Shinso Hitoshi
OUR MEMORIES
Shinso x Original character | Episode.21
[My hero academia]
***
11 нас.
Бороо орж байна. Дусал дуслаар газар луу тэмүүлэн бууж, хуурай газрыг бага багаар норгох бороо орж байна.
Хэдэн өдрийн турш үүлэрхэг байж байгаад өнөөдөр л бороо орж буй нь энэ. Үл ялиг чийгтэй үнэр, шар үс босгом сэрүүхэн салхи үргэлж миний хувьд таатай мэдрэмж төрүүлдэг байсан.
Өнөөдөр ч бас бороо орохгүй байхдаа гэж бодоод шүхрээ авахгүй гараад ирчихснээс болоод үснээс авахуулаад хамаг хувцас минь норж эхэллээ. Уг нь бороонд ч, бороонд нороход ч дуртай боловч хувцас биенд наалдахад бол ёстой дургүй.
Би эргэн тойрноо харсаар орогночих газар хайсан ч ердөөсөө тийм газар харагдсангүйд зүгээр л бууж өгөхөөр шийдээд, хөнгөхөн санаа алдлаа.
Юутай ч хурдхан харих хэрэгтэй.
Би ийн бодсоор нүүрээ нэг арччихаад, гэр лүүгээ аль болох хурдан алхалж эхэллээ. Борооноос болоод толгойгоо шууд өргөөд алхчихаж чадахгүй байсан тул газар ширтсээр явж байтал гэнэтхэн хэн нэгний цээжийг мөргөж орхих нь тэр.
"Уучлаа-"
Би яг уучлалт гуйхаар дээш толгойгоо өргөхдөө өөрийн эрхгүй үгээ залгичихлаа.
Царайлаг юм. Үл мэдэг сэгсийчихсэн үстэй, сэтгэл хөдлөлгүй мэт харагдах харцтай ч гэсэн үнэхээр царайлаг юм байна.
"Зүгээр ээ." Би бүрэн уучлалт гуйж амжаагүй ч тэр ийн хэлэх агаад, гартаа барьчихсан хар шүхрээ үл ялиг дээшлүүлсээр амандаа "Бүхэлдээ норчхож..." хэмээн бувтнах нь сонсогдлоо.
"Айн?" гэж би өөрийн эрхгүй дуу алдчихаад удалгүй миний тухай ярьж байгааг ойлгоод "Аан, тийм ээ. Гэхдээ зүгээр ээ."
Би нороод хацарт наалдах үсээ хойшлуулсаар доош хальтхан бөхийгөөд "За, тэгвэл би явъя даа" гээд дөнгөж түүнээс холдтол тэр гарнаас барин зогсоож орхилоо.
"Хүлээ, хамт явъя"
Айн?
Юу?
Би өөрийн эрхгүй байрандаа цочисхийн, түүн рүү гайхсан байртай харав.
Айн? Би буруу сонсчихсон уу?
"Шүхэргүй охиныг хар борооноор орхиод явдаг эр хүн байдаг юм уу? Тэгж гайхахаа боль оо." хэмээхдээ тэр шүхрээ үл ялиг нааш чиглүүлэх агаад, би одоо ч итгэж чадахгүйдээ түүн рүү том нүдлэн харсаар л байв.
Тэр намайг гайхаж дуусахыг хүлээж байгаа бололтой мөн адил над руу чимээгүйхэн ширтэх ба, удалгүй санаа алдаад "Гэр чинь хаана юм?"
"Т-тийш ээ" Би шүлсээ залгилаад гэрийнхээ зүг рүү нэг л итгэж ядан заасан болоход тэр толгой дохисноо түрүүлээд заасан зүг рүү минь алхалж эхлэв.
Шүхэр толгой дээрээс холдож, бороон дуслууд дахиад л биеийн хаа сайгүй газардаж эхлэхтэй зэрэгцэн би сая нэг юм сөхөө ороод түрэгхэн гүйсээр түүний хажууд очин алхаж эхэллээ.
Тэр надаас жаахан өндөр юм байна, толгойгоо жаахан л хажуу тийш болгочихвол яг түүний мөрийг налж болохоор.
Хүлээгээрэй, би юу бодоод байнаа? Сэрж үз, Юкико!
