү байдлаар бичихийг их удаан хүсч ирсэн ч бичиж чаддаггүй байсан юм 😆

Жаахан нуршчихсан байж магадгүй, удаан бичихгүй байж байгаад oneshot бичсэн чинь эвээ олсонгүй сонин болчих шиг боллоо...

Юутай ч захиалсан хүнд маань таалагдсан гэж найдъя, сэтгэгдлээ үлдээж өгөөрэй. 🥰♥️

13 страница29 апреля 2026, 14:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!