Ayanokouji Kiyotaka
WE'RE TOGETHER MAIN CHARACTER
Ayanokouji x Horikita | Episode.20
[Classroom of the elite]
———
"Хөөе, Киёотака."
Хорикита хажууд хоолоо тавьсаар сандал дээр суухдаа их л жигшингүй ийн хэлэх бол би тайвнаар "Яасан?"
"Түрүүн хэлснийг минь сонсоогүй юу?" Тэр бараг л нүднийхээ булангаар над руу харах ба би таван минутын өмнө хоол авахаар зогсож байхдаа түүний ярьсан юмыг санаад "Сонссон." гэчхээд хоолоо үргэлжлүүлээд идэх гэтэл Хорикита огцом ширээ гараараа цохин сандлаасаа босох аж.
Тэгээд хөмсгөө зангидсаар "Тэгээд юм хэл л дээ, туслах юм уу үгүй юм уу? Миний хувьд ямар чухал зүйл болохыг-"
"Хорикита, бид хоолны газарт байна." гэж би аяархан хэлсээр түүн рүү хальтхан харах бол тэр одоо л эргэн тойрны бүх сурагчид бид хоёр луу харцаа чиглүүлчихснийг анзаарав бололтой хоолойгоо зассаар эргээд сандал дээрээ суув.
Би үргэлжлүүлэн гоймонтой шөлөө чимээгүйхэн идчихээд, удалгүй хоолондоо ганц ч хүрээгүй түүний хажуунаас босохдоо "Хичээлийн дараа өрөөнд минь хүрээд ир."
"Яагаад чиний өрөө гэж?" гэж тэр нэлээд жихүүрхэн хэлэхэд би мөрөө хавчаад "Бүгд л миний өрөөнд уулзалдаад байдаг."
"Тэглээ гээд би чиний өрөөнд очиж уулзах албагүй."
"Тэгвэл хаана уулзах юм?" Би одоо ч хоолойныхоо өнгийг өөрчлөлгүй тогтуухан байдлаар хэлэх бол тэр уулзах боломжтой газар хайж байгаа бололтой хэсэг чимээгүй болсноо удалгүй хөнгөхөн санаа алдаад "Номын сан."
"Ойлголоо. Хичээлийн дараа." гээд би хоолныхоо үлдэгдлийг хаяхаар үүд рүү зүглэв. Угаасаа хичээл орох цаг дөхөж байна, хурдхан анги руугаа буцахгүй бол.
"Аяанокожи-күн!"
Анги руу яг орохын өмнө Күшида бараг л хонгилын нөгөө захаас нэрийг минь дуудсаар гүйн ирэх агаад, түрүүжингээ гүйсэн бололтой нэлээд амьсгаадах аж. "Би... би.." Күшида амьсгаа авахаар түр азнасхийснээ "Утсаа алдчихлаа. Я-яах вэ? Миний бүх хичээлийн тэмдэглэлүүд утсан дээр байгаа- Бас, бас мөнгө."
Би үл мэдэг хөмсгөө зангидсаар "Хамгийн сүүлд хаана тавьсан юм?"
"Дөнгөж сая л- Ариун цэврийн өрөө ороход байсан юм." Тэр сандрангуй дүрэмтнийхээ халаасыг дахин нэг шалгаж үзэх агаад, би түүний энгэр хэсэг жаахан будаг болчихсныг анзаараад "Энд чинь"
Будаг болчихсон газар луу заасаар хэлэхэд Күшида ч бас сая л анзаарсан бололтой цочисхийчхээд "Зургийн ангид байхдаа муухай болгочихсон бололтой. Угаах хэрэгтэй болох нь ээ..."
"Манай сургуульд хулгайч байгаа бололтой."
Би багшийг ирэхээс өмнө анги руу орон суудлаа зүглэх бол Күшида араас дагангаа "Юу?"
"Хорикита ч бас утсаа алдчихсан. Утсан дээрээ хичээлүүдийнхээ их чухал файлуудыг хадгалдаг гэж өчигдөр хэлж байсныг санаж байгаа биздэ?"
