Ken Ryuguji
HIS MY BAD GUY, I'M HIS SOFT GIRL
Ken x Original character | Episode.16
[Tokyo revengers]
~~~
"Рюүгүжи-күн, энэн дээр туслаад өгөөч?" Би дэвтрээ барьсаар түүн рүү дөхөнгөө ойлгохгүй байгаа зүйлээ үзгээрээ заан асуувал тэр бичиж байсан юмаа түр азнаад нааш анхаарлаа хандуулах аж.
"Юу?" гэж тэр миний сая хэлснийг хараахан сонсож амжаагүй бололтой асуугаад, намайг дэвтэр лүүгээ хальт дохиход заасан газар луу минь харлаа. Үнэхээр яагаад заавал түүнээс асуух албатай гэдгээ мэдэхгүй байгаа ч, охидуудаас илүү хөвгүүд олонтой энэ ангид тэр л хамгийн гайгүй нь харагдсан юм.
"Би ч сайн мэдэхгүй байгаа ч хариултаа хамт олчихъё." Тэр түрүүн юм бичиж байсан дэвтрээ энэ удаад бүр хойшлуулаад, өөрийнхөө англи хэлний дэвтрийг гаргаж ирлээ. Тэгээд асуултын хариултаа олох хүртэл намайг хажуудаа зогсоохыг хүсээгүй бололтой сандлаасаа босох аж.
"Би зүгээр өөрийнхөө сандлыг авчиръя." гээд эргээд явах гэж байтал тэр бугуйнаас барьж зогсоогоод "Зүгээр болохоор энд суу"
Хоолойных нь өнгө гэнэт бүдүүрчихсэнд би дотроо нэлээд гайхсан ч зүгээр толгой дохиод түүний сандал дээр суух бол, тэр яг хажууд минь нэг гараараа ширээ тулан зогсоно. "Багшийн хэлснээр энэ үг..."
Тэр миний асуултад яг зөв хариулахын тулд өгүүлбэр бүрээр нь тайдбарлаж өгөх ба, яг түүний мэдэхгүй зүйлийг азаар би мэдэж таараад бид хоёр нэлээдгүй яриа нийлэх аж.
Тэгээд бас, дөнгөж шилжиж ирсэн охинд гэхэд тэр гайхмаар өгөөмөр хандаж байна. Бараг л бүх охидын мөрөөдөл тэр байдаг байх, нуруулаг, сайхан өндөр хамартай, тэгээд тусч болохоор. Эмэгтэй хүн ч хүндэлж мэддэг.
Гэхдээ, миний сонирхол яагаад ч биш юм байна.
"Тусалсанд баярлалаа..." би түүнийг овгоор нь эсвэл нэрээр нь дуудахаа шийдэж ядаж байгаад, зүгээр л үргэлжлүүлж юм хэлэхгүйгээр шийдээд сандлаас нь бослоо.
"За"
Намайг хойш сандал руугаа буцаж байтал тэр ард сулхан ийн хэлэх дуулдав.
Уг нь би өндөр залуу сонирхдог юмсан. Гэхдээ...
"Миюүки! Нөгөө- өнөөдөр хамт гарах уу? Дөнгөж шилжиж ирсэн болохоор хотыг жаахан танилцуулдаг юм билүү гээд."
Хичээл тарсны дараа цүнх рүүгээ хичээлээ хийж байтал нэг эрэгтэй хүүхэд жаахан сандарсан аятай ээрсээр ийн асуух аж. Би уг нь мэдэгдүүлэхээр санаа алдахыг хүсээгүй ч яах аргагүй дургүй төрлийн хүн хүрээд ирсэнд бухимдалтайгаар санаа алдаж орхив.
"Санаж болгосонд баярлаж байгаа ч," би цүнхээ үүрсээр "Цаг болчихлоо. Сайхан ааштнууд дунд сайхан аашлах цаг дууссан."
Түүний үс нь нэлээд урт бололтой, урд талын үсээ хойш нь боочихсон тэр хөвгүүн эхэндээ хэлснийг минь ойлгоогүй бололтой гайхсан царай гаргаж байгаад юм хэлэхээр амаа нээсэн ч би өрсөж "Аан тийм, наад боолт чинь чамд зохихгүй байна. Улаан өнгөтэй байсан бол илүү догь харагдах юм байна."
