Kageyama Tobio
FAN GIRL
Kageyama x Original Character | Episode.4
[Haikyuu!!]
|||
"Миюүки, юу хийж байгаа юм?"
Намайг цонхоор гаднахыг цоо ширтэн суухыг харсан найз маань гайхсаар ийн асуугаад миний харж буй зүг рүү харцаа чиглүүлнэ. Би эрүүгээ тулсан чигтээ толгой сэгсрээд "Зүгээр л.."
Гадаа нар халуу шатан төөнөж, цэлмэг тэнгэрт зөвхөн үзэсгэлэнт наран ганцаар байрлах аж. Завсарлагааны цагаар гадаах талбайд гар бөмбөг тоглож буй хүүхдүүдийг ширтсээр би санаа алдаад "Мундаг юмаа" хэмээн сулхан хэлэв.
Тэдний тоглолтыг маш олон удаа харж байсан ч хэд дахиж харсан ч уйдахгүй юм. Түүний хөдөлгөөнөөс, түүний хөлөрч буй ядарсан царайнаас.
"Ми-Юү-Ки!" Найз маань нэрийг минь их л ууртайгаар дуудахад нь би цонхноос харцаа салгаагүй чигтээ хариу хэлэлгүй сууж байтал тоглолт нь дуусчхав бололтой тэр багийнхаа гишүүдтэй хамт алхлан тоглоомын талбайгаас гарахаар зүглэх аж. Суудлаас минь тэр харагдахаа болих үед би бүр цонх руу тулж очиж байгаад харах гэж хичээсэн ч бүтсэнгүй, тэр алга болчихжээ. Хурдан алхаатай гэдэг нь.
Тэр их хөлөрчихсөн харагдаж байсан. Ядаж ус өгөх хэрэгтэй юм болов уу? Алчуур ч юм уу?
"Миюүки Күсүми!"
Намайг түүнтэй уулзахаар гарах гэтэл дахиад л найз маань нэрийг минь дуудсаар зам хөндөлсөж зогсоход би эцэст нь нэг юм түүнтэй өдрийн цайгаа хамт ууна гээд хэлчихснээ санав. Гэхдээ одоо гарахгүй бол түүнтэй уулзаж чадахгүй, маргааш хүртэл дахиж түүнийг харж ч чадахгүй байхдаа.
"Нана өнөөдөр чи ганцаараа хоолоо идчихэж болохгүй юм уу?"
"Чи угаасаа араас нь очсон ч юу ч хийж чадахгүй юм байж хоолоо идэхээ л бодвол яасан юм?" Тэр санаа алдсаар хэлээд цүнхнээс минь миний савтай хоолыг гаргаж ирээд ширээн дээр тавьлаа. Нанагийн хэлдэг ч зөв л дөө...
"Тэгээд ч Шоёотой явж байвал тэр бүх уур амьсгалыг эвдчихнэ. Сүгавара ах байвал яая гэхсэн, Танака ахтай байвал-" Нана өмнөхөөсөө ч хүндээр санаа алдсанаа "Миний хэлэх гээд байгаа зүйлийг ойлгож байна уу?"
Би толгой дохилоо. "Кагэяама ганцаараа биш."
"Тийм ээ, ганцаараа биш. Ганцаараа байхад нь л уулзаарай, гуйя." Тэр намайг сандал дээр минь суулгасныхаа дараа өөрөө ч миний урд сандал татаж суугаад "За өнөөдөр чамайг юу авчирсныг харъя." гэсээр хоолыг минь харахаар савны тагийг онгойлгоно.
-
Хичээл тарсны дараа би Нанад гэртээ хурдан харих ёстойгоо хэлээд ангиас гарлаа. Надад Нанагаас өөр найз байдаггүй болохоор ч тэр үү, үргэлж түүнд л бүхнээ ярьж өгдөг юм. Надад өөр энгийн найзууд гэж нэрлэх хүмүүс бий л дээ, гэхдээ тийм ч сайхан харьцаатай байдаггүй юм.
Би өнөөдөр дахиад л Кагэяаматай уулзаж чадаагүйдээ харамссаар цүнхээ нэг мөрөндөө үүрээд, газар ширтэн алхаж байхдаа гэнэт үдээс минь тайларчихсныг анзаарав. Гэсэн ч үдэхийг хүссэнгүй, газар ширтээд алхаж байж тээглэж унахгүй л байлгүй.