Күшида бараг л үгээ дуусгаж амжаагүй байтал толгой дохих ба би ширээндээ суусны дараа шанаагаа тулсаар "Надад хамаагүй ч гэсэн хулгайчыг олохгүй бол Хорикита намайг алах байх."
"Яагаад тэр чамайг?"
Би нүдээ анин санаа алдчихаад "Мэдэхгүй ээ. Гэхдээ туслах хэрэгтэй. Чи ч бас утсаа алдчихсан юм чинь." Сүүлийн өгүүлбэрээ дуусгахтай зэрэгцэн би нүдээ удаанаар нээгээд түүн рүү харахад тэр түрэгхэн инээмсэглэсээр толгой дохилоо.
"Тэгвэл сэжүүр олох юм байна! Хичээлийн дараа уулзъя."
"За. Номын санд."
Тэр ширээ рүүгээ явах гэж байснаа зогсоод "Яагаад? Өрөөнд чинь-"
"Хорикита номын санд уулзъя гэсэн."
Күшидагийн царай хэсэгхэн хором өөрчлөгдөх шиг болсон ч тэр түрэгхэн нуухыг хичээсээр инээмсэглэчхээд, ойлгосноо хэлээд цааш явлаа.
Үүнтэй нь зэрэгцэн Хорикита ч ангид орж ирж байгаа нь харагдана.
———
"Яагаад тэр хүртэл? Тайлбарла, Аяанокожи."
"Чиний амнаас нэрээ сонсохоор шар үс босох юм." гэж би шуугаа илсээр үл мэдэг тохуурхан хэлсэнд Хорикита энэ удаад бүр хоёр гараа ташаандаа авсаар хажууд минь зогсох Күшида руу үхлийн харц шидлэнэ.
"Миний ч бас утас алга болчихсон болохоор Аяанокожи-күн хамт хулгайчыг хайя гээд."
Күшида Хорикитаг дахиж уурлаж амжихаас өмнө түрэгхэн ийн хэлэх ба Хорикита над руу сэжигтэй харц шидлэсэн ч би тоохгүйг хичээсээр "Хулгайч та хоёртой холбоотой байдаг хүн байх. Хэдэн хулгайч байгааг мэдэхгүй ч одоогоор хоёр гэж бодсон нь дээр байх."
Күшида цүнхээ цаад тал дахь сандал дээрээ тавингаа "Яагаад?"
"Хорикита та хоёр бараг л холбоотой байдаггүй-"
"ОГТ холбоотой байдаггүй." Хорикита сэмээрхэн өгүүлбэрийг минь зассан ч би дахиад л тоосонгүй яриагаа үргэлжлүүллээ.
"Тиймээс та хоёрыг тус тусад нь мөрдөх шаардлага гарна. Ганцхан хулгайч хоёр охины утсыг хулгайлахын тулд хоёр тал руу гүйгээд байна гэж байхгүй байх."
Күшида санал нэгдэн толгой дохих бол Хорикита нэг хөмсгөө үл мэдэг өргөсөөр "Тэгээд?"
"Хорикита, чи утсаа хөгжмийн өрөөний ойролцоо алдсан гэсэн. Өчигдөр.. хичээл тарсны дараа гэл үү?"
Хорикита толгой дохилоо.
"Күшида харин угаалгын өрөөнд."
"Гараа угаах гээд түр тавцан дээр тавьчхаад, дараа нь цаас авах гээд цааш яваад эргээд ирэхэд байхгүй байсан." гэж Күшида яг яаж алдсанаа түрэгхэн тайлбарлахад би шанаагаа тулсаар "Ойлгомжтой."
Хорикита Күшида хоёр хоёул над руу их л нухацтай ширтэх ба би олсон бүх сэжүүрүүдээ дотроо эвлүүлчхээд "Хулгайч бол эмэгтэй. Өчигдөр хичээл тарсны дараа сургуулийн бүх хөвгүүдийг гадаа талбайд дуудсан. Тэгэхээр Хорикитагийн утсыг эрэгтэй сурагч хулгайлах боломжгүй. Күшидагийн хувьд, охидын ариун цэврийн өрөө рүү шагайх донтой хүн байхгүй л бол эмэгтэй л байх ёстой."
