Kou Mabuchi
FROM ME TO YOU
Kou x Original character | Episode.23
[Ao Haru Ride]
~~~~
"Энд гал тогоо. Энд ариун цэврийн өрөө бий." Үйлчлэгч эмэгтэй хаана юу байрлаж буйг эвтэйхнээр тайлбарлаж өгсөнийхөө дараа "Өөр хэрэгтэй зүйл байвал хэлээрэй" хэмээгээд эелдэгхэн инээмсэглэл тодрууллаа.
Би ачаагаа түрсээр унтлаганы өрөөндөө оруулчхаад эргээд үүд рүү дөхөхдөө толгойгоо хальтхан бөхийлгөөд "Баярлалаа." гэж сулхан дуугарав.
Өрөөг тэр дороо аниргүй эзэлсэнд үйлчлэгч эмэгтэй үл мэдэг сандрав бололтой "Яаралтай дуудлагын утас тэнд бий. Үдийн цайг тань удахгүй авчирнаа." гэж түрэгхэн хэлчхээд хариуг минь хүлээлгүй өрөөнөөс гарч одлоо.
Түүнийг гарсны дараа л ойр орчмын хүнд агаар хөнгөрөх шиг болж, эцэст нь нэг юм ирэхийг хэдэн жил тэсч ядан хүлээсэн газартаа ганцаараа буйг мэдрэх таатай санагдана.
Буудлын өрөө хэрнээ үнэхээр л нэг өрөө гэр шиг том болохыг нь би дотроо сэмхэн гайхаж амжсан ч, үүнээс илүүтэй яаран яаран цонхоор харахын түүс боллоо.
Үүдний өрөөнөөс хамгийн ойрхон байрлах цонх руу гүйхээрээ дөхөж очоод би яаравчлан цонхыг томоор нь дэлгэв. Парисын сэрүүхэн салхи хацар шүргэж, гараа сунгахад л бариад авчихмаар ойрхон харагдах Эффелийн цамхаг тун ч үзэсгэлэнтэй харагдах аж.
Тэнгэрт бүртийх ч үүлгүйгээс цамхаг тэнгэр нэвт сүлбэчихсэн аятай сүрлэг харагдах агаад ойр орчимоор нь шувууд жиргэлдэн нисэж, газар үндсээрээ шигдчихсэн модол хүртэл цамхагийн орой руу тэмүүлэх мэт мэдрэмж төрнө.
"Эффелийн цамхаг." Энд эцэст нь ирчихсэндээ одоо ч итгэхгүй байгаа хүн шиг ийн хэлээд би үл мэдэг инээд алдлаа. Сэтгэл маш олон жилийн дараа эцэст нь нэг юм бүрэн бүтэн болох шиг л санагдаж байна.
Би нэлээд хэдэн хором цамхагийг, цонхны доох нь сүлжилдэн алхах хүмүүсийг ажиглаж байгаад ачаагаа задлахаар цонхноос холдлоо.
Гэтэл яг тэрхэн мөчид чихэнд нэгэн аялгуу хаанаас ч юм гэнэт сонстосон нь намайг хөдөлгөөнгүй зогсоож орхих нь тэр.
Ээжийн минь намайг бага байхад амандаа алгуурхан аялдаг байсан аялгуу байна. Би дуу хаанаас эгшиглэж буйг мэдэхээр цонхоор бараг л үсэрчих шахам тонгойн ийш тийш харлаа. Тэгээд удсан ч үгүй олсон нь цамхагийн хажууханд байрлах цэцэрлэгт хүрээлэнд хийл тоглон зогсох нэгэн охин байв.
Буудлын өрөө маань зургаан давхарт ч, цамхагаас тийм ч холгүй байрлах тул түүнийг харахад тун ч ойрхон тухтай санагдана. Мөрөөр нь шүргэх үс нь хааяа нэг сэвэлзэх салхинд хойш хийсэж, урт нарийхан хуруунууд нь хийлийн дээгүүр хөгжилдөн гүйх нь намайг бараг өөртөө уусгах шиг л болж байлаа.
Харцаа тэр охиноос, тэр хөгжмийн зэмсгээс хором ч салгаж үл чадна. Миний зүрхэнд хадагдаж орхисон аялгууг эгшиглүүлж болж байгаагаас болов уу, өөр шалтгаанаас болсон уу гэдгийг ч бодох сөхөөгүй байлаа.