Надад хэний ямар өнгөнд сонирхолтой байх нь хамаагүй ч тэр ягаан өнгийн боолт нь түүнийг хэтэрхий сайхан ааштай, хэтэрхий даруухан гэж хэлээд байна. Магадгүй тийм байх, гэхдээ улаан өнгө байсан бол, тэр найрах гээд байгаа охидоо автоматаар өөр лүүгээ татах байлаа.
Би түүнийг зөрж өнгөрөхөөсөө өмнө далийчихсан зангиаг нь гялс тэгшлээд, "Баяртай" хэмээн аль чадахаараа инээмсэглэн хэлэв.
Инээх хэрэггүй ч байж уу? Шал худлаа харагдсан байх даа.
Тэглээ ч хотыг танилцуулна гэнэ шүү, инээдтэй юм. Би ямар хөдөөнөөс ирсэн биш дээ, дүүрэг хооронд л сургуулиа сольж байхад.
Бас би энэ сургуульд багадаа сурч байсан болохоор замаа олох мэт дээр хэний ч тусламж хэрэг болсонгүй.
Би гэр лүүгээ харихаар дээш өгсөх зуураа элдэв зүйлс бодож байтал гэнэт ойрхон мотоциклын хөдөлгүүр сонсогдох аж. Энэ хавиар ч бас танхайчууд ихтэй юм шиг байна, болгоомжтой байхаас.
"Хөөе"
Мотоциклын хөдөлгүүр миний ардхан хавьцаа зогсох дуулдсаны дараа нэлээд баргилдуу хоолойтой хүн ийн дуудах аж. Би үнэхээр байрандаа зогсолгүйгээр шууд үл тоогоод явчхаж болох байсан ч, өөрийгөө бусад шиг сул дорой биш гэдгээ харуулахыг хүссэндээ зогсож орхилоо.
Тэгээд удаанаар эргэж харахдаа гүнзгий амьсгаа аваад "Би та нар шиг танхайчуудын оролдох эмэгтэй- Рюүгүжи?"
Өөрийн эрхгүй нүд минь томорч, би хэлэх гэж байсан үгээ хүртэл мартчихав. Ерөөсөө төсөөлөлд буухааргүй зураглал угтсанд бараг л биеэр минь могой гулсах мэдрэмж төрөх аж.
Өнөө сайхан сэтгэлт, өгөөмөр, тусч Кэн Рюүгүжи, хамгийн хараал идсэн гайхалтай мотоцикл дээр сууж байна. Амлъя, аав минь машины засварчин болохоор би мотоцикл ямар гоё болохыг мэднэ.
Бас юу гээч, түүнийг хичээлийн дүрэмтгүй байхад нь харсан чинь үнэхээр өгөөмөр гэж хэлэхээргүй юм байна. Танхай... тэр муу залуу байж ээ?
"Сайн уу" тэр хальтхан инээд алдсанаа "Чамайг ганцаараа алхаж байхыг чинь хараад хүрээд ирлээ. Энэ хавь аюултай боло-"
"Аюултай хүн нь чи л байна."
Би нэг мөрөндөө үүрчихсэн цүнхээ доошилж амжихаас нь өмнө дээшлүүлчхээд ийн хэлэхэд тэр өөрийгөө нэг харснаа удалгүй инээд алдах аж. "Тийм ээ, тийм бололтой. Чиний зөв юм байна."
Тэр энэ удаад мотоциклноосоо буусаар "Гэхдээ чи надаас айхгүй байгаа биздэ? Хүргээд өгье, суучих."
Үнэхээр үү? Хөөх. Үнэндээ яг одоогийн түүний төрх дажгүй санагдаж байгаа ч гэсэн үнэхээр цагаа үрэх сонирхол алга.
Намайг хариу хэлэхгүй зогссоор байсанд тэр хариулт хүлээж залхав бололтой над руу дөхөж ойртсоор, урд минь тулж ирээд зогсох аж. Яагаад ч юм тэгэхэд л би түүний хэр өндрийг сайтар анзаарч авсан юм. Ангид өндөр харагдсан ч гэлээ, энэ удаагийнх арай л өөр байна.
"Сонсож байна уу?"
Би нүдээ аниад гүнзгий амьсгаа аван гаргав. Тэгээд нүдээ нээхдээ түүний нүд рүү эгцэлсээр "Гоё шивээс байна"
Анги дээр нэлээд сайн анзаарсан ч хэлж чадаагүй юм. Яг толгойныхоо хажуу талд шивүүлчихсэн луу нь анх харахад л гоё санагдсан.
