9 страница29 апреля 2026, 14:55

Midoriya Izuku

KILLER GUN

Midoriya x Original character | Episode.9

[My hero academia]

|||

Гадаа сэрүүхэн салхитай, нарлаг гэхэд арай биш ч үүлэрхэг ч бас биш байлаа. Бүх зүйл урьдын адил, хотын иргэд энэ тэрүүгээр сэлгүүцэж, эсвэл ажлаа хийж алхаад л. Харин би амралтын өдрийг тохиолдуулан ээждээ туслахаар дэлгүүр орчхоод явж байна. Баатар болохын төлөөх шаргуу бэлтгэл гээд ээжтэйгээ ч олигтой цагийг өнгөрүүлж чадахаа больчихжээ.

Би ээжийн захисан хүнсийг авчхаад явж байхдаа хүнд зүйл барьчихсан өвөөтэй тааралдаад, түрэгхэн түүн рүү туслахаа очлоо. "Би энийг барьчихъя." гээд намайг хамгийн хүнд харагдсан хэдэн торыг авахад өвөө эхэндээ гайхсан ч удалгүй инээмсэглэчхээд "Өө, баярлалаа." хэмээх аж.

Түүний гэр хаана байдгийг асуугаагүй ч зүгээр л дагаж явахаар шийдээд, бараг л хорин минут алхсны дараа тэр нэг байшингийн урд ирж зогсоод "Энд байхад болно доо. Тусалсанд үнэхээр их баярлалаа хүү минь." гэхэд би инээмсэглэсээр тортой зүйлийг нь газар тавилаа.

"Ингэхэд би чамайг зурагтаар харсан санагдах юм? Өнөө баатрын ангийн сурагч уу?"

Намайг яг явахаар эргэтэл түүнийг ийн хэлсэнд би түрэгхэн эргэж хараад бөхийн "Аа, тийм ээ. Мидрияа Изүкү гэдэг!"

Түүнтэй дахиад хэсэг яриа өдсөний дараа би явах ёстойгоо хэлээд, эргээд алхсан ч бараг л танихгүй гудамжинд ирчихжээ. Энд их цөөн удаа ирж байсан юм байна. Би утаснаасаа газрын зураг харчихаад гэр лүү явах товч замыг нь сонгоод, түрүүн уулзсан өвөөгийн амьдардаг барилгын ар дахь харанхуй гудамж руу орлоо.

Үнэхээр харанхуй юмаа. Энд бараг л хэзээ ч нарны гэрэл тусч байгаагүй байх, жихүүдэс төрүүлэм хүйтэн салхи арьс ирвэгнүүлж, би хурдан л энэ нарийн гудамжнаас гарахыг хүсч байлаа. Бараг л юу ч харагдахгүй байгаа ч азаар удсангүй нүд минь харанхуйд дасаж, утасныхаа гэрлийг асаах ч шаардлага гарсангүй. Тийн алхалж байтал би гэнэт нэгэн дэлгүүр олж харах аж. Тун жижиг дэлгүүр бололтой, энд ийм дэлгүүр байдгийг сонсоо ч үгүй юм байна. Бас нэлээд хуучны дэлгүүр бололтой, цонх нь хагарч, модных нь өнгө нь ч гандчихжээ.

Би орох ёстой байсан эсэхээ мэдэхгүй ч лааны гэрэл харагдах шиг болсонд хэн нэгэн байгаа байх гэж бодоод дэлгүүр лүү орохоор бариулаас нь атгалаа. Гэтэл намайг яг хаалгыг нээхэд буу цэнэглэгдэх дуу гарсанд би хаалгыг бүрэн дэлгэсэнгүй байрандаа гацчихав.

Хорон санаатнуудын ичээ юу? Гэмт хэрэгтнүүд байдаг юм байхдаа?

"У-уучлаарай, төөрчхөөд.."

Би сандарсан аятай ийн хэлээд битгий буудаасай гэж хүссээр хаалгыг дэлгэн дэлгүүр лүү орох бол саяхан асаалттай байсан лаа аль хэдийн унтарчихсан байв. Гэсэн ч харанхуйд нүд минь дачихсан тул хаалганаас нэлээд зайд, өрөөний буланд гартаа буу атгасан нэгэн сайн харагдана.