Зөвхөн өөртөө л сонсогдохоор санаа алдан сургуулиас бараг л гарах гэж байтал гэнэт танил хөвгүүдийн орилолдох чимээ гарч, юу болсныг харахаар толгойгоо өргөж ч амжаагүй байтал нүүрний урдаас воллейбалын бөмбөг ирээд мөргөчих нь тэр.
Би мөргөлтийн эрчинд шууд л хойш унах агаад нүүр халуу дүүгэн хорсох аж.
"Хината тэнэгээ! Болгоомжтой байгаач!" гэх Кагэяамагийн ууртай дуу агаарт хадах агаад би унахдаа аньчихсан байсан нүдээ аажмаар нээтэл Асахи-сэнпай л шууд нүдэнд тусах нь тэр. "Зүгээр үү?" Тэр гарнаас минь атгаад удаанаар босоход минь туслах агаад тэр хойгуур Сүгавара-сэнпай, Савамүра-сэнпай нар ч намайг зүгээр эсэхийг шалгахаар талбайгаас гүйхээрээ ирнэ.
Юу вэ- Гэнэт яагаад ийм олон царай харагдаад эхлэв ээ? М-миний шүтдэг хүмүүс яг миний урд намайг зүгээр эсэхийг шалгаад зогсож байна! Асахи-сэнпай бүр миний г-гараас атгалаа гэж үү?! Гуйя, зүүд биш гэж хэлээч!
"Б-би зүгээр ээ.." гэж би сандарсаар сулхан дуугаар хэлэх агаад зүрх аймшигтай хурдан цохилно. Тэд цонхоор, эсвэл хашааны гаднаас харагддагаасаа ч царайлаг юм байна!
"Хөөе, Кагэяама Хинатаг зодохоо болиоч ээ!" Танака-сэнпай талбайн нөгөө захаас шинэ бөмбөг авангаа хэлэх бол Нишинояа-сан зодолдож буй хоёрыг харан шоолж буй нь харагдаж байлаа.
"Тэднийг уучлаарай" Гэнэт Сүгавара-сэнпай доош бөхийсөөр хэлэхэд нь би сандарсандаа толгойгоо хурдан хурдан сэгсэрсээр зүгээр гэж хэлэхийг хүссэн ч үнэндээ ам минь бүр нээгдсэн ч үгүй. Хүйтэн хөлс ч цуваад эхэллээ. Сандарч байна, сандарч байна, одоо зугтчихвал зүгээр болов уу?
Намайг хөлөө ч бараг хөдөлгөж чадахгүй зогсож байтал Кагэяама ч Шоёог дагуулсаар урд минь ирж зогсоод, Шоёо-сангийн толгой дээрээс нь даран бөхийлгөх аж. "Биднийг уучлаарай." гэж Кагэяама болон Шоёо нар шууд л зуршил аятай эелдэгхэнээр хэлэв.
Хоолой нь-! Түүний хоолой нь үнэхээр гоё сонсогдож байна! Амьдралдаа хэзээ ч ийм ойроос сонсоно гэж төсөөлдөггүй байсан түүний гүн, бас тайван хоолой шууд л биеийг минь эрвэгнүүлнэ.
"З-з-зүгээр дээ.."
Тэднийг хэдэн удаа дахин дахин бөхийж уучлалт гуйсныг мэдэхгүй ч тэр болгонд нь би зүгээрдээ гэж хариулсаар л байв. Миний олон сар харж явсан хүн гэнэт л урдаас минь бөхийгөөд байна! Би өөр юу хийх ёстой вэ?.. үнэхээр байж боломгүй мөрөөдөл шиг зүйл л болоод байна!
Удалгүй Асахи, Сүгавара, Савамүра сэнпай нар ч дахинтаа уучлалт гуйгаад намайг унагатал цохиж орхисон бөмбөгийг авсаар талбай руу буцах бол Шоёо бэлтгэлээ үргэлжлүүлэхээр тэднийг даган гүйх аж.
