Guren & Sano
[Guren Ichinose- Owari no Seraph
Sano Manjiro- Tokyo Revengers]
[Дүрүүдийнхээ нэрийг Англиар бичсэн байгаа шүү.]
LOVE х RAIN
Guren & Sano x Original character | Episode.8
|||
"Галзуу юмаа." Sano бид хоёрын урдуур дугуйтай хурдлан зөрөх хүмүүсийг харсаар тэр ийн хэлэхэд би даган толгой дохиж амжлаа. Манай энэ хавиар ингэж дугуй унах хүмүүс ойрд ихэсчихжээ, байнга л урдуур хойгуур зөрдөг болж.
Sano мөрнөөсөө үл ялиг дээгүүрх шаргал үсээ хойш самнах мэт хойшлуулчхаад бидний суух гэж байсан савлуур дээр түрүүлж очсоор "Byno чи суучих, би ардаас чинь түлхээд өгье." гээд савлуур луу дохих аж.
Яагаад ч юм эртнээс л түүнээр түлхүүлж, бараг л байнга ганцаараа савлуур дээр суучихдаг байсан болохоор одоо ч баяртайгаар очин савлуур дээр суулаа.
Энэ тоглоомын талбай дээр өдөр болгон түүнтэй хамт тоголдог байж билээ, харин одоо ахлах сургуулийн хүнд гэмээр амьдрал бүх зүйлд садаа болох шиг санагдана. Дахиж Sano-той дотно гэмээр харьцаж чадахаа больсон ч гайхмаар нь тэр уулзах бүртээ хуучных шигээ дотноор хүлээж авдаг нь намайг үнэхээр тайвшруулдаг.
Sano-г сургуульдаа жаахан асуудал тарьдаг болсон гэж сонссон ч одоогийн түүнийг харвал цуу яриа оргүй хоосон мэт санагдах аж, тэр зүгээр л хуучных шигээ инээмсэглэн, хуучных шигээ л толгой өвтгөм асуудлуудыг холдуулахад туслана. Яг хэвэндээ.
"Өнөөдөр бороо орно гэсэн ч орох юм шиг харагдахгүй л байна даа." Тэр дээш тэнгэр лүү харсаар хэлэх агаад савлуурыг зөөлхөн түлхэж эхлэхтэй зэрэгцэн би толгой дохилоо.
Тэгээд удалгүй "Чи юу хачин гэдгийг мэдэх үү?" хэмээн намайг асуухад Sano мөрөө хавчих нь нүдний буланд үзэгдэнэ. "Чи бид хоёр ийм том болчихоод одоо ч хүүхдийн талбай дээр эргэлдсээр л байна."
Намайг өгүүлбэрээ дуусгахад тэр инээд алдсанаа савлуурыг нэг хүчтэй түлхчихээд удааширч амжихаас нь өмнө шон налж зогсоод "Сайхан биш гэж үү, хамтдаа өнгөрүүлсэн үе бодогдоод."
"Тийм ээ, сайхан." Би амандаа сулхан бувтначхаад, савлуур удааширч эхлэхтэй зэрэгцэн савлуураас буугаад "Юу гээч, энэ удаад би чамайг савлууртай чинь түлхэж өгье. Дандаа түлхүүлээд байх одоо сонин санагдаж байна." гэхэд тэр харин инээд алдах аж. Үнэхээр сайхан инээмсэглэл шүү, ямар ч бузар түүнд халдаагүй, хэцүү эсвэл хүчилсэн биш хамгийн тайвшруулам инээмсэглэл.
Түүнийг савлуур дээр суусны дараа хэсэг юу ч ярилгүй түлхэж өгч байтал нэг л мэдэхэд бүртийх ч үүлгүй тэнгэрт хар үүлс цувран гарч ирж, нарны дулаан илч дорхноо хүйтэн үүлсийн цаана далд орж орхих аж.
Үнэндээ миний духан дээр бороон дусал зөөлнөөр дусах хүртэл би тэнгэр бүрхчихснийг анзаарсан ч үгүй, тархи минь бүхэлдээ элдэв бодлоор дүүрчихсэн байв.