Эргэн тойрноо харвал хаа сайгүй элэгдэж хуучирсан номнууд байрлуулсан байв. Хуучин номын дэлгүүр.

"Чи юу хүсээв?" гэх эрэгтэйн хоолой аниргүйд тун хахир дуулдана. Гэвч энэ хоолой буу барьсан нэгний зүгээс гарсангүй, энд олон хүн байгаа бололтой.

"Төөрчихсөн юмаа... Яаж эндээс гарахыг заагаад өгөөч?"

Би ийн хэлэнгээ сэмээрхэн утсаа халааснаасаа гарган, нурууныхаа ард нуугаад баатрууд руу дохиолол илгээх гэтэл гэнэт буун дуу хадаж, би зөнгөөрөө доош тонгойтол урт үзүүртэй сум толгой дээгүүр зөрөн өнгөрөх нь тэр.

Яг үүнтэй зэрэгцэн номын тавиуруудын цаанаас маш олон хүүхдүүд бололтой хүмүүс гарч ирмэгцээ бүгд над руу довтолж эхэллээ.

"Баатрууд руу дохио илгээх нь! Түүнийг ал!!!" гэж нэг нь чанга хашхирч, гэнэт номын дэлгүүр бүхэлдээ улаан өнгөтэй болж хувирав. Нүд хорсож эхлэхтэй зэрэгцэн нэг охин гараа ташуур болгож хувиргаад намайг цохихоор далайсан ч би үсрэн бултаж амжлаа. Гэсэн ч ээжийн захисан тортой зүйлсийг талаар нэг тарааж орхив.

Намайг чадвараа ашиглахдаа бэлдэх зуур түрүүний ташууртай охин гэнэт гарнаасаа гал гарган, түүгээрээ буудаж эхэсэнд бүх зүйл аймшигтай халах ба би орилсоор гарах хаалга руу гүйлээ.

Юу вэ??? Тэр охины чадвар нь гараа ташуур болгох, бас гал гаргах юм уу? Яаж хоёр чадвар нэг дор-

Яг хаалгаар гардагийн даваан дээр би цемент шиг хатуу зүйл нүүрээрээ мөргөж орхилоо. Мөргөлтийн эрчинд хойш уначхаад юу мөргөснөө харах гэсэн ч юу ч харагдсангүй. Шил?? Хаалганы тэр хэсэгт хүрэхэд юу ч харагдахгүй хэрнээ яах аргагүй нэг хатуу зүйл байрлах аж. Цохисон ч эвдэрсэн шинж байсангүй.

Энэ маягаараа харанхуйд хэр удаан тулалдсаныг мэдэхгүй нь. Би чадварынхаа ачаар хэд хэдэн хүүхдийг ухаан алдуулсан ч үлдсэнүүд нь над руу дайрсаар л байсан юм. Бүр гайхмаар нь нэг хүн л гэхэд гурваас дөрвөн чадвартай байсан тул би арван хүнтэй зэрэг тулалдаж байгаа мэт л байв. Сүүл рүүгээ чадваруудыг нь тогтоож эхэлсэн ч энэ жижигхэн дэлгүүрт тэдний чадварт өртөхгүй байх нь хэцүү аж. Дотор муухай оргиж, нэг бол нүд бүхэлдээ харанхуйлчихна. Зугтаая гэсэн ч тэд ямар ч боломж гаргаж өгөхгүй байв.

Сүүлдээ бие маань бүр туйлдаж гүйцэх ба яалт ч үгүй би тэднийг хүнд цохилтод оруулж байгаа ч ямар нэг зүйлээр өөрсдийгөө хамгаалаад байх юм?

Нэгнийх нь төмөр цохиурт цохиулан хойш хүчтэй гэгч нь хана цохиж унахад урт хар үстэй нэг охин над руу зүглэж ирээд, гараа шууд буу болгож хувиргалаа. Түүний час улаан нүд харанхуйд хүртэл гэрэлтэнэ.