"Хината тэнэг." Кэгаяама эцэст нь нэг юм бөхийхөө болиход л би түүнийг миний хажууд зогсоход ямар өндөр болохыг анзаараад, айсандаа ч гэх үү хойш хэд хэд ухарлаа. Тэр Шоёо руу их л уцаарлангуй харж байснаа гэнэт над руу эргэж харахад нь зүрх хаагдахаа шахав. Хэдэн цохилт алгасаад цохилчихснийг мэдэхгүй ч зүрх минь нэг л ойлгомжгүйгээр цээж нүднэ.
Хөмсөг, нүд, сормуус, хамар, уруул- Түүний царай гайхалтай юм! Ууртай харагдаж байгаа ч гэсэн гэмшиж байгаа төрх нь надад илүү тод харагдана.
"Би чамайг мэдэх юм байна. Манай тоглолтыг байнга ойроос үздэг охин." гэж тэр энгийн өнгөөр хэлээд, гараа шортныхоо халаасанд хийлээ.
Тэр намайн мэддэг гэж байна! Ямар гээч гайхалтай явдал болоод байна аа! Уйлах нь ээ.
Кагэяама намайг ямар нэг зүйл хэлнэ гэж найдсаар над руу ширтэж байснаа гэнэт л доош харснаа "Өө үдээс чинь тайлагдчихсан байна." гээд хуруугаараа заах аж. Би толгой дохиж, доош харж, ер нь л юу ч хийж чадсангүй! Түүнтэй ийм ойрхон зогсож байж хэн юу хийж чадна гэж?!
"Толгой чинь эргэж байна уу? Бөмбөг хүчтэй цохисон болохоор. Эмч рүү хүргээд өгөх үү? Ингэхэд чи намайг сонсож байна уу?"
Би шүлсээ гүдхийтэл нь залгичхаад ашгүй амаа нээхээр шийдсэн ч, толгой сэгсрэхээс өөрийг хийж чадсангүй. "Чи яг л хөшөө шиг болчихож." Тэр ч бас сандарч эхэлсэн бололтой ийш тийш харцаа шилжүүлсээр хэлснээ гэнэт доош өвдөглөж суух үед л би нэг юм толгойгоо хөдөлгөн доош харахтайгаа боллоо. Түүнийг юу хийж байгааг харахын тулд л толгойгоо хөдөлгөж байгаа царай нь энэ.
Гэхдээ түүнийг юу хийж байгааг харсны дараа дахиад л зүрх дэлбэрэх гэж байгаа юм шиг цохилоод эхлэв. Тэр үдээсийг минь үдэж өгч байна! Үнэхээр.. үнэхээр.. би яг ухаан алдах нь!
"За болчихлоо. Би одоо бэлтгэлтэй болохоор.." Тэр үдээсийг минь цэцэг шиг үдэж өгснийхөө дараа удаанаар босонгоо хойш талбай руугаа эрхий хуруугаараа заах ба нөгөө хэд аль хэдийн бэлтгэлээ үргэлжлүүлээд эхэлчихсэн байв. Кагэяамаг энд зогссоор л байсан болохоор Сүгавара сэнпай түүний оронд холбогч хийж байгаа харагдана.
"Дараа уулзъя." Тэр үгээ гүйцээмэгцээ шууд л талбай руу гүйж эхэллээ. Араасаа ч царайлаг, урдаасаа ч царайлаг, ер нь хаанаас нь ч харсан царайлаг энэ залуу сая миний гутлын үдээсийг үдэж өгсөн! Амлъя, би дахиж энэ гутлаа өмсөхгүй ээ, тэгвэл үдээс нь дахиж сулрахгүй, үүрд Кагэяамагийн үдэж өгсөн тэр янзтай байсаар л байх болно.
Одоо ч зүрх нэг л эвгүй оргиод, бодох төдийд шар үс босох агаад би дахиад тэнд хэр удаан зогссоноо анзаараагүй ч удалгүй нэг юм сэхээ ороод гэр лүүгээ алхаж эхэллээ. Хамаг гар хөл хөшчихөж. Бөмбөгөнд цохиулснаас толгой эргэж байсан ч яг үнэндээ бөмбөгөнд цохиулсандаа хэр их баярласнаа үгээр илэрхийлж чадсангүй.