"Бороо орох гэж байна." Би сулхан шивнэснийг Sano сонсчихсон бололтой толгой дохисноо удалгүй "Яах аргагүй орох байжээ. Ингэхэд бороо орж дуустал энд байцгаах уу?"
"Юу? Бороонд нороод уу?"
Үнэндээ бороонд дургүй биш ээ, бүр сэтгэлээсээ хайрладаг зүйл минь бороон дуслууд шүү дээ. Үүлсийн унагах дусал бүрийг мэдэрч чадахгүй ч бие дээр минь газардах бүлээн дусал болгоныг нүдээ анин мэдрэх шиг жаргал өөр хаа ч үгүй.
Sano уг нь бороонд удаан байх дургүй гэж хэлж байсан юм, харин одоо яагаад ингэж хэлснийг нь мэдэхгүй ч би зөвшөөрч байгаагаа хэлээд бид хамтдаа нэгэн сандал дээр очиж сууцгаалаа.
Заримдаа би боддог юм, бороон дуслууд энэ газарт л шингэхийн төлөө тэнгэрээс газар луу зүглэн зүглэн ирдэг байхдаа гэж. Яг л өөрсдийнх нь байх газар энэ юм шиг тэмүүлэн тэмүүлэн газарддаг байхдаа.
Sano бороотой өдрүүдийн дурсамжуудаасаа ярих зуур бороо ч улам ширүүсч эхлэх ба эхэндээ бороон дуслуудад нүүр нүдгүй зодуулах хүйтэн мэт мэдрэмж төрүүлж байсан ч сүүлдээ дулаахан, тэгээд тухтай санагдаж эхлэх аж. Би ч Sano-гийн яриатай зэрэгцэн бороонд хэр дуртайгаа ярьж байтал гэнэт л үл ялиг манан татчихсан тоглоомын талбайд дугуйтай нэгний дүрс үзэгдээд өнгөрөх нь тэр.
Толгойгоо өргөн харахдаа би магад хамгийн эрх чөлөөтэй нэгнийг олж харсан байх. Хоёр гараа дэлгэчихсэн дугуйн дээрээ тогтож ядан явах залуу, үс хувцас нь шалба норчихсон ч жаахан хүүхэд шиг инээмсэглэсээр шороон зам дээр явах нэгэн хүү.
Түүний хувьд бороо яг л агаар амьсгалах мэт таатай мэдрэмжийг өгч байгаа нь царайнаас нь тодхон харагдана. Хар бор үс нь бороон дуслуудаас болж хацартай нь нэлээдгүй наалдах нь ч мэдэгдэх ажээ. Хар хүрэм, хар бэлтгэлийн өмд, жирийн л харагдах тэр хүү. Гэхдээ хамгаас эрх чөлөөтэй харагдах хүн.
|||
"Өнөөдөр нэмэлт хичээлтэйг мэдсэн үү?" Найз маань цүнхэндээ хичээлээ хийн ангиас гарахаар зүглэхдээ ийн асуухад би амандаа дуу алдчихаад "Бурхан минь, амрах юмсан" хэмээж амжлаа. Ингэж хичээл шахаад томчууд яг юу хождог юм бол доо, бид нар лав сурч байгаа хичээлийнхээ зуун хувиас хамгийн ихдээ тавин хувийг нь л амьдралд ашиглах байтал.
Kathrin бид хоёр цайны газар зүглэнгээ өчигдрийн борооны талаар бага сага зүйлс ярилцаж амжих агаад би бороо дуусан дуустал Sano-той сандал дээр суусан тухайгаа бахархалтайгаар хэлж амжив. Анх удаа тэгж суух гоё байсан, хэн нэгний хувьд зүгээр л бороо шүү дээ гэж бодогддог зүйл миний амьсгалах агаар байж болох учраас тухтай байсан.
Бид бие бие рүүгээ харан ярилцсаар явж байтал би гэнэт хэн нэгнийг мөргөж орхих нь тэр. Цочсондоо түрэгхэн урагш хараад "У-уучлаарай" гэвэл миний мөргөсөн залуу инээмсаглэн зүгээр гэдгээ хэлээд хажуугаар зөрлөө.