Тэр охин яг зөв газарт, яг зөв цагтаа байгаа нь хальтхан үзэгдэх инээмсэглэлээс нь хүртэл мэдрэгдэх шиг. Үнэхээр жаргалтай харагдаж байна.
"Хөөрхөн юм." Би өөрийн эрхгүй ингэж хэлчхээд өөрийнхөө үйлдэлд гайхсандаа бараг л цочиж орхилоо.
Гэтэл хөгжим гэнэт зогсчихов. Тэр өөрийг нь тойрон зогссон хүүхдүүдээс уучлалт хүсэх шиг толгойг нь илчхээд, зэмсгээ хайрцагт нь хийгээд цэцэрлэгт хүрээлэнгээс гарахаар зүглэх нь тэр.
Тэрхэн хоромд би өөрийн эрхгүй түүний хойноос очих ёстой юм шиг санагдсанд хар хурдаараа хаалга руу эргээд, коридорт алхах үйлчлэгчийг бараг л мөргөхөө шахан зөрлөө.
Лифтээр явах гэснээ болиод шууд шатаар хурдлан уруудахдаа шат алгасч байгаад бараг л хөлөө хугалчих шахав. Гэсэн ч зогсох бодол бол байсангүй, түүнийг ядаж л ойроос харах сан гэх хүсэл төрсөөр байсан болохоор.
Зочид буудлын үүдээр гармагцаа би олны дундуур нүдээ гүйлгэн түүний хальтхан барааг ч болов харахыг чадлаараа хичээлээ. Тэгтэл нэгэн эрэгтэйн цаанаас түүний өмсчихсөн байсан усан цэнхэр цамц нь цухуйн харагдах шиг болов.
Надад тэрүүхэн хоромд юу ч бодогдоогүй. Харин тоглож буй аяасаа хэрхэн таашаал аван инээмсэглэх түүний төрх л төсөөлөгдсөн юм даг.
Тэгээд нэг л сэхээ орохдоо би аль хэдийн түүний гарнаас зуураад авчихсанаа анзаарах нь тэр.
Охины царай төсөөлсөн шиг минь инээмсэглэл тодорч харагдсангүй, харин ч айдас түгшүүр түүний биед шүглэчихсэн аятай үзэгдлээ.
Би айлгачихлаа. Түүний инээмсэглэлийг би хөөчихлөө.
"Н-н-нөгөө, уучлаарай." Би гараа яаран татаад "Ингэе гэж бодоогүй юм шүү. Санамсаргүй л. Ухаан санаа минь өөр газар байх шиг байна."
Бурхан минь гэж, ичмээр юм. Анх удаа уулзаж байгаа хүнийхээ урд ингэж тэнэгтэж болохгүй шүү дээ.
"Албаар харъя гэж бодоогүй ч-" Би цэцэрлэгт хүрээлэн рүү эрхийгээрээ заагаад "Түрүүн тоглож байхыг чинь хараад. Үнэхээр гайхалтай гэж бодсон болохоор өөрийн эрхгүй дагаад ирчихлээ. Тэр дуу миний ээжийн дуртай дуу болохоор..."
Тэнэг минь ярихаа боль. Хэтэрхий их яриад байна.
"...би ч гэсэн дуртай."
Би сандрангуй инээмсэглээд шилэн хүзүүгээ илчхээд, бараг л үхмээр санагдтал ичсэндээ шуудхан эргээд явах гэж байтал "Ашгүй дээ" гэх цээлхэн хоолой агаарт цуурайтах нь тэр.
Яг байрандаа зогсоод эргэж харахдаа би түүний инээмсэглэлийг дахин нэг удаа олж харсан юм. Яг л анхных шиг ямар ч айдасгүй, харин сэтгэлээсээ жаргалтай буй инээмсэглэл.
"Таалагдсан бол ашгүй дээ." гэж тэр бараг л өмнөх үгээ давтаад хальтхан бөхийчхөөд явах гэхэд нь би "Чамайг хэн гэдэг юм?" хэмээн сандран асуув.
"Люси."
