Usui Takumi
I'M STILL MAID
Usui x Misaki | Episode.15
[Kaichou wa maid sama]
———
Дөнгөж одоо л нар мандаж байгаа бололтой хаалттай хөшигний цаанаас хальтхан нарны гэрэл тусах харагдана. Би дөнгөж нүдээ нээчхээд, эвшээлгэсээр хажуу тийш хартал гэнэт Үсүйн над руу харж байхтай нүүр тулж орхив.
Би цочсондоо бараг л орноосоо унах шахаад "Хүн айлгачих юм!" гэчхээд түүний царай хэтэрхий ойрхон байсанд өөрөөсөө түлхэн "Жаахан хол хэвт л дээ"
Тэр өдөж байгаа аятай жуумалзчихаад гарыг минь нүүрнээсээ ч холдуулалгүйгээр түрэгхэн бэлхүүсээр минь тэврээд, улам наалдах аж.
"Чамд ч бас өглөөний мэнд"
Үсүй удаанаар дөхсөөр хүзүүнд минь нүүрээ наахад хамаг шар үс боссонд би бараг л чичрэхээ шахлаа.
Өдөр болгон яг ингээд хамт унтдаг ч одоо хүртэл дасаагүй байна, иймэрхүү үйлдэлд нь. Хэр удаан хамт амьдарч байгаа билээ дээ?
Гэхдээ үргэлжилсээр байдаг үйлдлүүд нь анхны гэмээр мэдрэмж төрүүлж байгаа болохоор нандигнах хэрэгтэй байх.
Тэр хамраа хоёр тийш нь хөдөлгөн хүзүүг минь үл ялиг гижигдэж эхлэхэд би энэ удаад гүнзгий амьсгаа аван өндийхдөө "Хар өглөөгүүр юу хийгээд-" гээд үгээ дуусгаж амжаагүй байтал тэр мөрнөөс минь татаад хойш хүчтэй гэгч нь хэвтүүлж орхив.
Тэгээд энэ удаад бүр дээр минь гарч суучхаад, хоёр бугуйнаас чангахан барьснаар би хөдлөх боломжгүй болох аж.
Тэр- Тэр дахиад л цамцаа өмсөөгүй байна.
Нүцгэн цээж нь хэтэрхий ойрхон байгаагаас болоод хамаг бие халуу дүүгэж эхлэхэд би сандарсандаа түүнээс холдох гэж хичээсэн ч тэр гарнаас хэтэрхий чанга атгачихсанаас болоод жаахан ч хөдөлж чадахгүй байлаа.
Тэр хачирхалтай зальтай инээмсэглэл тодруулсан чигтээ бага багаар доошлоход халуун амьсгал нь нүүрэнд мэдрэгдэж эхлэнэ.
Ойр орчны бүх агаар хүндрээд, цаг хугацаа нэг л зогсчихсон ч юм уу гэмээр хачин мэдрэмж төрөхтэй зэрэгцэн яг түүнийг болихыг ятгах гэж байтал хаалга онгойх чимээтэй зэрэгцэн "Аав? Ээж?" гэх охины минь хоолой сулхан дуулдах аж.
Бид хоёр бараг л зэрэг шахам цочсоор хажуу тийш харахад гартаа жижигхэн чихмэл бамбаруушаа барьчихсан, унтлаганы цагаан хувцас өмсөж, шар үс нь үл ялиг сэгсийчихсэн Миа зогссоор нааш гайхан ширтэх үзэгдэв.
"Миа- Нөгөө-"
Би хэлэх үгээ бодож байтал Үсүй хурдхан шиг миний дээрээс боссоноо "Өглөөний мэнд Миа~~" гэсээр орноосоо үсрэн буугаад, охиноо тэврэн авлаа.
"Юу хийж байсан юм?" Миа нүдээ нухласаар хэлэхтэй зэрэгцэн би орноосоо өндийн "Ю-юу ч би-"
"Чамайг дүүтэй болгох тухай бодож байлаа." Үсүй яриа таслан ийн хэлэхэд би цочирдсоор, өөрийн эрхгүй дэрээ аван түүн рүү шидэхдээ хоолойгоо засан ийм зүйлийн тухай хүүхдийнхээ хажууд ярихгүй байхыг сануулж амжив.