Өндөр юм, ангидаа өндөртөө ордог би хүртэл түүний цээжийг мөргөж байна гэдэг. Би хойш тэр залуу руу эргэж харахад тэрээр яагаад ч юм ардаасаа тун танил харагдана. Хар бор үс, сургуулийн дүрэмт хувцас, энгийн л нэг алхах хүү.
Дугуй унаж байсан энгийн жаргалаа олсон хүү. Гэнэт тархинд энэ үг зурвасхийн орж ирэхтэй зэрэгцэн би түүнийг таниад уулга алдахаа шахав. Нороогүй үс, хуурай хувцастай тэр бүр ч амгалан харагдаж байна.
"Хүлээгээрэй!" Би түүний ардаас гүйсээр арай гэж амжиж гарнаас нь барьж авахад тэр гайхсаар эргэж харлаа.
"Өчигдөр.. өчигдөр тоглоомын талбайд явж байсан хүн мөн биздэ? Уучлаарай, гэнэт ийм зүйл асуусанд. Зүгээр л.. зүгээр л би ч бас тэнд таныг харсан болохоор."
Түүнийг бараг нааш харж амжаагүй байхад нь дуржигнуулан ийн хэлвэл тэр удалгүй хөнгөхөн инээд алдчихаад "Тийм ээ, одоо л танилаа, чамайг ч бас би харсан. Хайртай хүнтэйгээ сандал дээр сууж байсан.. байх аа?"
Ю-юу??? Хайртай хүн? Sano юу?
Би эв хавгүй инээсээр "Аа үгүй дээ, тэр зүгээр л миний хамгийн сайн найз байгаа юм."
Одоо ч түүний цамцнаас зулгаасаар зогсох би үл ялиг сандарч эхлэн түрэгхэн гараа түүнээс татлаа. Тэгээд хэлэхгүй байсан нь дээр байхдаа гэж бодсон зүйлээ өөрийн мэдэлгүй хэлж орхив.
"Чи бороонд эрх чөлөөтэй харагдаж байсан."
Тэр хэсэг гайхсан ч нэг их удалгүй толгой дохин инээмсэглэчхээд "Guren." гээд гараа сунгахад нь би түүний гар минийхаас ямар том болохыг нь гайхаж амжаад, сандарсаар гарыг нь атгахдаа "Byno." хэмээн өөрийгөө танилцуулав. Түүний гар миний төсөөлснөөс хүйтэн байсанд үл ялиг гайхсан ч нэг их зүйл бодсонгүй, гэхдээ бороонд нороод өвдчихсөн байх вий гэсэн бодол төрөөд амжсан юм.
"Хамт өдрийн цайгаа уумаар байна уу?" Миний асууж чадахгүй юмыг гэнэт тэр асуучихсанд би цочирдон түүн рүү харахдаа зөөлхөн гэмээр хэрнээ хурц харагдах харцтай нь нүүр тулж орхилоо. Тэгээд өөрийн эрхгүй догдолсоор зөвшөөрчхөөд цайны газар луу хамтдаа алхах бол Kathrin харин үл ялиг гайхсаар хажуугаар зөрөх аж, Guren бид хоёрт саад болох хэрэггүй гэж шийдсэн бололтой намайг бараг л танихгүй мэт зөрсөн юм.
Тэгж бид хоёр хамт цайгаа уухдаа өөрсдийнхөө тухай бага багаар хуваалцаж эхлэв. Тэр огтхон ч танихгүй, хөндлөнгийн хүн шиг санагдсангүй, хэцүү бүхнээ яг түүнд л хэлчихвэл үргэлжлүүлэн амьдрах хүсэл төрөх байхдаа гэж бодмоор дулаахан инээмсэглэлтэй хүн аж.
Ингэж л би анх удаа бороонд сэтгэлийнхээ гүнээс хайртай өөр нэгэн хүнийг олж чадсан юм, бороотой өдрийн жаргалыг минь хамгийн сайнаар ойлгож өгөх болохоор эрдэнэс мэт асгарах дуслуудыг гэх хайраа би илүү сайн ярьж чадна. Илүү тухтай байж чадна.
