Ban
FROM START TO THE END
Ban x Original character | Episode.22
[Seven deadly sins]
***
"Нана, өнөөдөр хамт хоолонд орох уу?"
Бан гал тогооноос нэлээд чангахан ийн асуухад би чихэвчээ тайлаад, хичээл хийж байсан дэвтрээ ч бас хаалаа. Тэгээд гал тогоо руу зүглэхдээ "Чамайг хоол хийнэ гэж бодсон юмсан?"
Түүнийг түрүүжингээ гал тогоонд байсан болохоор гарын хоолыг нь идэх нь дээ гээд баярлаж байсан юмсан. Ягаан хормогч зүүчихсэн тэр цааш харан зогсохдоо над руу ральтхан эргэж хараад "Элизабет Ахлагч хоёрт хийж байгаа юм"
"Юу?" Би шоглоомтойгоор инээд алдчихаад түүний хажууд очин зогсоод "Тэгээд өөрсөддөө хийдэггүй юм уу?"
"Чамтай гадуур хоолломоор байна" гэчихээд Бан их л өөрөөрөө бахархангуй инээмсэглэх агаад хурц соёо цонхоор тусах нарны гэрэл үл ялиг гялалзаж харагдсанд би өөрийн эрхгүй анхаарлаа соёон дээр нь төвлөрүүлж орхив.
Тэр ч миний анхаарлыг юу татсаныг мэдсэн аятай соёогоо хэлээрээ оролдоод "Амталж үзмээр байна уу?"
Би надаас бараг л хорин сантиметр өндөр түүний мөрийг шоглоомтой цохиод "Тэнэгтээд байх юм"
Түүнийг үнэхээр яагаад ийм өндөр гэдгийг нь би одоо ч мэддэггүй юм, бүр шал хэрэггүй өндөр гээч. Тэврэхээр би бараг д гэдсийг нь тэвэрчих гээд, хүссэн үедээ үнсчихье гэхээр өндөрт нь үсрээд ч хүрэхгүй.
Гэхдээ яагаад ч юм ийм өндөр байснаараа тэр надад илүү хань болж чаддаг юм шиг.
Би түүний шарж байгаа стек рүү аль болох анхаарлаа хандуулахгүйг хичээсэн ч яах аргагүй соусны амтлаг үнэр, махны шарах сэтгэл хөдөлгөсөн чимээнээс болоод анхаарал бүхэлдээ хоол руу зүглэж орхив. Ядаж байхад өдөр хичээлтэйгээсээ болоод хоол идэж чадаагүй юм, өлсөж үхэх нь.
"Нана" Бан өнөө юу ч хэлсэн өөртөө уусгаж орхидог баргил хоолойгоороо нэрийг минь болгоомжлонгуй дуудсанд би толгойгоо өргөн түүн рүү харлаа. Тэр харин над руу биш хоолондоо анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд үл мэдэг инээмсэглэчхээд толгойг минь илэх аж.
"Чамайг өлсөж үхэхээс өмнө явцгаая, хувцсаа өмсөж бай." гэхэд нь би толгой дохичихоод түргэхэн өрөө рүүгээ зүглэлээ.
Уг нь Бан бид хоёр тусдаа гэртэй ч гэсэн түр зуур асуудал гарснаас болоод Элизабет Мелиодас хоёртой цуг амьдрахаар болчихсон. Энд хэр удахыг хэлж мэдэхгүй байгаа ч Элизабет тэр хоёрын хүүхэд Тристантай тоглодог болохоор тэгтлээ уйдаад байдаггүй юм.
Би хар жийнсэн дээрээ усан цэнхэр цамц өмсчихөөд, жаахан задгай харагдах энгэрээ зүүлтээр чимэхээр шийдээд чимэглэлүүдээ шалгаж байтал гэнэт үүдэнд ямар нэг зүйл нурах чимээ тасхийн дуугарах нь тэр.
Гартаа дөнгөж сонгоод байсан зүүлтээ атгасан чигтээ сандрангуй үүд рүү очтол Бан Мелиодас хоёр гар барилдаж байгаад аяны ширээ эвдэлчихсэн харагдах ба, хажууд нь Тристан их л хөгжилтэй нь аргагүй инээмсэглэн зогсоно.
Мелиодас гэр бүлтэйгээ дэлгүүр хэсчихээд одоо л ирж байгаа бололтой.
"Өө, Нана. Сайн уу" Мелоидас баруун мөрөө эргүүлэн дасгал хийж байснаа өрөөнөөсөө гайхсан харцтай шагайх намайг хараад ийн мэндлэх аж.