Тэгээд халадаа өмсчихөөд, охиноо түүний гарнаас аван "Аав чинь л тэнэгтэж байгаа юм"
"Айн? Тэгвэл дүүтэй болохгүй юм уу?"
Гал тогоо руу алхалж байтал ард Үсүйгийн жогтой инээд сонсогдоход би дахин нэг хоолойгоо засаад "Өглөөний цайндаа юу уух уу?" хэмээн ярианы сэдэв өөрчлөв.
Бурхан минь гэж, өглөө болгон ийм сэтгэлийн дайралт аваад байвал би нэг л өдөр өглөө огт сэрэхээргүй болох байх.
Би Миаг ширээний ард суулгачхаад "Өглөөний цайнд юу идмээр байна? Өндөг? Шарсан гахайн мах?" гэхдээ хөргөгчөө онгойлгоод өглөөний цай бэлтгэх орцнуудаа харж байтал гэнэт Үсүй ардаас бэлхүүсээр минь тэвэрсээр, доош тонгойгоод "Чамайг идчихвэл яаж байна?" хэмээн шивнэх нь тэр.
"Үсүй!" Би хэт их цочсондоо өөрийн эрхгүй хашхирсан ч удалгүй гүнзгий амьсгаа аваад, гарыг нь цохин хальт хойшоо харахдаа "Хүүхдийнхээ хажууд битгий ингээд бай л даа" хэмээн шивнэлээ.
"Яавал гэж? Угаасаа удахгүй ийм зүйлийн тухай сурчихна."
"Ийм зүйл гэж?" Би хөргөгчөө дэмий онгойлгоод байхыг хүсээгүйдээ хаалгыг нь хаачхаад, дөнгөж хойш хартал Үсүй гэнэт хоёр хацарнаас минь барьж аваад уруул дээр үнсэж орхилоо.
Энэ амт үргэлж ийм байдаг. Яг ингээд амталчихвал үнэхээр ертөнцийн өөр ямар ч амт хэрэггүй юм шиг санагдаж, дулаахан хийгээд хүйтэн мэдрэмж зэрэг төрдөг.
Тэгээд жаргал болон шунал амтагдана. Түүнийх гэсэн жаргал, зөвхөн түүнийх байх ёстой гэсэн шунал.
"Ээж өлсөөд байна!"
Миад бид хоёрын үйлдэл тийм ч хачин биш байгаа бололтой цаанаас ийн орилохтой зэрэгцэн би Үсүйгээс холдох гэж хичээсэн ч тэр намайг өөртөө улам татчихаад үнсэлтэн дундуураа "Байж бай, хонгор минь"
Үсүй бэлхүүснээс минь барин, дээш өргөчхөөд намайг ард байрлах тавцан дээр суулгахдаа одоо л нэг юм уруулаа салгах аж.
"Чи ингээд сууж байвал би цай бэлдчихье." Тэр уруулаа долоосоор хэлэхэд царай халуу дүүгсэн ч би төв царайлахыг хичээсээр "Х-хэн тавцан дээр ингээд удаан сууж байдаг ю-"
Би буух гэж оролдсон ч тэр бэлхүүснээс барьсан чигтээ хойшлуулаад, удалгүй гуяар минь гараа гүйлгэхдээ "Тэгэхгүй бол би тэвчихгүй ч байж магадгүй шүү дээ"
"Юу тэвчих гэж? Солиороод байлгүй холд"
"Хүчинд-"
Би түүнийг үгээ дуусгахаас өмнө амыг нь түрэгхэн дараад "Хөөе!"
Тэр зальтай мишээн мөрөө хавчсаар "Эндээ сууж бай. Охиныхоо урд 'тийм зүйл' харуулмааргүй байвал. Чи хүчтэй ч гэсэн..." Үсүй хөргөгчний хаалга онгойлгохдоо "Би эрэгтэй шүү дээ" хэмээн нэмж хэллээ.