"Тэгээд яаж барих юм?"
Би Хорикита руу харцаа шилжлүүлсээр "Эхлээд камерын бичлэгийг шалгая."
"Ахад мэдэгдэх нь ээ." гэж Хорикита хоолойгоо сулласаар хэлчхээд "Ойлголоо. Би шалгая, Күшида та хоёр өөр сэжүүр хай."
Би толгой дохиод, бид маргааш энэ цагт уулзалдаж бусад зүйлсээ тохиролцоод, хулгайчыг олохоор шийдээд тарцгаалаа.
Хорикита сурагчийн зөвлөлийн ахлагч болох ахтайгаа уулзахаар явах бол Күшида бид хоёр утас хулгайлах ямар ч боломжгүй гэж үзсэн хүмүүсээсээ хулгайчын тухай юм асууж, бараг л өдөржин сурагласаар нар ч жаргах дөхөх аж.
"Харж байгаачлан... Хулгайчид Хорикита та хоёрын л утас хэрэгтэй байсан бололтой."
Күшида бид хоёр дотуур байрны хажууханд ирсний дараа би ийн хэлээд хоёр гараа өмднийхөө халаасанд хийх бол тэр их л ядрангуй "Зөндөө олон найзуудынхаа утасны дугаарыг хадгалчихсан байсан юмсан..."
"Хулгайч сурагч бол заавал олноо." гэж би урам өгөх гэсэндээ хэлчхээд хөвгүүдийн дотуур байр луу зүглэж эхлэхдээ гараа далласаар "Маргааш уулзъя" хэмээж амжлаа.
———
"Аяанокожи? Юу хийж-"
"Аа. Дэлбэрчхэж."
Би Хорикитагийн үсийг харсаар амандаа бувтнах бол тэр ч өөрөө одоо л үсээ анзаарав бололтой, үс рүүгээ нэг харснаа түрэгхэн самнахаар ариун цэврийн өрөө рүүгээ орох аж.
Би түүнийг гарч иртэл өрөөнийх нь үүдэнд зогсох бол тэр сэгсийчихсэн үсээ самнаж дуусчхаад угаалгын өрөөнөөс гарч ирсээр "Хар шөнөөр юу хийж байгаа юм?"
Яриагаа эхлэхээс өмнө би өрөөнд нь орж болох эсэхийг асуух бол Хорикита над руу их л сэжигтэй харц шидлэсэн ч удалгүй санаа алдчихаад өрөөндөө оруулахдаа "Олигтой л юм хэлнэ гэж найдъя."
"Тийм ээ, хулгайчыг олчихсон." гэж хэлэхдээ би түүний цонхны дэргэд очоод хөшгийг нь түрэгхэн хаагаад, түүн рүү эргэлээ. Хорикита хэдэн цагийн өмнө өрөөнийхөө утсаар залгаад камерийн бичлэг байхгүй тухай хэлсэн юм, тэгээд л хэрэгтэн илүү ойлгомжтой болчихсон.
"Юу? Хэн-"
"Хорикита."
Түүний нүд томорсон байснаа удалгүй над руу зэвүүн харц шидлэн "Намайг хулгайч гэх гээ юу?"
"Үгүй ээ." Би түүний мөр лүү заагаад "Унтлаганы цамц чинь тайлрах нь."
Хөшиг хаагаад өрөө бүхэлдээ харанхуй болчихсон байгаа ч аль хэдийн харанхуйд нүд минь дасчихсан байсан болохоор түүнийг би гайгүй сайн харж байлаа. Нам унтаж байгаад дөнгөж сэрэхдээ тэр их өөр харагддаг юм байна, замбараагүй болчихсон хувцас, сэгсийчихсэн үс гээд л.
Хоолой нь хүртэл энгийнээсээ хэд дахин сул, үл мэдэг сөөнгө болчихсон нь бүр гоё ч сонсогдох шиг.