Бид хоёр тэс өөр ангид сурдаг ч ганц хоёрхон тохиолдлоор хамтдаа нэг хичээлд суух боломжтой гэдгийг мэдсэний дараа би яг дуу алдахаа шахав. Өдийг хүртэл сэтгэлээ дэлгэх тэр нэгэнтэй би нэг хичээлд сууж таардаг байжээ..
Тэр зүгээр л.. Guren яг л гайхамшиг мэт хүн байлаа, надаас нэлээдгүй өндөр, тэгээд нүд нь үл ялигхан том, хуурай, жаахан буржийчихсан үс нь нүднийх нь урдуур сахилгагүй гэгч нь унжаад л юу ч болсон инээчихдэг хүн шиг санагдана.
Бид хоёр хичээл тарсны дараа ч цаг товлож байгаад сургуулийн үүдэнд уулзах агаад би нэмэлт хичээлтэй болохоор нэлээд орой тарсан ч гайхмаар нь тэр намайг хүлээгээд зогсож байсан юм. Хөх дүрэмт түүнд яг яаж ийм гоёор зохиод байгааг мэдэхгүй юм, холоос ч харсан ойроос ч харсан тэр яг л үлгэрт гардаг ханхүү мэт л байх аж.
Тэр өдөр дахиад л бороо орсон. Guren-тэй цуг анх удаа нэг сандал дээр сууж, амьдралын бяцхан ойлголтоосоо хувцаалцах зуур тэнгэр гашуудлаа гаргах гэсэн шиг дусал болгоноо газар луу хаяж орхино. Харин Guren бид хоёр тэгж хаягдах мэт дуслуудыг сэтгэлийнхээ хаана нэгтээ шингээн, сайтар гэгч нь тосч авна.
Guren-ийг алгаа алгуурхан дэлгээд, гар дээр нь цаг өнгөрөх тусам хурдтайгаар буух дуслуудыг харсан чинь миний амьдрал зүгээр л нэг оргүй хоосон зүйл шиг санагдахаа больчхов. Бүрхэг бүхнээр хүрээлэгдээд, чадахаараа инээмсэглэх ч юу ч бүтэхгүй мэт санагддаг байсан бол одоо харин би яг л түүний зөөлхөн алга дээр буух бүлээн дусал мэт жаргалыг мэдрэнэ.
Энэ өдрөөс хойш бид хоёр өдөр болгон уулзаж, өдөр болгон хамтдаа ярилцаад суудаг болсон. Магад тэр ч бас өөрийнхөө бороог гэх сэтгэлээ хэнд ч илчилж чадаагүй болохоор над шиг хүнтэй учирсандаа баярлаж яваа байх.
Зарим өдөр огт бороо орохгүй ч зарим өдөр тэнгэр хэдэн жил цуглуулсан юм гэмээр гашуудлаа бороогоор гадагшлуулж, бараг л бороон шуурга үүсгэж орхино.
Ингээд бараг л нэг сар Guren бид хоёр тоглоомын талбай дээрх тэр нэгэн модон сандал дээр сууж өнжлөө. Өдөр ирэх тусам түүний мөр улам түшигтэй санагддаг болж, түүний царай тодрон харагдана. Улам ихээр түүний хажууд байхыг хүснэ.
Ямар ч хар муу санаагүй тунгалаг нүдтэй нь өдөр болгон харц тулгараад, хааяа буржийчихдаг хар бор үсэнд нь өдөр болгон хүрээд, минийхаас нэлээдгүй том гарыг нь өдөр болгон атгах юмсан.
Анх зүгээр л бороо гэх хайраа түүнтэй хуваалцдаг байсан бол одоо өөрийнхөө сэтгэлийн үзүүрт гарч ирсэн түүнийг гэх хайраа хэлэхийг хүснэ.
"Өнөөдөр бороо орохгүй бололтой." Тэр утаснаасаа цаг агаар шалгачхаад ийн хэлэхэд нь би сулхан толгой дохиод, баахан хичээлүүдээ чихчихсэн цүнхээ дааж ядан алхана.