"Чамайг хэн гэдэг юм?" гэж тэр борооны чимээг давах гэсэндээ хоолойгоо жаахан өндөрсгөн хэлэх ба яагаад ч юм бусад хөвгүүдээс мэдэрдэг хачирхалтай мэдрэмж түүнээс мэдрэгдэхгүй байгаа нь сонирхол татах аж. Түүний хоолой нь үнэхээр тайван, гэхдээ үл ялиг сөөнгө юм. Удаан сонсоод л байвал бүүвэйлэгдээд унтчихмаар.
"Юкико Хироми. Харин чинийх?"
"Шинсо Хитоши."
Тэр урагш харсаар хариулах бол би түүн рүү харсан чигтээ толгой дохилоо.
Шинсо Хитоши. Шинсо Хитоши.
Бид хоёр замдаа дахиад юу ч ярилцаагүй ч гэсэн, манай гэрийн урд ирсний дараа Шинсо дараа дахиж дахиж уулзахаа хэлсэн юм.
Дахиад уулзана гэж хэлэхэд эхэндээ хачирхалтай санагдаж билээ, яагаад дөнгөж танилцсан огт мэдэхгүй охинтойгоо дахиж уулзахыг хүссэн юм болоо гэж бодсон.
Тэгээд удалгүй дэлгүүрт дахиж тааралдсаны дараа тэр өөр найзгүй гэж хэлсэн. Дахиад л их хачин санагдсан, яагаад түүн шиг дулаахан хүн нэг ч найзгүй байдаг байнаа?
Гэхдээ би ч бас тэгтлээ олон найзуудтай байгаагүй болохоор Шинсотой нэг л мэдэхэд үнэхээр дотно найзууд болчихсон байсан юм. Хаашаа ч явсан биенийгээ дагуулж явдаг, юу ч тохиолдсон биендээ тусалж, уучилж бас хайрладаг тийм найзууд болчихсон байлаа.
Гэхдээ энэ удаан үргэлжлэх тавилангүй нөхөрлөл байсан юм.
13 нас.
Манай гэр бүл ээж аавын ажлын асуудлаас болоод нүүчихсэнээс болоод Шинсо бид хоёр холбоо тогтоож чадахаа больсон. Уулзаж, бүр утсаар ч ярьж чадаагүй.
Хоёр жилийн турш хажууд байсан тулгуур тэгээд л нэг өдөр алга болчихсон болохоор үнэхээр гунигтай санагдаж, өдөр болгон орон дотроо уйлна.
Биелүүлж амжаагүй амлалтууд, өгч чадаагүй сэтгэл, амсуулж чадаагүй жаргал зөндөө байхад одоо тэр бүхнээ би өөртөө л хадгалах хэрэгтэй болж байх шиг байна.
Санаж байна, Шинсо. Сайн найзын хувиар, анхны хайрын хувиар.
15 нас.
Осол. Учир нь олдож амжаагүй толгой эргэм осол.
Би нүдээ удаанаар нээхэд хамгийн түрүүнд төсөөлсөн шиг эмнэлгийн тааз угтлаа. Хамаг биеийн мэдээ алдчихсан аятай нүднээс өөр юугаа ч хөдөлгөж чадахгүй байна.
"Юкико!" гэх ээжийн шаналал хурсан хоолой чихэнд зэвүүнээр цуурайтах шиг болсонд би өөрийн эрхгүй ярвайж орхилоо.
Одоо л бие минь аажмаар мэдээ орж, чих дүнгэнэж эхлэх агаад хуруугаа ч хөдөлгөж амжаагүй байтал хэн нэг цагаан халаадтай эрхмийн царай харагдаж, тэрээр нүд рүү минь гэрэл тусган нэг зүйл шалгах аж.
"Юкико, бурхан минь гэж. Юу болох нь энэ вэ?" Ээж минь гарнаас атгасаар хажууд уйлагнан хэлэх ба түүний цаана өөр нэг охин харагдсан ч танихгүй хүн бололтой, огт нэр нь орж ирэхгүй байна.
Тэр охин нааш дөхөж ирээд, нүдэнд нь хурчихсан нулимсаа арчсаар "Ашгүй нүдээ нээчихлээ, ямар их санаа зовов оо."
"Х-хэн.. бэ?"