Түүнийг буугаа над руу чиглүүлсэн чигтээ доош өвдөглөж суухад л би сая нэг юм түүнийг таних аж. Олон өдөр мэдээгээр гарч байсан алуурчин охин байна. Хар маск зүүчихсэн ч улаан нүдэнд нь гялтганах нэг зүйлийг хараад л би таньчхав. Сүүлийн хоёр долоо хоног маш олон гэмгүй иргэдийн амийг бүрэлгэсэн алуурчин охин, түүнийг Алуурчин Буу гэж хочилдог болсон байна лээ. Магадгүй гараа буу болгож чаддаг болохоор тэр байх.

"Биднийг олсондоо чи харамсах болно." Түүнийг ийн бувтнаад буугаа улам ойртуулахад гэнэт номын дэлгүүрийн хуучирсан дээвэр нурж, энд тэндгүй утаа бүрхэх нь тэр.

Бүгдэнгийнх нь анхаарал нурсан дээвэр лүү чиглэх ба нэг нь "Про баатар!" гэж хашхирахад буу тулгасан охин амандаа хараал урсгасаар өөр нэг охины гарт дөнгөж хүрэхтэй зэрэгцэн тэд алга болчихов. Миний явуулсан дохио хэтэрхий удаж очсон бололтой, баатрууд одоо л ирж байна гэдэг... Би ядарснаасаа болоод шуудхан босчихож чадсангүй, ямартай ч тэднийг яагаад намайг шууд алчхаагүйг бодох хугацаа ч хэрэгтэй байв.

Утаа алга болгож, про баатрууд номын дэлгүүрт орж ирэхэд шатаж буй хэдэн ном, хачин уусмалд бүрхэгдсэн шүүгээ, бөөн тоос дунд би ганцаараа үлдсэн байлаа.

Дараа нь цагдаа нар надаас байцаалт авч, би дахиад л мэдээгээр гарсан. Намайг хүүхдүүдийг хоёроос дээш чадвартай байсныг дурдахад хүн болгон гайхаж байсан юм. Алуурчин Буу яах аргагүй тэр хүүхдүүдийн нэг байсан, бас тэд тулалдах тактиктай болчихвол ямар хүчтэй болохыг хэн ч мэдэхгүй. Өнөөдөр би хэтэрхий сул дорой байсан юм, юу хийх ёстойгоо ч ойлгоогүй.

Дараа нь миний ухаан алдуулчихсан байсан хүүхдүүд, өөр ул мөр ч олдоогүй. Юу болж өнгөрснийг надаас өөр хэн ч тодорхой мэдэхгүй чигээр үлдсэн. Маргааш нь ганцаараа дайсны ичээ рүү зүглэсэн гэж Аизава багшид зөндөө зэмлүүлсэн шүү.

***

Тэрнээс хойш бараг л долоо хоног өнгөрсөн байлаа.

Тэр хүүхдүүд надтай л чацуу байсан байх. Яагаад аллага хийгээд байгааг нь ерөөсөө ч ойлгохгүй юм, бас яаж тийм олон чадвартай байгааг нь... долоо хоног дахиж аллага гараагүй ч би тэднийг албаар аллага үйлдэхээр олны дунд гарч ирэхгүй байгааг мэдэж байв.

Над руу буу тулгасан тэр эмэгтэй... түүний нүд зовлон шаналлаар дүүрсэн байсан. Час улаан нүд нь алсан хохирогч болгоныхоо эцсийн гунигт мөчийг өөртөө шингээсэн бол, улаан нүднийх нь цаадах харц өөрийнх нь амьдралын гашуудлыг илэрхийлэх мэт л байсан. Яг л өөрийн бодит хүн төрхөө хар маск, улаан нүдээрээ нуучихсан юм шиг.

Би хичээлийн завсарлагаанаар бэлтгэл хийхэд ашиглах олс авахаар дэлгүүр лүү гүйн, яг дэлгүүр лүү орох гэж байтал малгайтай цамц өмссөн нэгэн өөдөөс угтах нь тэр. Тэрээр намайг хармагцаа шууд толгойгоо доошлуулан явахаар яарсан ч би түүний час улаан нүдийг харж амжаад, шууд л зөнгөөрөө мөрнөөс нь зууран "Хөөе, чи-"

Тэр намайг үгээ дуусгаагүй байтал шууд л гараа савчин надаас холдох зуур хүчтэй салхи салхилан түүний өмсчихсөн малгай нь хойш хийсэх аж.