Хорикита мөр лүүгээ харснаа, цочисхийгээд түрэгхэн цамцныхаа дээд товчнуудыг товчилж эхлэх агаад, би гадуур цамцаа түүнд нөмрүүлсээр "Хүйтэн байгаа болохоор нөмөрч бай. Миний яриа жаахан удах юм шиг байна." гэхэд тэр эхэндээ гайхсан ч удалгүй сулхан толгой дохиод, орон дээрээ суулаа.
———
-HORIKITA's POV-
Яагаад ийшээ хүртэл ирэх хэрэгтэй байсныг үнэхээр мэдэхгүй байгаа ч, би зүгээр л чимээгүйхэн Аяанокожиг дагасаар Күшидагийн өрөөний урд ирлээ.
Одоо бараг л үүрийн гурван цаг болж байгаа ч бид хоёр ингээд дотуур байр хэсээд явж байгаад итгэхгүй нь. Дээрээс нь би одоо ч Аяанокожигийн цамцыг нөмөрч байна. Дургүй хүрмээр санагдаж байгаа ч дулаахан байгаагаас болоод тайлчхаж чадахгүй байлаа.
"Бид баригдвал юу болохыг мэдэж байна уу?" гэж би түүний араас ханцуйнаас нь хальтхан зуурсаар хэлэх бол тэр шуудхан гарнаас минь барьж авахдаа над руу эргэн харах аж.
"Тийм болохоор л баригдахгүйг хичээх хэрэгтэй."
Яг тэр үед түүнийг над руу харах үед зүгээр л хамаг биеийн эд эс сэргээд ирэх шиг л болсон. Шивнэж хэлсэн үгс, миний гарнаас атгах түүний гар, үргэлж байдаг шигээ ямар ч сэтгэл хөдлөлгүй мэт харц гээд... тэр үед нүдэнд харагдаж, биед мэдрэгдсэн бүхэн хачирхалтай гоё байсан.
Шөнийн гурван цаг. Миний хамгийн их үзэн яддаг цаг ч гэсэн тэр энэ цагт хажууд минь байгаа болохоор юуг ч үзэн ядахгүй байна. Үзэн ядахад хэтэрхий хайран гэмээр.
Тэр Күшидагийн өрөөний хаалгыг хаанаас ч юм нэг түлхүүр гаргаж ирэн сэмээрхэн онгойлгох агаад би түүнд яаж түлхүүр нь байсныг гайхаж амжсан ч асуух цаг байсангүй.
Аяанокожигийн хэлснээр хулгайч Күшида гэсэн. Яагаад миний утсыг авч, жүжиглэх шаардлагатай болсныг нь мэдэхгүй байгаа ч эхнээсээ л Күшида их сэжигтэй байсан юм.
Бид хоёр бараг л амьсгаагаа түгжиж, өлмий дээрээ алхалсаар Күшидагийн ширээний ойролцоо ирэх бол, цааш харан их л бөх гэгч нь унтах тэр огт сэрэх шинжгүй харагдана.
Аяанокожи бид хоёрт гар чийдэн ч болов асаах боломж байгаагүй ч, цонхоор тусах хурц сарны гэрлийн ачаар юмс илүү тодрох аж.
"Хэрэв Күшида хулгайч мөн бол утас түүний шургуулганд ил байж байх болно." гэж Аяанокожи их л итгэлтэй хэлээд, ийшээ ирсэн нь энэ. Үнэхээр байх юм бол би Күшидад улам дургүй болох байх.
Би Күшидаг сэрчих вий гэсэндээ түүнийг ажиглах бол Аяанокожи түүний шургуулгуудыг нэг нэгээр нь татаж үзнэ. Биднийг түүний өрөөнд орж ирээд бараг л хоёр минут болж байтал гэнэт түүний сэрүүлэг цочмоор чанга дуугарах нь тэр.
Цочсондоо би уулга алдах шахсан ч азаар Аяанокожи амыг минь таглан доош сууж амжив.
Күшида хөрвөөсөөр сэрүүлгээ унтраахтай зэрэгцэн бид хоёр хаалга руу зүглэх гэсэн ч тэр нүдээ нээвэл хамгийн түрүүнд хаалга тусах боломжтой учраас тийш зүглэх боломж байсангүй.