Guren нэг их удалгүй утсаа хармаалчихаад миний байдлыг анзаарав бололтой "Цүнхээ надад өгөх үү? Хүнд харагдаж байна." гэчхээд хариу хэлж амжихаас минь өмнө цүнхийг минь булаах шахам аваад өөрөө үүрэх аж.
Догдолчихлоо. Гар нь хацартай минь ойрхон шүргэх бүрт сэтгэл догдлоод, орилмоор санагдаж байна.
Түүний хэлснээр үнэхээр бороо орохгүй бололтой гадаа цэлмэг байх агаад бид зайрмаг авчихаад өнөө л модон сандал дээрээ ирэн сууцгаав.
Анх энэ газарт Sano-той л цуг зүглэн зүглэн ирдэг байж билээ. Түүнийг бараг л мартахаа шахаж.
"Хоёулаа танилцаад нэг сар болчихжээ." Тэр цүнхнүүдээ сандал дээр зөөлхөн тавьчхаад ийн хэлэх бол би инээмсэглээд толгой дохилоо. Түүнийг зайрмагаа идэхгүй нэг зүйл рүү ширтээд л байгааг анзаарчихаад би юу бодоод байгааг нь асуухын завдалгүй хайлсан зайрмаг нь өмдөн дээр нь дусаж орхих нь тэр.
"Хөөе, дүрэмтний чинь өмд заваарчихлаа шүү дээ, зайрмагаа ид л дээ." Би амандаа үглэсээр түүний цаад талдаа тавьчихсан цүнхнээсээ амны цаас гаргаж ирэхээр гараа сунгатал тэр гэнэт гарнаас минь барьж авмагцаа намайг өөр лүүгээ татан, бидний хамар бараг л шүргэлцэхээ шахав.
"Ю-юу хийгээд-? Хурдан арчихгүй бол толбо болчихно-"
"Чи намайг юу гэж боддог вэ?"
"Ю-юу гэсэн үг юм?"
Зүрхний цохилт секунд бүрээр хурдлаж байгааг мэдээд би шүлсээ залгилсаар асуух бол тэр хөнгөхөн инээд алдаад зайрмагаа газар хаяж орхилоо. Тэгээд намайг яагаад зайрмагаа хаячхаж байгаа юм гэж зандрахаас ч өмнө энгэртээ наан тэврээд "Хэлэхгүй гэж бодож байсан ч чадахгүй юм шиг байна. Чамайг үргэлж хардаг байсан гэдгээ. Үргэлж хайрладаг байсан гэдгээ. Шүхэр бариад хаана ч юм чамайг хүлээнгээ үргэлж хажуудаа байгаагаар төсөөлдөж байсан гэдгээ. Бороонд норж чаддаггүй байсан болохоор шүхэртэй л ханилан чамайг хүлээдэг байлаа. Нэг л өдөр чамайг би харсан юм, энэ тоглоомын талбайд, нэгэн залуутай. Тэгээд зүрх хөндүүрлэсэн ч ганцхан удаа зориглоод бороонд норж үзэхээр шийдээд шүхрээ шууд хаяж байсан юм."
"Guren?..."
Би юу хэлэхээ ч мэдсэнгүй. Намайг хэн нэгэн хардаг байсан гэдэгт, тэр хүн нь миний сэтгэлийн үзүүрт тэсч ядан орших хайрын эзэн гэдэгт итгэж өгсөнгүй.
Намайг наачихсан түүний цээж хүчтэйгээр амьсгалж эхлэх агаад зүрхнийх нь хурдан цохилт бараг л надад мэдрэгдэнэ.
"Миний сэтгэл рүү чиглэн хүйтэн бороог чи л шүхрээрээ халхалж өгч чадна гэж боддог байлаа. Гайхмаар нь үнэхээр тийм байсан юм. Бороонд нороод энд суухдаа би огтхон ч нороогүй мэт санагдсан, чи хажууд байсан болохоор. Тийм болохоор.. баяртай байна. Үнэхээр их."
Гэнэт гаран дээр минь хүйтэн дусал мэдрэгдлээ. Бороо орж байна. Гэхдээ орохгүй гэсэн байтал...