Люси гэж би дотроо давтлаа. "Коү" Би өөрийгөө зөрүүлж танилцуулахад тэр хөнгөхөн инээмсэглээд "Би маргааш ч бас энэ цагт ирнэ" гэлээ.
Тэгвэл дахиад уулзаж чадах нь. Дахиад тоглохыг нь харж чадах юм байна. Дахиад инээмсэглэхийг нь харж чадна.
~~~~
"Чи үнэхээр ирчихлээ." Люси үнэхээр намайг хараад итгэхгүй байгаа бололтой, зэмсгээ хайрцгаас нь гаргах гэж байснаа таг гацаж орхив. Үнэндээ түүний үг үнэхээр сул байсан ч би яагаад ч юм сайтар сонсож чадсан юм.
"Сайн уу." Би өчигдөрийнхөөс хавьгүй тайван өнгөөр хэлэхэд тэр зөрүүлж толгой дохиод, үл ялиг сандарсан байдалтай зэмсгээ мөрөн дээрээ тавилаа.
Цэцэрлэгт хүрээлэнгээр тоглож наадан явах хүүхдүүд Люсиг аль хэдийнээ таньдаг болчихсон бололтой, хөгжим эхлээгүй байхад л бүгд түүнийг бүчин зогсох аж.
Хүүхдүүд бараг л зэрэг шахам хашхиран ямар дуу тоглуулмаар байгаагаа хэлэх бол би зүгээр л чимээгүйхэн тэнд зогсон түүнийг ажиглана.
Өчигдөрийнхөөс ялгаатай нь тэр өнөөдөр үсэндээ цэнхэр хавчаар хавчиж, өвдөг шүргэх хөхдүү даашинз өмсжээ. Өчигдөр ч бас цэнхэр цамц өмсчихсөн байсан. Тэр үнэхээр цэнхэр өнгөнд дуртай бололтой.
Түүнийг нэгэн аялгууг эгшиглүүлж эхлэхэд бүхэл дэлхий зөвхөн түүний хөгжмийн дор хүчин мөхөстөх шиг аниргүй болж орхилоо. Тэр нүдээ аниад ноот бүрийг нь сэтгэлдээ мэдрэх шиг тун тогтуун харагдана.
Ард нь сүндэрлэх Эффелийн цамхаг, эргэн тойронд салхины аясаар бүжих модод, хааяахан нүдний урдуур зөрөх шувууд гээд эргэн тойрны бүхий л зүйлс түүнийг тун үзэсгэлэнтэй харагдуулах аж.
Ганцхан хүрчихвэл салхитай хамт хийсээд одчих байхдаа гэх хачирхалтай бодол ч төрлөө. Өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй жигтэй дулаан цээж бүрхэх бөгөөд түүнийг аажмаар нүдээ нээх үед агаарын даралт хүндэрчих шиг санагдах аж.
Нүд нь үнэхээр тунгалаг юм. Хийл рүүгээ харах харцанд нь миний хэзээ ч харж байгаагүй хайр шингэсэн харагдана.
Тэр зүгээр л нүдэнд үл үзэгдэх ч сэтгэлд тодхон мэдрэгдэх мэдрэмжээр намайг эзэмдэж орхисон юм.
Тэгэхэд л хайр хэлхэгдчихсэн харцтай нь тулгарч, жаргал холбогдчихсон инээмсэглэлийг нь өөр лүүгээ чиглүүлэхийг хачин ихээр хүслээ.
"К-Коү?"
Би сая л нэг сэхээ орох шиг болсонд урдаас минь гайхан ширтэх Люси тайвшрангуй инээмсэглээд "Чамайг хөшчихлөө л гэж бодлоо" хэмээн сулхан хэлэв.
"Чи завтай юу?"
"Юу?" Тэр үнэхээр гайхсан бололтой хоолой нь урьд урьдынхаас нь илүү тод сонстох аж. Тэрэндээ өөрөө ч гайхшрав бололтой хоолойгоо заслаа.
"Надад зориулаад... дахиад нэг тоглоод өгч болох уу?"
Орчин аниргүйд шургасан ч салхинд сэвэлзэх түүний үс тун ч тод харагдана. Нүд нь гайхсанаас нь болоод үл мэдэг томорсон байлаа.
Тэгээд хэдэн хором тийн зогссоны эцэст тэр гүнзгий амьсгаа аван гаргаад, толгой дохисон юм.