Ээж тэр охин хоёрын царай бараг л зэрэг шахам барайх агаад, ээж түүний мөрөн дээр гараа тавьсаар "Харуко шүү дээ, чиний сайн найз. Санахгүй байна уу?"
Би эргэлзэлгүй толгой сэгсэрлээ.
Дотор муухай оргиж байна, эмний үнэр ядаргаатай байна.
"Юу.. болсон.. бэ?"
"Чи нэг охиныг авраад өөрөө машинд дайруулчихсан." гэж ээж сандрангуй хариуллаа.
Аан, нээрээ тийм юм байна. Улаан даашинзиай хөөрхөн жижигхэн охин байсан.
"Тэр охин.. зүгээр үү?" Хоолой жаахан аргаж байсан ч би нэг их тоосонгүй ийн асуувал ээж хурдан хурдан толгой дохино.
Хажууд зогсох эмч сувилагчдаа ямар нэг зүйл хэлсний дараа "Тархины зургийг нь харахад бага зэргийн бэртэл байсан. Үүнээс болоод ой санамж нь алга болсон байх магадлалтай."
"Бурхан минь" гэж ээж өөрийн эрхгүй амандаа бувтналаа.
Ой санамжаа алдах... Яагаад ч юм үнэхээр чухал юмаа мартчихсан юм шиг санагдаад цээж хүндүүр оргиж эхлэхэд би өөрийн эрхгүй ярвайж орхилоо.
Бие минь өвдсөөр байгаа ч цээж хэсэг илүү хүндүүр оргиж байна. Юу мартчихсан юм болоо?
16 нас.
Ослоос болоод би бараг л нэг жил сургуульдаа огт яваагүй. Уг нь одоо ахлах сургуулийн хоёрдугаар ангид орох ёстой байсан ч, өчигдөрөөс эхлээд нэгдүгээр ангид сурч байгаа.
Тэр үед алдсан дөрвөн жилийн дурсамжаа би одоо ч олж авч чадаагүйгээс болоод хичээлийнхээ тухай бараг л юу ч мэдэхгүй байна.
"Би маргааш математикийнхаа номыг аваад ирье" Харуко сандлаасаа боссоор ийн хэлэх ба би инээмсэглэн толгой дохичхоод хичээлүүдээ цүнхлээд, бид хамтдаа номын сангаас гарлаа.
"Чи түрүүлээд явж байх уу? Би багштай уулзах хэрэгтэй юм байна." гэж Харуко шатаар буухынхаа өмнө хэлэхэд би толгой дохиод "За тэгвэл, маргааш уулзъя."
"За~"
Сургуулийн гадаа гарч ирэхэд бороо орж байгааг анзаараад би бараг л санаа алдахаа шахав. Шүхрээ авчраагүй юмсан. Одоо бол бороонд алхвал цүнхээ ч бас норгочих болохоор тэгж болохгүй...
За байз, ээж рүү залгадаг ч юм билүү? Өнөөдөр сургуультай ойрхон ажилтай гэж байсан юм чинь...
Би утсаа гаргахаар үүргэвчээ тайлж байтал гэнэт хэн нэгэн нь урд ирж зогсох нь харагдах аж. Гайхан удаанаар толгойгоо дээшлүүлээд харвал үл ялиг буржгардуу үстэй, үхмэл харцтай эрэгтэй хүүхэд гартаа хар шүхэр барьчихсан зогсож байв.
Манай сургуулийн дүрэмтийг өмсчихөж, харж байгаагүй ч энэ сургуульд л сурдаг бололтой.
Тэр надад юм хэлэх гэсэн бололтой нэлээд ойрхон зогссоор л байх бол би харин үл ялиг гайхсан харцаар түүн рүү харна.
"Удаан уулзсангүй шүү" гэж эцэст нь тэр аяархан хэлэхэд би өөрийн эрхгүй шүлсээ залгиллаа.
Өө, золиг. Магадгүй осолд орохоос өмнө уулзаж байсан байх, гэхдээ би юу ч санахгүй байна. Бурхан минь, өдийг хүртэл олон хүнд 'уучлаарай, хэн бэ?' гэж хэлж байсан ч одоо нэг л тохиромжгүй үе юм шиг байна.
Учир нь, тэр над руу бүр үнэхээр том зүйл хүлээж байгаа мэт хараад байна.