Тэр гэнэт намайг ийн хэлнэ гэж бодоогүй бололтой нүд нь хальт томрох аж.
"Бас санал тавьсанд баярлалаа. Би ганцаараа явчихна."
Би шуудхан эргэж хараад, түрүүний явж байсан замаараа чимээгүйхэн алхах бол Рюүгүжи дахиж ардаас дуудаж, эсвэл ирсэн ч үгүй.
Тэр миний бодсон шиг үргэлж өгөөмөр төрхтэй байдаггүй юм байна. Гэхдээ үргэлж сайхан сэтгэлтэй байдаг бололтой...?
Ааа бүр толгой өвдчихлөө. Надад ер нь ямар хамаа байхав дээ. Тэр угаасаа миний сонирхол биш, мөн байсан ч түүнд зориулах цаг байхгүй.
~~~
Өнөөдөр илүү цагийн давтлагатай байсан болохоор ч тэр үү, хамаг хүзүү хөшөөд мөр хэсгээр янгинан өвдөх аж. Эцэст нь нэг юм давтлагын цаг дуусч, багшийг ангиас гарах үед ангийн бүх хүүхдүүдтэй цуг би ч бас ядрангуй санаа алдлаа.
"Өлсөж байна шүү.." өнөөдөр түрийвчээ мартчихсанаас болоод цайны цагаар юм ч идэж амжаагүй. Хараал идсэн өдөр юм даа.
Ядаж байхад өчигдөр машины уралдаан үзээд бүр шөнө унтчихсан болохоор ядарч байна. Хурдхан гэртээ харимаар байна.
Би хэдий гэр лүүгээ яарсаар байсан ч ядарснаас болоод бие нэг л хурдан хөдөлж өгөхгүй байлаа. Тэгээд нойрмог шахам дэвтэр номоо цүнхэлчхээд бараг л хамгийн сүүлд ангиас гарах гэж байтал гэнэт босгон дээр тээглээд яг урагш нүүрээрээ унахаа шахав.
Гэсэн ч анзаарч амжихаас өмнө хэн нэгэн нь гарнаас минь атгах мэдрэгдэх нь тэр. Дулаахан, бас том юм, түүний гар.
Би талархлаа илэрхийлэхээр дээш харахдаа дахиад л яг өмнөх удаагийнх шиг хамаг үгээ залгиж орхив.
"Болгоомжтой явж бай л даа."
"Рюүгү-"
"Кэн гэж дуудахад болно." Тэр намайг тэнцвэрээ олчихсныг анзаараад гараа татахад бие нэг л хачин болоод явчихлаа. Түүний гар хэтэрхий дулаахан байсан бололтой. Хамаг бие бүх дулаан энергиэ алдчих шиг л боллоо.
Кэн... Тэр долоо хоногийн турш хичээлдээ ирээгүй байж одоо л гэнэт гарч ирж байгаа юм байхдаа? Үнэхээр үйлдлийг нь таамаглашгүй хүн юм даа.
Би түүн рүү хэсэг гайхан харж байгаад, түрүүн тусалсанд баярлалаа гэчхээд түүний хэлэх зүйлийг хүлээсэнгүй шууд цааш сургуулийн шат зүглэлээ. Ингэхэд тэр сургууль дээр нөгөө танхай хувцсаа өмсчихсөн ч байх шиг. Гэхдээ дажгүй л харагдаж байсан л даа.
Бараг л бүтэн өдөр юм идээгүйгээс болж гэдэс дуугарахад би амандаа хараал урсгачхаад, хурдаа арай илүү нэмлээ. Гэрт хоол байдаг л байгаа даа..
Би энэ удаад гэр лүү явах замаа товчлохоор шийдээд, захын харанхуй гудамж руу орлоо. Өнөөдөр жаахан бүрхэг байгаагаас болоод гайгүй гэрэлтэй байдаг гудамж хачирхалтай зэврүүн болчхож.
Яахав, надад ч нэг их хамаагүй л дээ. Хурдан л харьж байвал.
"Хөөе, тэнд хэн байгааг хар даа."
Хараал идэг.
Би өөртөө тэднийг тоохгүй байхыг хэд хэдэн удаа сануулаад, алхаагаа мэдэгдэхүйц хурдасгасан ч хэдэн хүний араас гүйсээр ирэх нь сонсогдох аж.
"Харж байгаагүй эмэгтэй байна."