~~~~
[Lucy's POV]
Би түүнийг огт танихгүй. Өнөөдөр хоёр дахиа л уулзаж байгаа. Гэхдээ л тэр бусдаас нэг л өөр санагдана.
Ер нь бол зүв зүгээр алхаж байхад гарнаас тэгж түгшүүртэйгээр шүүрч авсан хүн хэнд ч нэг л өөр санагдах байх. Гэхдээ Коү бол... нэг л өөр санагдах дундаа бүр онцгой өөр санагдах аж.
Намайг нэвт унших шиг харц нь жаахан аймар. Гэхдээ л түүнээс муу зүйл огтхон ч мэдрэгддэггүй.
Хүүхдүүд эцэг эхээ даган тарж явсны дараа бид хамтдаа нэгэн сандал дээр сууцгаав. Надаас жаахан өндөр ч гэсэн нас чацуу юм шиг санагдсан болохоор түүнээс тэгтлээ айхгүй байсан ч би өөрийн эрхгүй жаахан зай барин суух аж.
"Я-ямар дуу.. тоглуулмаар байна?" Би сандрангуй ийн асуугаад түүн рүү харахаас бишүүрхсэндээ харцаа огт өөр зүйл рүү шилжүүллээ. Харин түүний харц эгц над руу туссан нь мэдрэгдэх аж.
"Өчигдрийн дууг."
Коүгийн хоолой энэ удаад цаанаа л нэг содон дуулдахад зүрх хүчтэй цохилж эхлэх шиг болов. Догдлоод байна уу даа? Юу вэ?
Би хийлээ мөрөн дээрээ өргөн тавихад ч Коү үйлдэл бүрийн минь ажигласаар. Ичсэнээс болоод гар бүр чичирч эхлэхийг анзаарахдаа би хөнгөхөн санаа алдаад "Чи.. өөр тийш харж болох уу?"
Тэр цочисхийгээд, одоо л нэг намайг хэр удаан харсаар байснаа анзаарсан мэт гайхсан царай гаргачхаад харцаа урагш модод руу чиглүүллээ.
Өчигдрийн дуу. Түүний ээжийн дуртай дуу гэсэн юм байна. Хэрвээ энэ дууг тоглоогүй байсан бол бид хэзээ ч уулзалдахгүй өнгөрөх байсан байх даа?
Хөгжим дуусах хүртэл бодол санаа минь бүхэлдээ ийш тийш үсчих шиг болж, нэг л сайн төвлөрч чадсангүй.
Тэр дахиад л намайг ширтэж байна. Намайг ч, өөрөө ч анзаараагүй байхдаа ширтсээр л байна.
"Баярлалаа." Тэр ингэж хэлээд сандлаас босохдоо хөнгөхөн инээмсэглэх аж.
16 удаа. Анх таарсан өдрөөс хойш яг арван зургаан удаа Коү бид хоёр энэ цэцэрлэгт хүрээлэнгийн энэ сандал дээр суугаад, түүний дуртай дууг сонсон суусан юм.
Өдөр өдөрөөр дотносож, өдрөөс өдөрт түүнтэй ойртмоор санагддаг болчихсон нь намайг хүртэл гайхшруулах шиг. Тэр бараг л огт танихгүй хүн байхад.
Коү энд аялахаар ирсэн гэсэн ч арван зургаан өдрийн турш надтай байхаас өөр юу ч хийгээгүй. Энэ нь нэг талаараа сэтгэлийг минь зовоох ч түүнтэй байх тухтай байдаг болохоор баярлах сэтгэл ч төрнө.
"Би өнөө орой Япон руу буцна."
Тэр аниргүйг эвдэн хэлэхэд би бараг л цочиж орхилоо. Би харцаа түрэгхэн Коү рүү шилжүүлэхэд тэр ч бас над руу харж таарах агаад, бараг л зэрэг шахам харц тулгарсандаа ичсэн ч би харцаа буруулж чадсангүй.
Түүний нүд үнэхээр үзэсгэлэнтэй. Элдэв харийн бодол тээгээгүй, хачирхалтай гуниг хураагүй, харахад л тайвширмаар гүн бор нүд.