"Буруу үйлдэл хийлээ, жаалаа." Тэр амандаа бувтнасаар хуруунуудынхаа үзүүрийг хутга болгон хувиргахад би өөрийн мэдэлгүй шүлсээ гүдхийтэл нь залгиллаа.

Энэ удаад тэр маск зүүгээгүй байсан тул царай нь бүхэлдээ харагдана. Бодсоноос минь хөөрхөн юм. Ингэж бодох эвгүй, дээрээс нь тохиромжгүй ч гэсэн яах аргагүй хөөрхөн юм. Урт хар үс нь түүний жижигхэндлү царайг нь төгс тодотгож байна.

Түүнийг хутга болгочихсон гараа өргөөд над руу гүйж эхлэхэд би хөл дээрээ тэнцвэрээ олж зогсоод, шууд дайралтаас нь бултан гэдэс рүү нь цохих боломжтой болсон ч эмэгтэй хүнийг цохиж чадсангүй хойш ухарлаа.

"Цохиогүй дээ харамсана даа."

Тэр ч бас хойш ухраад нөгөө гараа бүхэлд нь хутга болгож хувиргах агаад гэнэт хөлнөөсөө эхлээд өмсчихсөн хувцас нь өөрчлөгдөж эхэллээ. Яг л могой хөлнөөс нь дээш удаанаар өгсөж байгаа юм шиг сул саарал өмд нь хар гутал, цагаан оймсоор солигдож, хар богино юбка, тэгээд саарал малгатай цамц нь юбкатай нь холбогдсон сорочкан цагаан цамц болж хувирах нь тэр.

Харин энэ удаад тэр хар маскаа зүүсэнгүй. Гэхдээ оронд нь нурууных нь ардаас хар сүрлэг далавч ургах мэт гарч ирсэнд би бараг л хойш хөл алдахаа шахав.

Тэгээд түүнийг дээш нисээд, шууд намайг зүглээд доош шумбахтай зэрэгцэн би бултахаас өөр юу ч хийж чадсангүй. Хутгыг нь гараараа хаана гэдэг бүтэхгүй байх.

Түүний хутга хэр иртэй, бас хүчтэйг нь мэдэхгүй юм, гэсэн ч намайг бултсаны дараа тэр газар цохисонд бараг л цементүүд ховхрох аж.

"Чи яагаад ийм зүйл хийдэг юм?"

Түүнийг үргэлжлүүлэн над руу дайрч эхлэхэд би бултангаа асуух ба тэр хариулаагүй ч уурнаасаа болоод хөмсгөө айхтар зангидсан байв.

"Яагаад ийм олон чадвартай байгаа юм?"

Би бараг л машин зам руу орохоо шахсан ч дээш үсрэн, машинууд дээгүүр зөрөн замын нөгөө талд гарахтай зэрэгцэн хүмүүс ч улам биднээс дөлнө.

"Чиний хороосон хүмүүс бүгд ардаа гэр бүлтэй байсныг мэдэх үү? Бүгд. Чи тэдний гашуудлыг төлж барахгүй. Хороосон хүмүүсийнхээ амийг эргүүлж авчирж чадахгүй. Бүх зүйл хагарсан чигтээ үлдэнэ. Чи дараа нь юу хийх юм? Үргэлжлүүлэн хохирогч гаргаж, өөрийгөө дотроос нь хэмлэн, нийгмийн дайсан хэвээр үлдэх үү?"

Тэдэнтэй тааралдсанаас хойш би хохирогч бүрийн мэдээллийг шалгаж үзсэн. Ямар үнэ цэнэтэй хүмүүсийн амийг авсанаа тэр мэдэхгүй байна. Бяцхан охин нь ээжийгээ хүлээгээд уйлаад сууж байх зуур ээж нь харин харанхуй гудамжинд амьсгал хураан цусандаа будагдах зовлонг тэр ойлгохгүй байна.

Намайг замын нөгөө талаас хашхирсанд тэр хэсэг чимээгүй болсон ч далавчаа дэлгэн гайхмаар хурдан нисэж миний урд ирэхэд би дахиад л хөл алдахаа шахав.

Хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч түүний нүдний эргэн тойрон хав хар, уруул нь харин улам л час улаан болчихжээ. Тэр ямар нэгэн сэргээш ашигладаг юм болов уу? Минут тутамд хүчтэй болох ч царай нь цонхийгоод байна.

Би дахин хойш ухрах гэсэн ч түүний далавчны үзүүр хутга шиг болж, миний дүрэмтийн жакетийг цоо хатган зуураад явуулсангүй. Тэгээд түүнийг гараа далайхад би дүрэмтээ шууд уран арай гэж бултчихаад түүний дээр гаран нуруу руу нь хүчтэй цохиж орхилоо.

Тэр аахилан газар унасан ч гэнэт шилжих шиг болон миний ард гарч ирэх ба энэ удаад харин бултаж чадсангүй цохилтод нь өртөн нэлээдгүй хол хийсэн, мод мөргөн уналаа. Толгойгоо цохилгүй нуруугаараа газардсан ч толгой эргэж байна.

Нүдээ анивчсаар нээхэд эргэн тойронд нэлээдгүй хүн зугтаж амжаагүй байх агаад би хүмүүс рүү зугт гэж орилоод аль хэдийн урагдчихсан жакетаа тайлаад, чадвараа ашиглахдаа бэлдэв.

"Амь хэчнээн нандин болохыг чи ойлгохгүй байна. Би чамд туслъя. Энэ бүхнээ зогсоо-"

"Амаа тат!!!!" гэж түүнийг орилоход газар бараг л чичирлээ. Гэнэт түүний сүрлэг хар далавч нь үнс болж хувиран салхинд хийсэн туугдах ба бид үргэлжлүүлэн тулалдсаар л байв. Юу болоод байгааг сайн ойлгохгүй байгаа ч түүний чадварууд дөрвөөс ч их юм шиг санагдана.

Би түүнийг хэд хэдэн удаа хүчтэй цохиж чадсан ч түүний хүч улам л нэмэгдээд байх шиг.

Хажууханд нэг эмээ явж байсанд түүнийг холдоход нь туслахаар түр сатаарах зуур тэр шууд л намайг дээрээс даран унах ба ямар нэг чадварынхаа ачаар тэрээр маш хүнд байх аж.

Миний гаран дээр дарчихсан тул юу ч хийж чадалгүй, хөдөлгөөн минь хоригдож орхилоо.

Тэр доош тонгойн, бидний хамар бараг л шүргэлцэх үед "Бидний асуудалд бүү оролц." хэмээн шивнэх агаад өвдгөөрөө нэг гарыг минь дараад, өөрийнхөө гараа буу болгон яг намайг буудахаар толгойнд тулгах үед нь би өөр юу ч бодож чадаагүй ч түүнийг үнсэж орхилоо.

Яагаад ийм зүйл хийснээ мэдэхгүй ч шууд л уруул дээр нь үнсчихсэнд тэр цочирдох ба, дээрээс дарах хүнд жин хөнгөрч, түүнийг холдож амжихаас нь өмнө би хүзүүнээс нь бариад, өөр лүүгээ татан бүр гүн үнслээ.

Тэгээд түүнийг хажуу тийш нь унагаан энэ удаад би дээр нь дарж суух ба үнсэлтээ удаанаар салгахад түүний час улаан нүд нь бор өнгөтэй болчихсон байх нь тэр. Мөн хувцас нь удаанаар хуучин хэвэндээ орж эхлэхэд би түүний хүзүүн дээрх шивээсийг харж амжив.

"Нами. 247." гэж бичсэнийг хараад би хөмсгөө зангидлаа. Энэ дугаар чинь?

***

[Намигийн талаас]

Амьдрал үргэлж бидэнд зөөлхөн ханддаггүй. Төрснөөсөө хойш ямар ч чадваргүй олон жил болж, өнчин чигтээ гудамжинд хаягдах үед тэр нэг хүн намайг олсон юм. Олон удаа туршилтууд нь бүтэлгүйтсэн ч, сүүлчийн ганц туршилтаа над дээр туршмаар байнаа гэсэн хүн.