"Биднийг үл тоож байгаа нь хөөрхөн юмаа"
Хоолойноос нь сонсоход лав гурван хүн байгаа бололтой. Гурав гэдэг бага тоо биш. Би ганцаараа нэг л эрэгтэйтэй үзэлцэж чадна. Чөтгөр аваг.
"Хөөе хүлээ л дээ." гээд нэг нь шууд бугуйнаас атгаад авахад нь би шүдээ зуусаар эргэж харахдаа түрэгхэн гарнаас атгаж авсан залуугийн эрхтэн рүү өшиглөөд, гараа суллахад нь бушуухан тэндээс гүйхээрээ холдлоо.
"Энэ муу чинь— Хөөе!! Хүлээж бай!"
Тэд нар ард хашхирсаар, миний ардаас дагаад гүйх агаад би өнөөдөр яагаад пүүз биш ботинк өмсчихсөнөө гайхаж амжлаа. Пүүзтэй байсан бол илүү хол зугтчихсан байсан юм. Өнөөдрийг хараал идэг! Хараад идэ-
"Зогсож бай гээд байхад"
Гудамжны үзүүр харагдаж эхэлсэн ч тэнд өөр нэг танхай этгээд гарч ирснээр дөнгөж харагдсан гэрлийг хааж орхин, их л бахархангуй зогссоор ийн хэлэх аж.
Би хэтэрхий хурдан гүйчихсэнээс болоод шууд зогсчихож чадсангүй, бараг л түүнийг мөргөхөө шахсан ч тэр мөрнөөс барин зогсоов. "Хөөх, өөрөө энгэр лүү зүглээд ирдэг аятайхан юм биш үү"
Новш гэж, би яагаад энэ замаар явахаар шийдсэн юм бо- Байзаарай энэ хүрэм чинь?
Би гэрэлд түүний өмсчихсөн хүрмийг хармагцаа хөшиж орхилоо. Рюүгү- Кэний өмсөж байсан хүрэмтэй адилхан юм байна? Хар хувцсан дээрээ алтлан шар өнгөөр юм биччихсэн яг энэ хүрэм.
Юу вэ, танхайчуудын бүлэглэл- Тэгэхээр чинь?
Баахан бодлууд ар араасаа орж ирэхтэй зэрэгцэн хойноос хөөж байсан хэд нь ч гүйцээд ирлээ. Бурхныг бодож кинон дээр гардаг шиг аврагч гарч ирэхгүй л байхдаа.
Би зугтах гэж хэчнээн тийчэлсэн ч мөрнөөс барьчихсан нэг нь төсөөлснөөс ч хүчтэй байсан болохоор огт суларч чадсангүй.
"Холдоод өгөхгүй юу?" Би аль болох хоолойгоо чангалсаар хэллээ.
"Юу? Хатуу самар юм уу даа?" гэж тэр инээд алдсан хэлснээ "Хамт тоглоё л доо."
"Одоо түүнийг-"
"Хөөе муу новш нараа!!"
Энэ хоолойг сонсоод шууд хамаг эд эс сэргэчих шиг санагдах агаад, хоолой гарсан зүг рүү бүгдээрээ зэрэг харахтай зэрэгцэн миний эрхтэн рүү нь цохичихсон залуу хана руу савагдан унах нь харагдлаа.
Харанхуйд түүний алхаа үл ялиг цуурайтан сонсогдож, тэр удаанаар гэрэлд гарч ирэх агаад, хамгийн түрүүнд гутал нь, тэгээд нэлээд том гэмээр сул хар өмд, дараа нь хар хүрэм нь цухуйв.
Хамгийн сүүлд царай нь харагдахад түүний духан дээрх гүрээний судас нь гайхмаар томорчихсон, нүдэнд нь ямар нэг тамын оч гялалзаж харагдана.
Сэтгэл санаа гайхмаар тайвшраад ирэхтэй зэрэгцэн тэр хуруунуудаа дуугаргасаар "Жулдрайнууд минь, Томан хэзээ эмэгтэй хүнд гар хүрдэг байсан юм!!" гээд түүнтэй ойрхон зогсож байсан залуугийн нүүр лүү нь шууд шанаадаж орхив.
Тэр ганц цохиулаад л хамаг ухаанаа алдан хойш унахыг хараад би бараг л чичрэх шахлаа.
Намайг барьчихсан залуу ч айсандаа шуудхан надаас холдох агаад, зугтах гэсэн ч чулуунд тээглэн бүдрээд уначхав.