Сандраснаас болоод зүрх хүчтэй цохилох агаад, итгэл тээсэн харцнаас нь бултахыг хичээсээр би өөр тийш харсаар хоолойгоо засаж амжлаа.
"Аан... юу..." Би дахин нэг хоолойгоо засах бол тэр үл мэдэг хөмсгөө зангидсаар "Намайг санахгүй байгаа юм уу?"
Чиний мэддэг хүн чамайг мэддэггүй байх нь үнэхээр их өвтгөдөг байх даа. Би тийм мэдрэмж амталж үзээгүй ч түүний харцанд хормын дотор хураад ирсэн гуниг өөрийн эрхгүй ингэж бодуулахад хүргэх аж. "Уучлаарай... осолд орсноос болоод хэдэн жилийнхээ дурсамжийг огт санахгүй байгаа юм. Чи.. намайг сайн мэддэг бололтой."
Би сүүлчийн өгүүлбэрээ аль болох инээмсэглэн хэлэхийг хичээлээ.
"Бид найзууд байсан."
Тэр нэг тогтсон өнгөөр хэлэх ба, би түүн рүү дээш харж байгаад бие нэг л тавгүй оргиод ирсэнд түрэгхэн л ээж рүү залгахаар утсаа гаргаж ирлээ.
Найз... найз? Ямар эвгүй юм бэ. Би уг нь эрэгтэй хүүхэдтэй огт найз болдоггүй байсан юмсан.
"Ээж? Юу.. Тарчихлаа. Т-та хүрээд ирж болох уу? Би шүхэргүй..." гэчхээд би түүнээс хэд хэдэн алхам ухраад, шивнэх шахам "Бас нэг хүүхэд намайг таньдаг гээд гараад ирсэн. Би танихгүй байна, гуйя хурдан ирээрэй." хэмээн сандрангуй хэллээ.
Ээжийг ирэх хүртэл бараг л арван минут тэр бид хоёр юу ч ярьсангүй. Нэлээд эвгүй байдалтай сургуулийн үүдэнд зогссоор л байх ба эцэст нь нэг юм ээжийн машин сургуулийн хашааны гадна харагдахад би тайвшрангуй санаа алдлаа.
"Шинсо юу даа? Хөөх, чи энд сурдаг болоо юу?"
Ээж нааш ирэхдээ намайг харсан ч үгүй, түүн рүү харсаар амандаа уулга алдахад миний нүд бүр томорч орхив.
"Сайн байна уу, хадагтай Хироми." гэж тэр бөхийн мэнд мэдлээ.
Би ээж тэр хоёр луу харж байгаад, "Ээж, түүнийг таньдаг юм уу?"
"Тийм ээ, та хоёр их сайн найзууд байсан. Биднийг нүүхээс өмнө өдөр болгон уулздаг байсан шүү дээ." гэж ээж дуржигнуулсаар хэлээд Шинсотой ямар нэг зүйлийн тухай ярьж эхлэв.
Харин би бүр гайхаж гүйцээд, үнэхээр яаж Шинсотой найзууд болчихсноо бодож эхэллээ.
Шинсо ээж хоёр хэсэг юм ярилцсаны эцэст Шинсо над руу харсаар "Намайг танихгүй ч гэсэн, дахиад танилцахад л болно биздэ? Шинсо Хитоши." гээд гараа сунгах аж.
"Юкико.. Хироми." Би жаахан сандарсан ч инээмсэглэсээр түүний гарыг атгасны дараа ээж алгаа нэг чанга ташсанаа "Та хоёр хамт харивал яаж байна? Ээж нь угаасаа нэг ажил хийх ёстой байсан юм."
"Юу-" Намайг үгээ гүйцээж амжаагүй байтал ээж духан дээр үнсээд "За, болгоомжтой яваарай" гэсээр үгийн зөрүүгүй машин руугаа гүйчихлээ.
Ямар гээч-?
Яахав тэгтлээ дургүй байсан юм бол байхгүй ч... Дөнгөж танилцсан хүнтэй ингээд хоёулханаа үлдэх эвгүй байна шүү дээ.
Гэсэн ч эцэст нь бид хоёр түүний шүхрэн доор зэрэгцэн алхалсаар, гэр лүү зүглэлээ.