Тэр яагаад заримдаа ийм зүйл хэлж хүн сүрдүүлээд байдаг байна аа???
Үнэхээр дахиж эсэргүүцээд байх чадал ч үлдээгүйдээ би дэмий л санаа алдаад толгой дохив. Хоол хийх тавцан дээр суулгадаг нь ямар учиртай байдаг байна аа?
Хажуудаа байлгахын тулд? Зүгээр хажууд нь зогсож байж ч болох байсан байтал.
Би ер нь яагаад түүн шиг тэнэг, хэнэггүй, ядаргаатай, тэнэг амьтанд дурлачихдаг байна аа.
"Чи тэнэг гэдгээ хоёр удаа хэлчихлээ" тэр инээд алдсаар амандаа бувтнах аж.
Сая л бодлоо бодсоноосоо чанга хэлчихснээ анзаарахдаа би бантан, түрэгхэн түүнээс харцаа бурууллаа.
Үсүй өндөг, сүү, талх авчхаад талхаа зүсэнгээ үе үе над руу харах бол би аль болох түүн рүү харахгүйг хичээж байлаа.
Заримдаа би зүгээр л гайхдаг юм. Тэр яагаад надад, би яагаад түүнд хайртай юм болоо гэж. Бүх зүйлс дээр биенийгээ өдөх дуртай, бүр сул талыг нь заавал өөрийнх нь эсрэг ашиглах дуртай хоёр хүн шүү дээ.
Гэхдээ л түүнгүй бол амьдарч чаддаггүй. Яг миний сэтгэл түүний хошигнол, түүний тэнэглэлүүдээр дүүрэх ёстой юм шиг.
Заримдаа юу ч болоогүй мэт санагдсан үед зүгээр л ирээд тэвэрдэгт нь дуртай. Яг тэгээд тэврүүлэх үедээ л би ямар их стрессдчихсэн байснаа ойлгоод санаа амардаг.
Тэгээд заримдаа хэтэрхий уцаартай эсвэл аз жаргалтай үедээ түүнээр шоглуулах дуртай байдаг бололтой. Яг тэр ядаргаатай хошигнол нь миний аз жаргалыг жинхэнэ аз жаргал болгож өгөх юм шиг.
Би хэзээ гэдгийг мэдэхгүй ч түүн рүү нэлээд удаан ширтчихсэнээ анзаараад, гэнэт сөхөө орохдоо харцаа өөр тийш чиглүүлтэл "Яасан бэ? Гоё байхад"
"Юу?"
"Чамаар ширтүүлэх гоё байна гэж байна." гээд тэр өндгөө халчихсан хайруулгын тавган дээр хийгээд, сүүгээ өөр нэг тогоонд халаах аж.
Би эргээд түүн рүү эгцлэхдээ "Дуртайг чинь мэднэ ээ, мангар минь"
Тэр бүр энэ л хариултыг тэсэн ядан хүлээж байсан аятай тоглоомтой инээд алдчихаад, түрэгхэн намайг ирж тэврээд, хацраа цээжинд наав.
"Мэдэх үү, зүрх чинь хэр дулаахан гэдгийг" тэр амандаа ийн бувтнахад би зүгээр л дадал болчихсон зангаараа үсийг нь илсээр "Харин чи өөрийнхөө хацрыг хэр халуун байдгийг мэдэх үү?"
Үсүй өндгөө түлэгдэхээс нь өмнө надаас тэврэлтээ салгахдаа "Чиний цээж халуун болохоор л миний хацар халуун санагддаг гэж бодож байсангүй юу?" гээд өндгөө эргүүлэх аж.
"Тэнэг юм уу, чиний хацар миний цээжнээс халуун байж байж л хацрыг чинь халуун гэдгийг мэдэрдэг юм байгаа биздэ?"
Ямар утгагүй яриа болоод байгааг хэн хэн маань анзаарсан ч, хэн нь ч болихыг хүсэхгүй байгаа аятай энэ тэнэг сэдэв маань дахиад нэлээд хэдэн минут үргэлжлэх аж.