"Сайн уу" гэж би зөрүүлж мэндэлчихээд зогсож байтал Бан одоо л хормогчоо тайлсаар над руу дөхөж ирэхдээ "Бэлэн болчихсон уу?"
Би толгой дохиход тэр гаранд атгаастай зүүлтийг минь авсаар ард гаран зогсохдоо "Миний авч өгсөн даашинзыг өмсөхгүй яасан юм?" гээд үсийг минь урагш нь мөр давуулсаар зүүлтийг минь зүүж өгөх аж.
Харин би үсээ хойш нь шидэлсээр "Бараг л биеийн бүх хэсэг гардаг улаан өнгийн даашинзыг хэлж байна уу?" хэмээн ёжлон хэлэв.
Тэр доош миний нүүртэй зэрэгцэн тонгойхдоо үл мэдэг шоглоомтой жуумалзах агаад, удаанаар хамар дээр минь үнсчихээд "Хамаагүй дээ, ямар ч хувцас өмссөн миний эмэгтэй хөөрхөн харагдаж байна"
"Та хоёр гарах гэж байгаа юм уу?" Элизабет гаднаас хэд хэдэн тортой зүйлс барьсаар орж ирэхдээ бид хоёрыг харан ийн асуух агаад би түүн рүү эргэн харсаар түрэгхэн толгой дохиж амжлаа.
Мелиодас Элизабетийн гарнаас тортой зүйлсийг авангаа "Та хоёрыг орой ирэхгүй гэж найдъя"
"Юу?" гэж би түүний албаар шоглож буй царай руу харсаар асуувал тэр Бан бид хоёр луу ээлжлэн харснаа нүдээ ирмээд том өрөө зүглэх аж. "Зочид буудалд ганц өдөр хонож яагаад болохгүй гэж? Би ч бас та хоёрын хүүхэ-"
Би түүнийг үгээ дуусгаж амжихаас өмнө хоолойгоо зассаар сандрангуй"Я-явцгаая!" хэмээгээд Баны гарнаас түрэгхэн атгах бол цаана Элизабет үл мэдэг инээд алдах нь харагдана. Тристан харин саяхныг хүртэл чимээгүй бидний яриаг сонсож байгаад сүүлдээ юу ярьж байгааг ойлгохоо больсон бололтой "Аав юу хэлэх гэж байсан юм?"
"Юу ч биш ээ!" гэж би инээд алдан хэлээд гараа толгойтойгоо сэгсрэхэд Бан бэлхүүсээр минь удаанаар тэврэхдээ "Ахлагчийн зөв шүү, хоёула-"
"Бурхан минь би коллежоо ч төгсөөгүй байгаа шүү дээ! Тэглээ ч-" Би энэ тэнэг байдлаас гарах аргаа хайн тохиромжтой үг сонгохыг хичээсээр нүдээ ийш тийш нь эргэлдүүлж байгаад "...би өлсөж үхэх нь, явъя л даа..."
***
"Тэгээд бүр яасан гээч? Би яг багшид хариу хэлэх гэж байсан чинь..." Би өчигдөр хичээл дээр болсон дургүй хүргэм явдлаа ярьж байхдаа стейкнээсээ нэг зүсмийг аван ам руугаа хийгээд, хэд хэд зажалсныхаа дараа "Хажуунаас нэг хүүхэд хариулчихсан байхгүй юу..."
Бан чимээгүйхэн сонсонгоо над руу ширтсээр л байх агаад би түүний энэ харцанд нь дасаад удчихсан болохоор элдэв зүйл хэлсэнгүй. Түүнтэй хамт дандаа ингэж өөд өөдөөсөө харж суучхаад хооллодог болсноос хойш хоёр жил өнгөрч байна. Одоо бол түүний энэ ширүүн нүдний цаана мэдрэгдэх дулаахан харцгүй л бол хоол хоол шиг амтагдахаа болиод, хэчнээн дулаахан байсан ч бие хүйт даадаг болчихсон.
Хэтэрхий их ингэж дасч болох эсэхдээ би заримдаа эргэлзээд байдаг ч гэсэн Бан зүгээр л хэзээ ч миний хажуунаас холдохгүй байх юм шиг мэдрэгддэг.
Үүрдийн зүйл гэж байхгүй гэж хүмүүс хэлдэг ч, үүрд болгох эсэх нь тэд нарын л шийдвэр шүү дээ.