Үс нь үл ялиг урт болохоор заримдаа нүднийх нь урдуур орчихдогт нь би яагаад ч юм үнэхээр дуртай. Тэгж бодох бүртээ би түүний үсэнд хүрэх сэн гэх хүслээ байж ядан тэвчинэ.
"Т-тийм байх нь ээ.." би хоолойгоо засаад харцаа хийл рүүгээ чиглүүлэхдээ өөрийн мэдэлгүй сулхан санаа алдаж орхив. "Хэзээ буцаж ирэх юм?"
Тэр хариу хэлсэнгүй. Би дахиад л толгойгоо өргөн түүн рүү харах бол Коү одоо ч над руу ширтсээр л байх аж. "Чамайг дахиж харахын төлөө хамаг хурднаараа эргэж ирнэ. Гэхдээ хэзээ гэдгийг мэдэхгүй."
Амьсгал түргэсээд ирэхтэй зэрэгцэн би түүнийг зүрхний цохилтыг минь сонсчих вий гэж айлаа.
"Тэгвэл хурдан ирээрэй, би хүлээж байх болохоор."
Би түүнд дэндүү, бүр дэндүү хурдан дасчихсан. Хааяхан сулхан гэмээр инээмсэглэдэгт нь, хамтдаа босоод зогсвол надаас дэндүү өндөр байдагт нь, харц нь над руу чиглэхэд хачирхалтай дулаан орчныг бүрхээд авдагт нь би итгэмээргүй хурдан дасчихсан.
Тэгээд хааяахан өөртөө нууцхан шивнэнэ. Надад хүрээсэй гэж. Энэ хийлэнд дурласан шиг минь өөртөө ч бас илүү гүн дурлуулаасай гэж. Намайг битгий орхиосой гэж.
Нүдэнд яагаад ч юм нулимс хураад ирэхийг анзаарахдаа би хурдхан харцаа буруулахыг хүссэн ч, үйлдэл хийж амжихаас өмнө Коү надад ойртон, намайг тэврээд авах нь тэр.
Бид найзууд биш. Ердөө арван зургаахан өдөр уулзалдсан танил төдий хүмүүс.
Гэхдээ түүний тэврэлт ямар ч найз, ямар ч дотны хүний өгөх мэдрэмжээс хавь илүү дулаахан байсан. Нулимс шууд л хацар дагаж урсах агаад хэтэрхий их гайхсанаас болоод зөрүүлж тэврэх чадал ч байсангүй.
"Өнөөдөр дуртай дууг минь сонсохгүй өнгөрчихье. Эргэж ирээд харин зөндөө олон удаа сонсох болохоор." Тэр үсийг минь зөөлхөн илсээр хэлээд "Чамтай танилцах үнэхээр таатай байлаа."
Зун. Миний хамгийн дуртай бас дургүй болж орхисон улирал.
Зунтай цуг тэр ирж, зунтай цуг тэр буцсан юм шиг санагддаг болохоор. Ганцхан тэврэлтээр салсан бидний уулзалт хэтэрхий хайран санагдаж, зүрх хүйт даасан ч дулаахан нар ээсээр л байсан болохоор.
Түүнийг явуулахыг би тэгтлээ хүсээгүй. Салхинд хийсэх хэдэн ногоон навчсыг харахад хүртэл дургүй минь хүрнэ. Гэсэн ч навчис эргэн тойронд эргэлдэх үест тэр бид хоёр хамтдаа суудаг байсныг бодохоор таатай санагдана.
Анхны бөгөөд сүүлчийн тэврэлтээс хойш хоёр ч зун бодлыг минь сэндийчиж орхисоор өнгөрсөн юм. Бүр хоёр шүү.
Хийлээ тоглосоор байсан ч жаргалын минь хагас хэлтэрхий нь алдагдчихсан юм шиг мэдрэмжийг хоёр жил тэсч амьдарсан юм.
"Люси! Өнөөдөр би хийлийн дугуйланд явна"
Хар бор үстэй жаал их л догдлонгуй үсэрсээр хэлэхэд би инээмсэглэсээр "Хөөх, баяр хүргье. Их догдолж байгаа байхдаа."
Би цэцэрлэгт хүрээлэнд тоглох хүүхдүүдтэй яриа өрнүүлэн хэсэг сууж байгаад, тэнгэр бүрхээд ирэхийг анзаарахдаа харихаар дээш өндийлөө.