Дундуур нь бараг л хоёр удаа хэрэлдэх шахаж, эцэст нь нэг юм өглөөний цай бэлэн болоход тэнэг харилцан яриа маань дуусгавар болов.
Сүүлд нь хэнийх нь зөв байсан нь тодорхойгүй үлдсэн ч, бид хоёрын хар мянган хариултгүй тэнэг сэдвүүд дунд ямартай ч нэг сэдэв нэмэгдчихлээ.
Би тавцангаас буугаад, өглөөний цайгаа ширээ рүү зөөхөд Үсүйд туслангаа "Өнөөдөр би ажилтай шүү"
Тэр үл мэдэг жуумалзсанаа түрэгхэн царайгаа төв болгосоор "Аль ажил?"
Би өөрийн эрхгүй санаа алдчихаад "Мэдээж-"
"Үйлчлэгчийн ажил биздэ?" Тэр дахиад л жуумалзахад би хамаг байдгаараа муухай харах гэж хичээсэн ч удалгүй бууж өгөн санаа алдаад "Тийм ээ, үйлчлэгчийн ажил"
Тэр ялалт байгуулчихсан хүүхдийн царай гаргаснаа, аль хэдийн ширээ дэрлээд унтчихсан Миагийн үсийг илсээр "Сэрээх хэрэгтэй гэж бодож байна уу?"
Би толгой сэгсэрлээ. Миа хэдийгээр тавхан настай ч үл ялиг ядарчихсан харагдаж байсан болохоор шууд сэрээхийг хүссэнгүй.
Бас яагаад ч юм заримдаа ажлаасаа болоод хайртай хүмүүсээсээ холдчиххсон юм шиг санагдах үед зүгээр л ингээд унтаж байгааг нь ширтээд суух гоё байдаг юм.
Хажууд минь байсаар л байгаа шүү гээд өөртөө сануулж байгаа юм шиг.
Миа яг аав шигээ харагдаж, аав шигээ аашилдаг болохоор би хоёр Үсүйтэй амьдарч байгаа мэт л байдаг. Тэд заримдаа байж боломгүй ухаалаг юм ярина, харин заримдаа үнэхээр хүний дургүйг албаар хүргэх гэсэн тэнэг зүйлс хэлнэ.
Би өндгөө сэрээдэнгээ охин руугаа ширтсээр л байх бол Үсүй ч бас миний юу бодож байгааг мэдэж байгаа аятай саад болохгүйгээр над руу ширтэх аж.
Үсүйг намайг ширтэж байгааг анзаарах үед яагаад ч юм сандраад эхэлсэнд би илүү их өндөг талх ам руугаа чихэж байтал гэнэт талхандаа хахаад, ханиалгасаар түрэгхэн сүүнээс балгаллаа.
Хэтэрхий хурдан уучихснаас сүү эрүү дагаж урсахтай зэрэгцэн Үсүй удаанаар над руу дөхөн эрхийгээрээ сүүг арччихаад "Жаахан хүүхэд шиг гэдэг нь" хэмээн шивнэлээ.
Биеэр хүйтэн ус урсах шиг л болсонд би толгойгоо түүнээс холдуулан, ханцуйгаараа амаа арчихдаа ханиалгасаар "С-санаандгүй л хахчихлаа!"
"Мм, тийм үү" Тэр илт итгээгүй байдалтай хариулснаа "Би идээд болчихсон болохоор чамайг ажилд чинь хүргэж өгөхдөө бэлдье даа"
"Охиноо яах юм? Би ганцаараа явчих болохоор-"
Үсүй аяга тавгаа угаалтуурт хийсээр толгой сэгсрэн "Чамайг ганцааранг чинь явуулмааргүй байна."
"Чи зүгээр л кафед очиж бялуу идэх санаатай байгаа биздэ?"
Тэр шар үсээ хойш нь илсээр "Үгүй гэвэл? Эсвэл тийм юм болов уу?"
Би үнэхээр энэ хошигнолыг нь өлгөж авахыг хүсээгүйдээ нүдээ эргэлдүүлчхээд "Усанд орлоо. Охиноо сэрээгээд цайг нь уулгачхаарай."