Надад өөр найдлага байгаагүй тул зүгээр л түүнийг дагаж, лабароторид биендээ олон янзын шингэн шахуулахдаа би ингээд л үхэх нь гэж бодсон ч, нүдээ нээхдээ биенд минь олон зүйлс оршин хөдөлж байгааг мэдсэн.

Маш олон чадвар. Бараг л зургаан чадвар байх ёстой гэж тэр хэлсэн ч, би тавыг нь л илрүүлж ашиглаж чадаж байсан. Гэхдээ удаан ашиглах нь энергийг минь аймшигтайгаар сорж байсан нь аймаар санагддаг байж билээ.

Ямартай ч түүний 247 дахь туршилт нь бүтэж, тэр энэхүү туршилтаа өөр олон хүүхдүүд дээр туршиж, амьд үлдсэнүүдийг нь аллагын зэвсэг болгох төлөвлөгөө боловсруулсан юм.

Хэзээ ч түүний мэдлээс гарч чадахгүй гэж боддог байлаа. Нүд минь туршилтын өдрөөс хойш бага багаар улайсаж нэг л мэдэхэд бүхэлдээ час улаан болоход надад улаан дэлхийгээс өөр юу ч харагдаагүй.

Харин тэр хүү... зүгээр л замд гараад ирсэн нэг садаа намайг эргээд амьдралыг өнгөтөөр харахад тусалсан юм.

Чадварт эзэмдүүлэн бараг л галзуурчихсан байсан намайг тэр зөөлхөн үнсэлтээрээ сэхээрүүлж орхисон юм.

"Нами-чан?! Зүгээр үү?"

Намайг нүдээ нээж ядан эмнэлгийн тааз ширтэж байтал Дэкү өрөөнд орж ирсээр асуух аж. Өчигдөрхөн тийм аймшигтай зүйл хийсэн байхад, чамайг алахаа шахсан байтал яагаад надад ийм сайн хандаад байгаа юм бэ?

Тэр миний хажууд ирж суухдаа жижигхэн ширээн дээр баглаатай цэцэг тавих ба, халууныг минь шалгасныхаа дараа гарыг минь зөөлнөөр атгалаа.

"Уучлаарай, тийм их зам туулсныг чинь ч мэдэлгүй орилж, чамайг буруутгасанд."

Би толгойгоо аажмаар эргүүлэн түүн рүү харвал тэр үнэхээр гэмшсэн аятай, бараг л нулимс нь цийлэгнэчхэж.

Тэр гарыг минь үнсээд, дараа нь босч ирэн духан дээр минь үнсэхэд би нүдээ анилаа.

Хөөх, ийм санагддаг байх нь ээ. Амьдрал бүхэлдээ цусанд будагдаж, юу ч үгүй хоцорсон над шиг хүнд анхаарал тавих мэдрэмж. Дулаахан, зөөлхөнөөс ч зөөлхөн байна. Мэдэрч амжаагүй гэр бүлийн дулаан зөвхөн түүний ганц үнсэлтэнд орших шиг санагдана.

Нулимс хацар даган урсахтай зэрэгцэн би арай гэж түүнийг тэвэрч аваад, цурхиран уйлж эхлэхэд тэр нурууг минь зөөлнөөр илсээр "Одоо зүгээр дээ. Би хажууд чинь хамгаалаад байж байх болохоор.. Аллага, буу гээд бүхнийг мартахад болно. Үлдсэнийг нь надад даатга."

Баярлалаа, намайг хав харанхуй хонгилоос татаж гаргасанд, живж байсан цусан ертөнцөөс дагуулж ирсэнд.

***

A/n-Өчигдөр орох ёстой байсан хэсэг маань тог тасарсан асуудлаас болоод өнөөдөр орж байна~! ♥️

Захиалга өгсөн охиндоо баярлалаа, үнэхээр их. Mystery төрөл миний хувьд хамгийн сайн бичиж чаддаг төрөл болохоор ийм төрлөөр захиалсанд баярлалаа кк. 🥺♥️ Жаахан удаачихсан байх, юу ч гэсэн таалагдсан бол сэтгэгдлээ үлдээж өгөөрэй. 🙆‍♀️

9 страница29 апреля 2026, 14:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!