"Шүүгээ." гэж Аяанокожи бараг л сонсогдохгүй шахам чихэн дээр шивнээд, өрөөний булан дахь хувцасны шүүгээ рүү түрэгхэн намайг дагуулан орлоо. Төсөөлснөөс ч олон хувцастай, шүүгээ ч жижигхэн болохоор бид хоёр хэтэрхий ойрхон зогсохоос өөр арга байхгүй аж.
"Жаахан холдоод-"
Тэр миний амыг таглаад, чимээгүй байхыг санууллаа.
Күшида орноосоо босчхоод эргэн тойрноо харж байснаа үл ялиг сэгчийчихсэн үсээ боогоод, хичээлийнхээ ширээн рүүгээ дөхөх аж. Хувцасны шүүгээний хаалганд гаргачихсан жижигхэн завсрын ачаар түүний үйлдэл болгон сайтар харагдаж байна.
Күшида нөүтбүүкээ асаахдаа ширээнийхээ буланд тавьчихсан дэвтрийнхээ завсар хавчуулчихсан утсаа гаргах харагдах нь тэр.
Аяанокожигийн зөв байжээ.
Дараа нь тэр үнэхээр хамгийн доод талын шургуулганаасаа миний утсыг гаргаад ирсэн юм. Би бараг л уурандаа шүүгээнээс гараад, түүнийг үсдчихмээр байсан ч өөрийгөө барихыг чадлаараа хичээв.
Күшида утсыг минь нөүтбүүктэйгээ холбоод ямар нэг зүйл хийсээр байх агаад, би түүнийг харах зуураа нойроо аль болох тэвчихийг хичээж байсан ч нэг л мэдэхэд нүд айхтар анилдаад Аяанокожигийн цээжийг налаад унтчихсан байлаа.
Тэр л хажууд байвал би үнэхээр юу ч болсон тайвширч чаддаг юм шиг байна, хачин ч гэсэн бие биетэйгээ хэтэрхий ойрхон зогсоод шүүгээнд нуугдаж байхдаа унтаж чадаж байна гэдэг үүнийг батлаад байх шиг л санагдах аж.
Зүрхний цохилт нь сонсогдож байна. Төсөөлсөн шиг минь тогтвортой байгаагүй ч гоё сонсогдож байна.
Тэгээд бие нь үнэхээр дулаахан юм, яг л ингээд л байж байвал өөр юу ч хэрэггүй юм шиг жаргал үнэртсэн дулаан.
"Хорикита."
Нэрийг минь дуудах түүний тогтвортой хоолой. Ганцхан удаа чиний хоолойнд бүхэлдээ уусч болох байсан бол-
"Хөөе, Хорикита."
Би удаанаар нүдээ нээх бол Аяанокожи нуруугаар минь тэвэрчихсэн гараа холдуулсаар "Күшида эргээд унтчихлаа. Явцгаая."
Бурхан минь, би үнэхээр унтчихаж! Юу вэ, түүний цээжийг дэрлээд... унтчихсан гэж үү?
"З-за."
Аяанокожи бугуйнаас минь атгасаар шүүгээнээс сэмээрхэн гаран хаалга руу зүглэлээ. Хальтхан эргэж Күшидагийн ширээ рүү харвал аль хэдийн өөрийнхөө ч, миний ч утсыг нуучхаж.
Гэхдээ одро тэрнээс илүү... Би Аяанокожигийн цээжийг үнэхээр дэрлээд унтчихсан нь л анхаарлыг минь татна. Нэг л итгэж өгөхгүй нь ээ. Тэр юу ч хэлээгүй ч гэсэн ичиж үхэх нь.
Үнэхээр... хүлээн зөвшөөрөхөд хүндрэлтэй юм... Түүний цээжнээс хацраа салгах үед хэр их хүйт даасныг, тэр өрөөнөөс гараад салсны дараа дахиад ойрхон зогсохыг хүссэн хүслээ хүлээн зөвшөөрөх үнэхээр хэцүү санагдана.
Хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй ч байж магадгүй ч гэсэн, тэр л байхгүй бол би 'би' биш болчих юм шиг мэдрэмж төрөх аж.
Тэнэг юм.
———
"Аяанокожи-күн ирэхгүй юм уу?"
Күшида өчигдөр бидний сууж байсан номын сангийн ширээн дээр дөнгөж ирж суухдаа гайхан асуух бол би гараа энгэртээ зөрүүлсээр их л живүүцмээр өнгөөр "Тэр ирэхгүй. Харин би утсаа авах гэж ирлээ."
"Айн? Хулгайчыг олчхоо юу?"
Хөөх, тэр жүжиглэхдээ үнэхээр сайн юм. Күшида анхнаасаа л намайг үзэн яддаг юм шиг санагддаг байсан, яагаад гэдгийг мэдэхгүй ч үзэн ядалт нь бүр дээд цэгтээ тулж байгаа байхдаа.
Минийх ч адил.
"Чи биздэ?"
"Юу?" Тэр огцом цочисхийх бол би үл ялиг түүн рүү ойртохдоо "Өчигдөр камерын бичлэг шалгахаар очиход юу ч олдоогүй. Яг утас алдагддаг хэсэг л байхгүй байсан."
Күшида сандрангуй толгойгоо сэгсэрсээр "Т-тэгээд би яагаад-"
"Чи танилын хүрээ их сайтай шүү дээ, камерийн бичлэг төдийхнийг яаж ч чадна биздэ? Аяанокожигийн хэлснээр чи өчигдөр түүнд утсаа алдчихсанаа хэлэхэд энгэр чинь будгийн толбо болчихсон байсан. Зургийн өрөөнд муухай болгосон ч дараа нь ариун цэврийн өрөө орсон байж цэвэрлэх ёстой байсан биш гэж үү?"
Күшида илт шүлсээ залгилсаар эсэргүүцхээр амаа нээсэн ч би өрсөж "Бас би уржигдар Аяанокожи та хоёрт л утсан дээрээ чухал файлууд байгааг хэлсэн. Үнэндээ чамд хэлэх бодолгүй байсан ч, чи санаандгүй гэх нэрийдлээр сонсчихсон биздэ? Би утсаа хөгжмийн өрөөнөөс гарахдаа түр үүдний ширээн дээр тавьчхаад, нотны дэвтрээ авахаар буцаад явсан. Эргээд ирэхэд байгаагүй юм, харин хөгжмийн өрөө зургийн өрөөний яг хажууд байрладаг. Чамайг зургийн өрөөнд хэдэн өдрийн турш дараалж очсонийг чинь мэдэж байна. Тэгээд чи өөрийгөө сэжиглүүлэхгүй гэсэндээ өөрийнхөө утсыг ч бас алга болсон гэж хэлсэн."
"Н-намайг гүтгэх гээд байгаа юм у-"
Түүнийг үгээ дуусгаж амжаагүй байтал түүний цүнхэнд утас нь цочисхиймээр чанга дуугарах нь тэр.
Күшидагийн царай илт барайн сандрах агаад, номын санд байгаа болохоор Аяанокожи түүн рүү тэгтлээ удаан залгасангүй, удалгүй тасалснаар утас нь дуугарахаа болих аж.
Бидний яриаг нууцхан сонсож байсан Аяанокожи номын тавиуруудын цаанаас цухуйх бол Күшида түүнийг хараад бараг л цочиж орхилоо.
"Хараад байх нь утас чинь байгаа бололтой. Одоо миний дугаар луу залгавал бас дуугарах болов уу?" гэж би өдөх аятай хэлээд нэг хөмсгөө өргөх бол бараг л бүхэлдээ хөлөрчихсөн тэр хэсэг сандрангуй сууж байгаад удалгүй бууж өгөв бололтой санаа алдах аж.
"Яагаад? Миний утаснаас юу авах гэж?"
Тэр хэчнээн дургүйцсэн харагдсан ч утсыг минь цүнхнээсээ удаанаар гаргаж ирлээ. Эцэст нь нэг юм би түүний гарнаас утсаа бараг л шүүрэх шахам авах бол тэр миний ард зогсох Аяанокожи бид хоёр луу ээлжлэн харж байгаад амандаа ямар нэг зүйл бувтнав.