-
"Чи зүүдлээгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?" Би тав дахь удаагаа толгой дохилоо. Нана бүр уулга алдсаар ахин дахин нэг зүйлээ давтаж асууна. "Асахи-сэнпай гарнаас чинь атгасан??? Охин минь, би чиний оронд байсан ч болоосой!" гэж Нана бараг л уйлсаар хэлээд ширээ толгойгоороо мөргөх аж. Тийм ээ, би ч бас яг ингээд ширээ мөргөхийг хүсч байна.
Би тэр явдлыг зүүд юм байх гэж хэдэн цаг бодсон ч гэнэт коридорт түүнтэй дахин тааралдах үед бүх зүйл бодит байсныг дахин санасан юм. Аль хэдийн завсарлагааны цаг болчихсон, би өнөөдөр хоол авчирч чадаагүй болохоор цайны газар луу Нанаг дагуулан алхаж байлаа.
Гэтэл намайг хэзээ ч тоож ярьдаггүй байсан хүн хаа байсан коридорын нөгөө захаас "Хөөе охион! Чи зүгээр үү?!" гэж орилсон нь намайг сурагчдын дунд эвгүй байдалд оруулж орхилоо. Танака-сэнпай гуйя, энд л биш шүү.
Нана над руу гайхан харахад би санаа алдаад нүүрээ бусад хүүхдүүдээс халхлах гэж хичээлээ.
"Чи түүнийг айлгаад байна, Танака!" Асахи-сэнпай хурдхан түүний толгойг нэг сайн дагздаж авсны дараа Шоёо-сан ч тэдний ардаас гараад ирэх нь тэр. Байдал бүр болохоо байх нь!
"Х-хоёулаа өнөөдөр юм идэхгүй өнжчихье" Би амандаа бувтнасаар шууд л эргэж хараад Нанаг дагуулан анги руу явах гэж байтал урдаас ирэх хар дүрэмттэй залууг хараад шууд л байрандаа хөшиж орхилоо. К-К-К-Кагэяама-
"Май, чамд хүйтэн ус хэрэгтэй байх. Толгой чинь өвдөж байгаа байлгүй."
Би үнэндээ Кагэяамаг эмэгтэйчүүдтэй харьцахаас эмээдэг, ер нь л их ичимхий гэж боддог байснаа нуухгүй ээ. Гэхдээ надтай ингэж харьцаад, бүр "сайхан ааштай ханхүү" шиг аашлаад байгаагаас нь харвал тэр бодит байдал дээр ичимхий биш бололтой. Эргэн тойрны хүүхдүүд надаас ч илүү гайхширсан аятай ам амандаа уулга алдана.
Түүний над руу сунгасан усыг аваад баярласнаа илэрхийлэх гэсэн ч тэр аль хэдийнээ хажуугаар зөрөөд гарчихлаа.
"Миюүки, чи од болох нь ээ."
"Амаа тат аа." Би хойш Кагэяама руу харсаар хариулаад, түүний надад өгсөн усыг чангаар атгаад санаа алдлаа. Тэр өчигдрийнхөөс хүйтэн хөндий байна, магадгүй дахиж надтай харьцахгүй ч байж магадгүй. Гэхдээ зүгээр дээ, Миюүки, чи хангалттай азтай байсан.
"Ингэхэд чи шинээр авсан гээд гайхуулаад байсан пүүзээ дахиж өмсөхгүй юм уу?" Нана гэнэт л гутлаа сольчихснийг минь анзаараад хэлэхэд нь би инээд алдаад "Тэр гутал одоо өмсөхөөс ч хайран болчихсон" хэмээн ичингүйрэн хариулав.
"Өлсөж байхад хоол идэхгүй гэхээр гунигтай байна..." Тэр сандал дээрээ гутрангуй суусаар ширээ дэрлэхэд нь би түүнтэй цайны газар яваагүйдээ уучлалт гуйгаад дахиад л санаа алдлаа. Хэрвээ тэр эрчээрээ цайны газар луу явчихсан бол тоглоом ч үгүй зүрх хаагдах байсан байх.