Бороо харин өмнөхөөсөө ч илүү ширүүсэж эхлэнэ. Борооны дулаахан чийг, сэнгэнэсэн үнэр нь урьдных шигээ л хамаг эд эсийг минь сэргээх шиг болсонд би нүдээ аниад гүнзгий амьсгаа авлаа.
Гэтэл гэнэт биеийг минь ямар нэг хүчтэй зүйл цохих шиг л болж, амьсгал давчдахтай зэрэгцэн толгой айхтар хатгуулан өвдөж эхлэх нь тэр.
Тэр надаас жаахан өндөр юм байна, толгойгоо жаахан л хажуу тийш болгочихвол яг түүний мөрийг налж болохоор.
Хаашаа ч явсан биенийгээ дагуулж явдаг, юу ч тохиолдсон биендээ тусалж, уучилж бас хайрладаг тийм найзууд.
Юу вэ? Юу болоод—
Толгойд хэзээнийх гэдэг нь тодорхойгүй үйл явдлууд харагдаж эхлэхэд би өөрийн эрхгүй хөл алдан газар унах дөхсөн ч, азаар Шинсо шүхрээ хаяад намайг тосч авах аж.
"Юкико? Юкико, зүгээр үү? Яасан бэ?"
Бид хамтдаа бороонд норж байна.
Санаж байна, Шинсо. Сайн найзын хувиар, анхны хайрын хувиар.
"Шинсо..." Толгойн өвдөлт арай намдаад, харанхуйлчихсан нүдэнд түүний харц тусах үед би нэрийг нь чимээгүйхэн шивнээд, өөрийн эрхгүй түүний бэлхүүсээр гараа ороон чангахан тэвэрлээ.
"Юкико?"
"Саначихлаа..."
Бидний өнгөрүүлсэн цаг хугацаа, бидний хамтдаа оршсон орон зайг саначихлаа.
Чиний нөмөрт өнгөрүүлсэн бороотой шөнүүд, чиний сүүдэрт хоргодсон нартай өдрүүдийг одоо л нэг юм санаж байна.
Сэтгэл минь тэгтлээ үгүйлээд байсан сарниж орхисон нандин дурсамж минь, бие минь тэгтлээ хүсэмжлээд байсан гандаж орхисон дурлал минь.
"Шинсо, уучлаарай... мартчихсанд. Чамайг санаагүйд. Үнэхээр их өвдсөн байхдаа, би чамайг мэдэхгүй байсан болохоор" Би түүний энгэрт улам шигдэн, бороотой цуг уйлсаар хэлллээ. "Уучлаарай..."
Шинсо аль хэдийн хангалттай норчихсон үсийг минь удаанаар илсээр инээд алдаад "Үгүй дээ, санахгүй байсан ч би хоосорч орхисон дурсамжуудаа эргээд нөхөхийг хичээх байсан юм. Гэхдээ ой санамж чинь эргээд ирсэн нь ашгүй дээ."
Би толгойгоо зөөлхөн дохилоо.
Түүний энэ энгэрийг би ямар их саначихсан байсан юм бэ, огтхон ч гараа таталгүйгээр цээжинд нь бүр уусч орхихыг хүсч байна.
Нэг их удалгүй Шинсо царайг минь харахаар тэврэлтээ салгах агаад хацар дээр бамбөрөх дусал нулимсыг минь арчсаар "Бүх зүйлээ саначихсан уу?"
Би инээмсэглэн толгой дохилоо.
"Тэгвэл.. Чамд хайртай гэж хэлсэн үеийг ч бас санаж байгаа байх нь ээ."
Яг гэрээс нүүдэг өдөр түүнийг машины ардаас гүйнгээ амьсгаадан байж хайртай хэмээн хашхирсан үеийг дурсаад би инээд алдсаар дахиад л толгой дохилоо.
"Одоо чиний гэсэн бүхнийг санаж байна. Эцэст нь гарч ирсэнд баярлалаа, Шинсо. Хайртай шүү" гэж бороонд нороод үс нь нүдийг нь халхалчихсан байгаа ч гэсэн би яг түүний нүд рүү ширтэхийг хичээсээр хэллээ.
"Хайртай шүү." Тэр удалгүй зөрүүлж шивнээд, дахин нэг удаа удаанаар намайг энгэртээ наан тэвэрлээ.
***
A/n-Захиалагчид маань таалагдсан гэж найдъя🥰❣️