"Болгоомжтой явцгаагаарай." гэж би хүүхдүүдэд захиад, хийлээ түрэгхэн хайрцганд нь хийсээр цэцэрлэгт хүрээлэнгээс гарав.
Бороо дусалж эхлэсэн ч яагаад ч юм огтхон ч яарахыг хүссэнгүй. Бороо орох бүрт харин ч тэр надтай хамт байгаа мэт санагддаг юм.
"Уучлаарай, энийгээ унагаачихлаа." Хэн нэгэн нь мөрийг минь хөнгөхөн товшсоор ийн хэлэхэд би удаанаар хойш эргэн харлаа.
Тэгэхдээ саравчтай малгай өмссөн эрэгтэйн гаран дээрх өөрийнхөө утсыг олж хараад сандарсаар авахдаа "Өө, үнэхээр их баярлалаа."
Бурхан минь, утсаа алдах дөхлөө шүү.
Би талархсанаа дахиад хоёр гурав илэрхийлчхээд яг эргээд явах гэж байтал тэр дахин нэг удаа мөрөн дээр минь товшоод "Энийгээ ч бас орхичхож." хэмээх аж.
Өөр юу унагасан байж болох талаар бодсоор дөнгөж эргэхдээ би гартаа атгачихсан утсаа бараг л алдахаа дөхөв.
Тэр ирчхэж.
Тэр ирчхэж.
Коү саравчтай малгайгаа удаанаар тайлсныхаа дараа хөнгөхөн инээд алдаад "Сайн уу."
Бороо аль хэдийн ширүүнээр цутгаж эхэлсэн ч бид хоёр яг тэр байрандаа зогссоор л байлаа.
Тэр огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Үгүй ээ, магадгүй улам царайлаг болчхож.
"Юм хэлэхгүй юм уу?"
"Тэнэг." гэж би амандаа бувтнаад аль хэдийн нүдэнд торчихсон нулимсаа арчсаар "Хэзээ ирж байгаа юм?"
"Уучлаарай." Коү үнэхээр гэмшсэн сонсогдоно. Тэгээд удаанаар алхалсаар намайг тэврэхдээ "Дахиад л уйлаад байгаа юм уу? Хүүхэд шиг юм."
"Амаа тат аа." Коү үгийг минь сонсоод бүр шоглонгуй инээд алдах аж.
Тэр миний анхны хайр мөн болов уу? Мөн байгаасай. Учир нь хэнээс ч сонсоогүй чимээг би түүний цээжнээс сонсож, хэнээс ч мэдрээгүй дулааныг түүний инээмсэглэлээс мэдэрдэг болохоор тэр зөвхөн миний л анхны хайр мөн байгаасай.
Миний л онцгой гэж дурдах нэгэн чи байгаасай.
"Хийл чинь бороонд норсон ч зүгээр юм уу?"
Тэр гэнэт ийн хэлэхэд би сая л нэг юм хийлийнхээ тухай санаад амандаа хараал урсгасаар "Мэдээж болохгүй! Золиг гэж, чамаас болоод таг мартчихсан байна."
Чамайг нүдээ ширгэтэл харуулдаж суух нэгэн надаас өөр байхгүй байгаасай.
"Яагаад миний буруу байдаг юм?" Бид борооноос хоргодчих газар хайн гүйж эхлэхэд тэр хажуунаас бараг л орилон хэллээ.
Чиний ч бас хүнээс харамлан харамлан хайрлах нэгэн чинь би байгаасай.
Би инээд алдсанд тэр ч бас инээмсэглэсээр бид хамтдаа борооноор яаран гүйнэ.
Чамаас л мэдрэх ёстой жаргалын амтыг минь өөр хэн ч битгий булаагаасай. Дурлалт нэгнээ ганцхан чамайг байлгахыг, үнэ цэнэтэй оршихуйг зөвхөн чамаар тодорхойлохыг би тэгтлээ хүсэж байна.
Би чамаас, чи надаас. Дахиж битгий холдоосой.
~~~~
A/n-Захиалсан хүнд маань таалагдсан гэж найдъя 💕 Энэ бараг миний хамгийн удаан бодож бичсэн хэсэг болох шиг боллоо. Удаасанд үнэхээр их уучлаарай. 🙏