Кэн унасан залуугийн цамцнаас нь зуурч аван, босгохдоо "Маргаашийн уулзалтан дээр ирэхгүй байгаад үзээрэй. Тэнд Маикигаас шийтгэлээ авахгүй бол хаана байгаа газраас чинь хайж олоод турсгыг чинь хуулж орхино шүү." хэмээн шүдээ сийгүүлэн хэлсэн нь салхины шунгинан хийсэх чимээтэй хорших аж.
Заамдуулчихсан залуу хамаг хурдаараа толгой дохиход Кэн цамцнаас нь тавьж, залуу ч хар хурдаараа цааш зугтан гүйлээ. Кэн түүний араас харж байгаад нааш харахдаа "За, явах уу?"
Яагаад ч юм тэр над руу харахдаа инээмсэглэсэн. Саяхан л мангас шиг болчихсон байсан хэрнээ над руу харахдаа шууд л зөөлөрч орхисон.
Түүний ардаас нар тусч байна. Үүлсийн цаагуур одоо л нэг юм цухуйх жаргаж буй нарны туяа.
Яалт ч үгүй, түүний толгой дээрх луугийн шивээс гоё юмаа.
"Хаашаа явах юм?"
"Чи өлсөж байна гээ биздэ? Хоол идэхээр явцгаая."
"Юу-? Би тэгж хэлснээ санахгүй байна-"
Кэн шууд миний бугуйнаас татсаар "Түрүүн сургуулиас гарахдаа амандаа үглээд байсан юм байж. Алив ээ, би даах болохоор санаа зоволтгүй."
Тэгээд тэр үнэхээр намайг хоолны газар луу дагуулж явсан. Кэн өөрөө тийм ч их юм идээгүй боловч, намайг идэхийг хараад яг л цадчихсан юм шиг инээмсэглэсээр л байсан.
Үнэхээр увдистай бололтой, түүний инээмсэглэл. Байнга над руу тэгж инээмсэглэж байхад нь би үргэлж үл тоодог байж.
"Хоолонд, бас түрүүний болсон зүйлд баярлалаа."
Би нэг шарсан төмс савнаас нь авсаар ийн хэлэх бол Кэн намайг кетчуп авч амжихаас өмнө урд минь кетчуп тавьж өгсөөр "Чи үргэлж л баярлалаа гэж байх юм"
Инээд алдчихаад ундааныхаа соруулыг авах гэж байтал тэр урьтан соруулыг минь гарт атгуулах аж.
Кэн миний хийх гэж байгаа үйлдэл бүрийг урьтаж анзаарсаар байсан нь яагаад ч юм инээдтэй санагдсанд дахин инээд алдаж орхилоо.
"Ингэхэд Томан гэж юу юм? Түрүүн Томан хэзээ охидод гар хүрдэг байсан юм гээд л аймар ууртай хэлсэн."
"Манай бүлгэм байгаа юм" Кэн тохойгоороо ширээ тулсаар ийн хэлэхэд би зөв таачихсан байсандаа урамшин зальжин инээмсэглэлээ.
"Чи үнэхээр сонин юмаа"
"Яасан юм?" Би ундаагаа уух гэж байснаа гайхан ийн асуухад тэр энэ удаад шанаагаа тулсаар "Би байнга гэнэт гарч ирээд туслаад байж чадахгүй"
"Мэдэж байна" Тэр яг юу хэлэх гээд байна аа?
"Гэхдээ чамайг аюулд унагамааргүй байх юм"
Яг ингэж хэлэх үед бид яагаад ч юм харц тулгарчихсан.
Түүний нүдэнд ямар нэг гайхалтай зүйл оршдог. Үнэхээр тунгалаг, ариун зүйл. Хүрч боломгүй, алсаас л харж болох тийм зүйл оршдог.
Түүнээс үргэлж ялгарсаар байдаг дулаахан энерги, үргэлж инээмсэглэдэггүй ч хэлж байгаа үг болгон нь гайхмаар дотно байдгийг нь би одоо л нэг анзаарах аж.
"Манай бүлгэмд ор."
Тэр нүд рүү минь эгц ширтсээр юу ч болоогүй юм шиг ийн хэлэхэд нь би бараг л гартаа барьчихсан ундаагаа алдахаа шахлаа. "Юу?" Амьсгал хачирхалтай түргэсэж эхлэхтэй зэрэгцэн ийн хэлэхэд хоолой бодсоноос өөр өнгөөр гарчхав.