"Аан тийм, нөгөө ангийн охин бас надад бэлэг өгсөн юм байна" Би сүүлчийн хэрчим стейкээ ам руугаа хийчхээд, амаа арчих алчуураа хайж байтал Бан сандалнаасаа хагас өндийн над руу биеэрээ налахдаа хуруугаараа амыг минь арчиж өгөөд "Миний эмэгтэй их алдартай байх нь ээ"
Тэр соус болчихсон гараа өдөх аятай удаанаар долоохдоо буцаж сандалдаа суух бол би инээд алдаад "Үгүй ээ, валентин гээд хоёр л хүн бэлэг өгсөн шүү дээ. Нэг нь чи, нөгөө нь тэр охин."
"Чи түүнд юу гэж хэлсэн юм?"
"Үнэндээ санахгүй байна" би эв хавгүй инээд алдлаа. Үнэхээр тэр үед юу болсныг санахгүй байна. Гэв гэнэт л надтай хэдхэн хичээл дээр таарч байсан охин бэлэг өгөхөөр ирэхдээ надад сайн гэдгээ хэлсэн юм. Би үнэхээр их гайхаад өгсөн шоколадыг нь авснаа бол санаж байгаа ч, түүний сэтгэлд юу гэж хариулснаа санахгүй байна.
Угаасаа их стресстэй өдрүүд өнгөрч байгаа болохоор ой санамж ч хаа нэг тийшээ салхинд туугддаг болчихсон юм. Түүнийг хэтэрхий их гомдоочхоогүй л байгаасай.
Бан бид хоёр хоолныхоо тооцоог хийчхээд машин руугаа зүглэж байтал тэр гэнэт байрандаа зогссоноо "Түр байж бай" хэмээлээ.
Тэр эхлээд миний мөрөөр унжих үсийг хойшлуулснаа дээрээс минь доош удаанаар ажиж хараад, удалгүй үсийг минь дахин урагшлуулж нэг харах аж.
Нар одоо л жаргаж байгаа бололтой шар, магадгүй улбар шар туяа нь өндөр барилгуудын цаанаас арай ядан харагдаж, тэнгэр ч бага багаар харанхуйлна. Баны ардхан харагдах хаврын оройн үзэсгэлэнтэй төрх түүнийг улам л тодоор гэрэлтүүлж харагдуулахад би өөрийн эрхгүй инээмсэглэж орхилоо.
Тэр хэтэрхий өндөр. Тэгээд хэтэрхий халамжтай. Хаана ч явсан би түүний л хажууд байвал үнэхээр юу ч хэрэггүй мэт. Энгийн болзоо маань ч хэтэрхий гэмээр дулаахан орон зайд өнгөрөөд, жирийн үнсэлтүүд маань ч гайхмаар их жаргал дунд амтагддаг.
Хайртай гэх үггүйгээр бүх хайраа харуулж чаддаг хүн гэвэл яалт ч үгүй Баныг л ганц нэрлэж чадна байх.
"Явцгаая." гэж удалгүй тэр хэлээд бэлхүүсээр минь зөөлхөн тэвэрснээ, шууд л машинаас эсрэг чиглэлд алхаж эхлэхэд би гайхсандаа "Хаашаа явах гэж байгаа юм?"
"Парк"
"Юу? Яагаад?"
Би өөрийн мэдэлгүй ийн асуусан дариудаа шал дэмий юм асуучихсанаа мэдээд амаа жимийлээ. Мэдээж энэ чинь болзоо шүү дээ, парк орох бол хэвийн үзэгдэл.
"Чамтай хамт ганц ч удаа галзуу хулганад сууж үзээгүйгээ санаад."
Нээрээ бодоод байсан чинь бид хоёр миний төрсөн өдрөөр ганцхан удаа парк орчхоод, баахан амттан авч идсэнээс биш бараг ганц ч тоглоомон дээр тоглоогүй юм байна. Гэхдээ аймшгийн байшин руу орсоноо санаж байна, кинон дээрээс олон удаа тиймэрхүү зүйл үзээд бэлэн байна байх гэж итгэсэн ч үнэхээр их айсан шүү.
Сүүлд нь бүр юу ч харахыг хүсээгүйдээ Банд үүрүүлчхээд нүүрээ нуруунд нь нааж явж билээ.
"Эсвэл өөр тоглоом дээр суух юм уу?"
Тэр гараа дээшлүүлэн энэ удаад мөрөөр минь тэврэхдээ үсээр минь хуруугаа ороон тоглож эхлэх аж. Харин би түүний үсээр минь оролдох гарыг атгахдаа толгой сэгсрээд "Үгүй ээ, галуу хулгана гоё сонсогдож байна."