"Эсэргүүцсэн ч сүүлд нь дандаа зөвшөөрдөг юм байж." Тэр амандаа бувтнасаар охиныхоо мөрийг зөөлхөн сэгсэрч эхлэхэд би сандлаас босохдоо "Юу гэнэ ээ?"
"Юу ч гээгүй ээ, усандаа ор, ор." гэж тэр инээмсэглэн хэлснээ гараараа хальтхан хөөх мэт үйлдэл хийхэд би ч үл ялиг инээд алдчихаад угаалгын өрөөг зүглэлээ.
Тэгээд хурдхан шүршүүрт орж гараад, үйлчлэгчийн хувцсаа бэлдэж байхдаа өөрийн эрхгүй санаа алдаж орхив. Ер нь яагаад одоог хүртэл энэ ажлаа хийгээд байдгийг мэдэхгүй байна- биш ээ, Үсүй яагаад одоог хүртэл энэ ажлыг минь хийлгээд байдгийг мэдэхгүй байна.
Би ч энэ ажлыг хийхгүй гэж хангалттай эсэргүүцэж чадахгүй байгааг бодвол дуртай хэвээрээ байгаа бололтой.
Ёстой нэг. Ямар ахлах сургуулийн сурагч биш дээ, ичмээр юм.
———
"Мисаки! Хоёрдугаар ширээн дээрх захиалгыг аваарай!" Менежер хаалганы цаанаас хашхирахад би хурдхан тавцан дээрээ уух зүйлс тавьсаар "Ойлголоо!"
Тавдугаар ширээнд захиалсан уух зүйлсийг нь хүргэж өгчхөөд, хоёрдугаар ширээн дээр очин "Үйлчлүүлэгч ээ, юу захиалах вэ?"
Хорь орчим насны жаахан мяраалаг, нүдний шил зүүсэн залуу меню харж байснаа, удалгүй над руу харцаа шилжлүүлсээр "Юу санал болгох юм бэ дээ?"
Түүний хоолой төсөөлснөөс бүдүүн байсанд би дотроо гайхсан ч, эвгүй санагдуулахгүйн тулд хоолойгоо засаад өнөөдрийн голлох хоол, амттан, уух зүйлсийг санал болголоо.
Тэр дахин нэг удаа меню руу харахдаа үл ялиг доошилчихсон шилээ дээшлүүлсээр "Тэгвэл..."
Би захиалгыг нь бичиж авахдаа бэлдэх бол тэр нэлээд удаан бодож байснаа "Чамайг захиалъя."
Дахиад л.
"У-уучлаарай, манайх-" түүнд идэх зүйлээс өөр юм захиалж болохгүй талаар хэлэх гэж байтал гэнэт хэн нэгэн ардаас минь тэвэрсээр "Энэ хүн минийх болохоор өөр үйлчлэгч захиал. Аан эсвэл, хүүхэн захиалдаг газар байдаг шүү дээ."
Би хоолойг нь танимагцаа огцом эргэж харах бол Үсүй төсөөлсөн шиг минь тоглоом хийсэн царайтай биш, харин үнэхээр хэн ч байсан алахад бэлэн гэмээр харц тодруулчихсан байлаа. Гэхдээ үүнийгээ илт мэдэгдүүлэхгүй гэсэндээ ёрын гэмээр инээмсэглэчихсэн байна.
Энэ харцыг би уг нь бараг л мартах гэж байсан юмсан. Үргэлж гаргаад байдаггүй хилэнтэй харц ч нэг тулчихвал бодлоос гардаггүй юм.
Үйлчлүүлэгч Үсүй рүү муухай харц шидлэн, хэрүүл хийхээр шийдэв бололтой сандлаасаа босч ирээд шилээ дахин нэг тэгшлэх бол Үсүй намайг тэврэх тэврэлтээ чангаруулна.
"Энэ үйлчлэгч юм бол миний захиалсан зүйлийг өгөх ёстой биздэ! Ингэхэд чи өөрөө хэн юм?!"