Күшида бараг л уйлах гэж байгаа мэт харагдсан ч, удалгүй юу ч хэлэлгүйгээр сандлаас босохдоо доош бөхийгөөд "Уучлаарай." хэмээлээ. Тэр яагаад хулгайлах болсон тухайгаа огт хэлээгүй ч үнэндээ одоо тэрэнд санаа зовох тэнхэл ч байсангүй.
"Чи яагаад өөрөө Күшидад хэлээгүй юм, түүнийг хулгайч байсныг мэдчихсэн гэдгээ?" Аяанокожи бид хоёр номын сангаас гарахаар зүглэх үед би ийн асуух бол тэр зүгээр л мөрөө хавчлаа.
Тэгээд толгойг минь хальтхан илэх шиг болсноо "Чи хэлвэл догь гэж бодсон юм." хэмээн өнөөх л тогтвортой хоолойны өнгөөрөө хэлэх аж.
Худалч, хэзээ хүний догь харагдах байдалд санаа зовдог байсан юм.
"Күшида нөүтбүүк дээр хуулсан зүйлсээ тэгж байгаад өөрөө устгачихна гэж бодож байна, санаа чинь зовоод байвал араас нь очоод устгуулаарай." гэж тэр үргэлжлүүлэн хэлчхээд, өрөө рүүгээ буцах гэж байгаа бололтой цааш алхаж эхлэв.
Би харин утсаа чангахан гартаа атгаж байгаад, үнэхээр тэвчээгүйдээ эцэст нь бардам зангаа хаяад түүний ардаас гүйцэж очин гарнаас нь зуурч авлаа.
"Яагаад үргэлж... өөр хүн бүх асуудлын учрыг олчихсон юм шиг байдаг юм?"
"Би гол дүр биш болохоор. Хэн нэгний сүүдэрт нуугдах, хэн нэгний ард түших туслах дүр байх л хангалттай болохоор." Тэр эргэж харсангүй хэлчхээд, хэсэгхэн хормын дараа удаанаар гарыг минь атгаад нааш хальтхан л эргэж харах аж. Харц нь энгийн үеийнхээсээ ч зөөлөрчихсөн харагдаж байна.
"Ялангуяа, чиний ард сүүдэрт зогсох туслах дүр байх нь л надад хангалттай. Чи л гэрэлтэж байвал."
Эртхэн ойлгох ёстой байж. Тархи минь зөвшөөрөхийг хүсээгүй ч, зүрх минь аль хэдийн хүлээн зөвшөөрчихсөн байсныг.
Ямар нэг асуудал гарвал хамгийн түрүүнд түүнд л хэлэхийг хүссэнээ, миний хамгийн анхны итгэж бас хайрласан хүн үнэхээр тэр байсныг эртхэн ойлгох ёстой байж.
"Би... чамайг ч бас гол дүр байлгамаар байна."
Тэр үл ялиг гайхах шиг болсон ч хариу үйлдэл үзүүлсэнгүй.
"Хамт. Хамт гол дүр байя."
Цаашдаа ч бас ингээд юу ч болсон хамаагүй чамтай л хэцүү бүхнээ хуваалцахын тулд хамтдаа гол дүр байя.
Тэр хэсэг чимээгүй зогссоноо удалгүй инээд алдах аж. Юу нь тийм хөгжилтэй байсныг мэдэхгүй ч түүнийг инээмсэглэж байгааг харах миний амьдралын эхлэл шиг л мэдрэгдсэн юм.
~~~
A/n- Ахх үнэхээр хүссэн шиг нь гоё болсныг мэдэхгүй байгаа ч аль чадахаараа хичээж бичлээ. Зарим хэсгүүд нь тэнэг болчихсон юм шиг санагдаад байгаа ч ойрд нэг л бичиж чаддаггүй ээ... Юутай ч сэтгэгдлээ хэлж өгөөрэй~ Захиалга өгсөнд ахин дахин баярлалаа. ❣️