"Тэгвэл би чамайг байнга хамгаалж өгье"
Байзаарай, хэн ч намайг хамгаалаад өг гэж гуйгаагүй шүү дээ. Тэр гэнэт юун хачин юм яриад байгаа юм бэ? Үгүй ээ— юу гэж боломжтой байх юм?
Би огцом ширээнээс босоод "Үгүй ээ- Гэхдээ-"
Кэн ч бас намайг дагаж боссоноо, шуудхан ширээ тойрч ирэн, эрүүнээс зөөлхөн атгасаар над руу доош тонгойн "Би дахиж татгалзсан хариу авмааргүй байна."
Би сандарсандаа шуудхан шүлсээ гүдхийтэл залгилж орхилоо. Тэгээд яахаа мэдэхгүй түүн рүү дэмий л ширтэж байтал тэр "Зөвшөөрөх үү?"
Яагаад түүний л өмнө миний бардам, ширүүн зан, хэнийг ч улдаа гишгэж чадах хүчирхэг зан минь хүчин мөхөстөөд байгаа юм шиг санагдаад байна аа?
Тэр тийм л хүчтэй бололтой. Хэн нэгнийг зодох ч хүчтэй, хэн нэгнийг өөртөө ч татах хүчтэй юм байна.
Би хэсэг эргэлзсэн ч тэр байх юм чинь санаа зовох хэрэггүй байх гэж найдсаар удалгүй толгой дохиж орхив.
Кэн намайг энэ удаад ч бас зөвшөөрөхгүй өнгөрнө гэж бодсон аятай гүнзгий санаа алдсанаа, анзаарч амжаагүй байтал шуудхан уруул дээр минь үнсчих нь тэр.
Удаан үнсээгүй ч гэсэн- Бараг л бидний уруул хальт шүргээд өнгөрсөн ч гэсэн гайхмаар дулаан биеийг минь эзэмдчихсэн. Зүрх бараг л анх удаа гайхмаар хурдан цохилон, цээж минь урагдах вий гэсэн айдас ч төрөх шиг боллоо.
Түүний уруул зөөлхөн юм.
Тэгэхэд л анх удаа би эрэгтэй хүнд тэврүүлэх ямар гоё байдаг бол гэж, үргэлж хайртай залуугийнхаа нөмөрт зогсох хэчнээн дулаахан байдаг бол гэж, хэцүү үедээ үргэлж ингээд хөнгөхөн үнсэлт мэдрэх ямар жаргалтай санагддаг бол гэж бодож үзсэн юм. Анх удаагаа.
Зөвхөн түүнийг л энэ бүхнийг биелүүлж өгвөл юу юунаас илүү жаргалтай болох юм шиг байна гэж анх удаагаа бодсон.
"Бүлэгт тавтай морил."
Би муу залууст дуртай. Жинхэнэ эршүүд, хүчирхэг залуус л миний сонирхол байсаар ирсэн.
Гэхдээ Кэн Рюүгүжи гэх энэ хүн яг энэ цаг мөчид миний мөрөөдөл болчихсон юм. Муу залуу шиг л харагддаг болохоос үнэхээр сайхан сэтгэлтэй энэ хүн.
Ууртайд эрхлүүлэх гэж яарахгүй, гунигтайд сэргээх гэж хичээхгүй, ядарсан үед хэзээ ч орхиж явахгүй тэр мөрөөдөл минь. Зүгээр л хажууд минь байж өгөх сайхан сэтгэлтэй муу залуу миний дуртай киноны жаргалтай хэсэг шиг мөрөөдөл болж орхисон.
Би ширүүн эмэгтэй байх дуртай. Гэхдээ түүний хажууд миний гэсэн бүхэн хүчин мөхөстөх бололтой.
Тиймээс тэр миний муу залуу, харин би зөвхөн түүний зөөлхөн эмэгтэй байх болно.
~~~

~~~
A/n-Бороотой өдрийн мэнд~!!! 🥰
Яана аа, яг хүссэн шиг нь гоё болсон эсэхийг үнэхээр мэдэхгүй байна 🥺 Ямартай ч захиалагчдаа зөндөө их баярлалаа~! Энэ удаагийнх миний хувьд нэлээд том сорилт болсон. ❣️
Захиалснаас нь үл ялиг өөр байж магадгүй ч, таалагдсан гэж найдъя. 🥰