"Хайртай... гээд хэлчихвэл надаас зугтана гэж айсан болохоор өдийг хүртэл хэлж чадаагүй ч-"
Түүнийг үгээ дуусгахаас ч өмнө би хурдхан Guren-ийг зөрүүлж тэврээд "Би ч гэсэн хайртай." хэмээн өөрийн мэдэлгүй хэлж орхилоо.
Анхны хайр биш ч бороонд учирсан сэтгэлийн минь ганцхан хайр тэр байх бололтой. Дулаахан бие нь хүйтэн бүхнээс хамгаалах нөмрөг болж үлдэх тэр л нэгэн энэ хүн байж. Бороонд учирсан анхны хайр минь тэр юм байна.
Тэр хэсэг хэлсэн үгийг минь сонсоод гайхсан бололтой юу ч хэлсэнгүй, юу ч хийсэнгүй. Тэгээд бороо улам ширүүсэж эхлэхтэй зэрэгцэн эрүүгээ толгой дээр минь тавиад, инээх сонстов.
"Хайртай."
Би ч инээд алдчихаад "Тийм ээ, хайртай."
|||
[Sano-гийн талаас]
Миний оршихуй зөвхөн түүний хажууд л гэрэлтдэг гэдэгт амьдралынхаа мөч бүрт итгэдэг байж билээ. Зөвхөн энэ тоглоомын талбайд үүрд хадагдан үлдэх тэр нэгэн онцгой хайр ганцхан минийх л байж. Түүнд намайг гэх сэтгэл хумхын тоос төдий ч байдаггүй байсныг мэдэх... гунигтай байна.
Өөр нэгэнтэй өдөр болгон тэр сандал дээр суудаг болсныг харах, 'бидний' л гэж итгэдэг байсан тэр зүйл ганцхан 'минийх' л байсан гэдгийг мэдэх... зүрх өвтгөм юм.
Түүнийг ингээд явуулж чадах болов уу гэсэн бодол үргэлж төрдөг болсон ч тэрхүү модон сандал дээр бороог үл тоон тэврэлдэн суух хоёр оршихуйг харахаар хэзээ ч тэднийг салгамааргүй санагдана. Тэврэлтийнх нь дундуур ямар ч муу зүйл битгий шургаасай гэж хүснэ.
Дахиад л ганцаараа үлдэх мэт мэдрэмжтэй хоцрох ч тэр өөр хүний төлөө инээмсэглэсэн ч тэр инээссэглэлээр нь би энергиэ тэтгэж чадах бололтой. Тэгээд удалгүй түүний инээмсэглэлийг өөрийнхөө хажууд оршоосой гэж горьдохоо болино.
Үүрд алга болохгүй мөсөн хайраа би зүрхнийхээ мухарт түгжээд, түүнийг гэх хайраа үүрд дурсамжныхаа захад хорино.
Тэврэлдэн суух тэдний зүг харахаа болиод би дээш тэнгэр лүү ширтэн, бүрхэг тэнгэр, тунгалаг дуслуудтай харц тулахдаа сулхан инээмсэглэчхээд, нэг их удалгүй гэр лүүгээ хөлөө зөөж ядан алхаллаа.
"Бороотой хамт эхлүүлсэн хайр минь ингээд л бороотой хамт дуусах бололтой."

|||
A/n- Бүрхэг өдрүүдийн мэнд~
Bynoployaa эгчийн хүсэлтээр бичсэн oneshot байлаа. 🥰 Би өөрөө бороонд тийм аймар дуртай байдаггүй болохоор мэдрэмжүүдийг нь сайн илэрхийлж чадсангүй ээ, гэхдээ таалагдсан байх гэж найдъя. ♥️
Сано уг нь миний хамгийн хайртай дүрүүдийн нэг л дээ, ингээд хаягдсан нэгний дүр болгоод биччихсэн чинь би өөрөө гутарчихлаа. 😆 Бүгдэнд нь таалагдсан гэж найдъя, сэтгэгдлээ үлдээж өгөөрэй. ♥️