Тэр над руу нэг дохичхоод Үсүй рүү нэг алхам ойртоход би үнэхээр ийм байдалтай удахыг хүсээгүйдээ Үсүйд болихыг сануулан тохойгоороо цээж рүү цохиод, "Уурлуулсанд уучлаарай, үйлчлүүлэгч ээ" хэмээн бөхийсөөр хэлэв.
Үйлчлүүлэгч ялчихсан мэт бахархалтай инээмсэглэл тодруулахал нь би шүдээ зуусаар хар хурдаараа түүний эрүүн доороос шанаадаад "Гэж хэлнэ гэж бодсон уу?!!!"
Би чөтгөрийн инээмсэглэл тодруулсаар хоёр гарынхаа хуруунуудыг дуугаргаж эхлэх бол үйлчлүүлэгчийн хойш унах чимээнээр арын өрөөнд байсан Миа болон ажилчид хаалгаар цухуйж, эргэн тойронд байх хүмүүс сандралдан суудлаасаа босох аж.
Үсүй харин аль хэдийн тайвширчихсан бололтой ёжилсон инээмсэглэл тодруулчхаад хажууд зогсох агаад, би гүнзгий амьсгаа аван гаргачхаад "Надаас бусад үйлчлэгч нарт сээтгэнэх үгсээ хэлж болно. Би хүнийх болохоор" би яриан дундуураа хоёр алгаа гөвсөөр "Намайг битгий оролдох гээд бай."
"Аргагүй л миний хайр" Үсүй мөрнөөс тэвэрчхээд, тайвшрангуй арын өрөө рүү зүглэх бол би түрэгхэн бусад үйлчлүүлэгчдэд саад болсондоо хүлцэл өчөөд, менежерт ч бас үймээн гаргасанд уучлаарай хэмээж амжлаа.
"Ээж!" Миа сүү ууж байсан бололтой амных нь эргэн тойронд цагаан юм болчихсон байх агаад, нааш гүйсээр ирэхэд нь би тэвэрч аваад "Уучлаарай, айсан уу?"
"Үгүй ээ! Та ёстой догь байсан! Пааннн гэж цохиод, тэр хүн Түссс!! гэж унаад л" Миа үнэхээр их догдолчихсон, миний хийсэн үйлдэл бүрийг дуурайн хийж үзүүлэх аж.
"Надад үнэхээр одоо хүртэл энэ ажил тохирно гэж хэлсэнд чинь итгэхгүй нь ээ" гэж би Миагийн яриан дундуур Үсүйд хандан шивнэхэд тэр мөрөө хавчсанаа духан дээр минь үнслээ.
"Чам шиг эрдэнэсээ минийх гэж хүмүүст зарлах хамгийн боломжтой газар шүү дээ."
Минийх гэж зарлах боломжтой газар.
Би түүнийх гэж хашхирч чадах газар.
Яалт ч үгүй түүнтэй гэрлэсэндээ одоо ч итгэхгүй байна. Үргэлж өдөж, тэнэг зүйлс хийж, заримдаа хүн байж боломгүй ихээр сандаргана. Гэсэн ч эцсийн эцэст хайртай хэвээр үлдэх бололтой.
Жаргалтай байна. Бяцхан охинтойгоо, анхны хайртайгаа байх.
Үсүй одоо ч догдлон амандаа шулганах Миаг миний гарнаас авахдаа "Миа, дүүтэй болмоор байна уу?"
"ХӨӨЕ!!!"
———
A/n- Hewoo 🥰❣️
Удааж оруулсанд үнэхээр их уучлаарай~!!🥺 Үзээгүй анимэ-ийн маань дүрээр захмалга өгвөл заавал анимэ-ийг нь үзэж байж бичих болохоор зарим хэсгээ үнэхээр удаачхаад байна аа.. 🙏
Захиалга өгсөн эгчдээ баярлалаа!!! Хүлээж өгсөнд бас баярлалаа. 🥰 Таалагдсан гэж найдаж байна! ❣️
[Романс бичихдээ үнэхээр муу болохоор яг юу бичвэл догдломоор санагдах бол гэж бодсоор байтал заримдаа хамаг цаг маань өнгөрчхөөд байх юм🥲]