Хэрвээ би 30 минутын дараа тэгтлээ харамсахаа мэдсэн бол хэзээ ч тэгж хэлэхгүй байсан юм.
Би галзуу хулгана явж эхэлснээс хойш дуусан дуустал нүдээ тас аниад Баны гарнаас хамаг чангаар зуурсан. Ухаан санаа орж гараад, зүрх үе үе гэнэтийн цохилтонд орсоор эцэст нь нэг юм галзуу хулганаас буусан ч, тэр дариудаа ариун цэврийн өрөө рүү гүйсэн юм даг.
Үнэнээ хэлье, огтхон ч сайхан байгаагүй.
"Дахиж... суухгүй байцгаая"
Би Банд үүрүүлчихсэн чигтээ нурууг нь дэрлэсээр нэлээд сулбагар дуугаар ийн хэлэх бол тэр харин хөнгөхөн инээд алдсаар "Паркаас гарах болгондоо л надад үүрүүлэх юмаа"
Би хэрүүл өдөхөөр амаа нээсэн ч дотор муухай оргисоор байсанд чимээгүй өнгөрөөхөөр шийдээд санаа алдлаа.
Одоо ч галзуу хулганы тойрогт эргэлдэж байгаа мэт толгой эргэж, хүндүүрлэсээр л байх ба би зүгээр болно гэж найдан нүдээ аниад гүнзгий амьсгаа аван гаргав.
"Машин руугаа явахгүй юм уу?"
Баныг шууд гэр зүглэхийг анзаараад ийн хэлэхэд тэр хэсэг чимээгүй болсноо "Машинд суувал дотор чинь бүр муухайрчихна. Энэ чигээрээ харьцгаая. Замаараа эмийн сангаас дотор муухайруулдаггүй эм ч бас авах юм байна."
"Намайг удаан үүрээд-"
"Зүгээр болохоор нурууг минь дэрлээд унтчих. Гэртээ хариад сэрээх болохоор."
Тэр яриаг минь таслан тайвшрангуй өнгөөр ийн хэлчхээд над руу хойш хальтхан эргэж харахдаа дулаахнаар инээмсэглэх аж.
Заримдаа, бүр үнэхээр заримдаа толгойд минь хачин асуулт орж ирдэг юм. Түүн шиг ийм нандин, халамжтай хүн яаж надад заяасан юм бол?
Би үнэхээр түүн шиг нэгнийг хүртэх эрхтэй хүн мөн гэж үү? гэж боддог. Гэхдээ магадгүй би зүгээр л хэтэрхий их азтай болохоор хамгийн дурсамжтай дурлалаа амсаж яваа байх.
Түүнийг хэзээ нэгэн өдөр мартах шаардлагатай болох байсан ч хамаагүй, яг одоо цагт хайрласаар л байхыг хүсч байна.
Намрын сэнгэнэсэн салхи, өвлийн бүлээхэн цасан ширхэг, хаврын жаргалтай навчис, зуны нандин дурлал минь тэр болохоор ганц ч хором түүний оршихуйгаас хөндийрмөөргүй байна.
Бидний үлгэр сүүлчийн хуудас руу шилжих хүртэл үүрд хамтдаа байгаасай. Эхлэлээс Төгсгөл хүртэл гарнаас минь атгах цор ганц нэгэн нь тэр минь байгаасай.
Зөвхөн чи бид хоёрын л бичиж буй номын хуудсууд болохоор өөр хэн ч бүү оролцоосой.
Харцнаас нь харагдах энэрэл, үгсээс нь мэдрэгдэх эгшиг болгон надад л зориулагдсан байгаасай.
Би Баны нурууг дахин нэг дэрлэхдээ үнэхээр шунан шунан үнэрийг нь үнэртээд гүнзгий санаа алдлаа.
Тэгээд нэг л мэдэхэд би түүний үнэрт мансуураад унтаж орхисон байв. Харин Бан гэртээ хариад сэрээе гэж хэлсэн ч намайг өглөө болох хүртэл ганц ч удаа сэрээх гэж оролдоогүй юм.
***
A/n-Hiii~ 🥰
Зааа oneshot-уудаасаа арай л удаан завсарлага авчихсан болохоор та хэдийг хүлээж байгаа байх гээд эцэст нь эргээд ирж байна~! ❤️
Зөндөө хүмүүсийн захиалгыг удаачихлаа, үнэхээр их уучлаарай 🙏
Удахгүй дараагийн хэсгүүд маань орноо 🥰 Хүлээж байсанд маш их баярлалаа ♥️