Хамгийн сүүлийн цаг биеийн тамир орох болохоор сурагчид ч хувцас солих өрөө рүү яаран гүйлдэнэ. Карасүно ахлах сургуулийн биеийн тамир орох өдөр, энийг ч бүх охид л тэсэн ядан хүлээдэг байхдаа. Тэдний тоглож байгааг өмнөхөөсөө ч илүү ойроос харах боломжтой болдог болохоор.
Гэхдээ харамсалтай нь биеийн тамир орж эхэлсэн ч тэд ерөөсөө ч харагдсангүй. Нэг охин тамирын багшаас "Караүсно гар бөмбөгийн баг гарч ирэхгүй юм уу?" гэж их л санаашрангуй асуух хүртэл бүгдээрээ л тэднийг ойроос харна гээд баярлаж байсан юм. Би ч адил, тэдний өчигдөр тийм ойроос харсан ч гэсэн ахин дахин ойроос харах шунал төрсөөр л.
"Тэд бэлтгэл тоглолт хийхээр явсан. Өнөөдөр гарч ирэхгүй." гэж багш ширүүнээр хариулаад, шууд л сунгалтын дасгал хийлгүүлээд эхэллээ.
"Ахх, азгүй байна шүү..." Нана амандаа бувтнахад би ч толгой дохив. Нээрээ ч тэдний дараагийн тоглолт ойртож байгаа юм чинь бэлтгэлээ сайн хийхгүй бол болохгүй л дээ. Тэд бэлтгэл тоглолт дээр ялаасай.
-
Тамирын хичээл урьд урьдынхаас ч илүү хүнд болж өнгөрсний дараа бараг л булгарчихсан биетэй би алхаж ядсаар сургуулиас гарч байлаа. Нана өнөөдөр завгүй гэсэн болохоор бид гадуур гарахааргүй болсон, угаасаа гадуур алхах тэнхэл ч алга.
Би гэр лүүгээ алхах зуураа манайхан ямар багтай бэлтгэл тоглолт хийж байгааг бодсоор эцэст нь Нэкома байж магадгүй гэж бодлоо. Нэкома багтай сүүлд тоголсноос хойш их удсан юм чинь.
Яагаад ч юм миний бодол зөв юм шиг санагдсанд би Нэкома ахлах сургуулийг зүглээд алхаж эхэлтэл гэнэт ардаас "Өө чи юу?" гэх танил гэхэд дэндүү танил хоолой гарах нь тэр.
"Миюүки байхаа? Өдөр сургууль дээр хөндий аашилсанд уучлаарай, эвгүй санагдах байх г-гэж бодоод."
Би одоо ч эргэж харж зүрхэлсэнгүй. Түүний хоолой өмнөхөөсөө илүү зөөлхөн сонстох агаад энэ удаад нэг л ичсэн маягтай дуулдана.
"Кагэяама- би-" гээд би юм хэлэхийг хичээсэн ч миний амнаас түүний нэр гарна гэдэг л бараг амжилт шиг санагдах аж.
"Мэднээ, бидний том шүтэн бишрэгч гэдгийг чинь" гэсээр тэр над руу улам дөхөж ойртож байгаа нь сонсогдоно. "Бас хэн нэгэнд нь хайртайг. Үнэнийг хэлэхэд би үргэлж чиний өргөдөг баннерийг ажигладаг байсан шүү, тоглолт болгон дээр. 'Кагэяама шилдэг холбогч' гэх хамгийн сүүлчийн тоглолт дээр чиний өргөсөн баннерийг хараад золтой л инээчхээгүй. Юу гэхээр.. ичсэндээ инээхгүйг хичээсэн гэх үү дээ."
Би шүлсээ гүдхийтэл нь залгиллаа. Гар хөл минь өөрийн эрхгүй салгалсаар л байх агаад сэтгэл нэг л дулаацаад байгаа юм шиг хэрнээ даарч байгаа мэт л чичирнэ.
"Үнэндээ чамайг өчигдөр бөмбөгөөр цохисондоо баярлаж байх шиг байна, чамтай эцэст нь ярилцаж чадсан болохоор. Цаашдаа ч бас ярилцахыг хүсч байгаа болохоор..." Тэр дахин нэг алхам урагшлаад, доош тонгойход түүний амьсгал чихэн дээр минь мэдрэгдэх аж.
Би сандарсандаа нүдээ тас аниад, үүргэвчнийхээ оосроос чангахан зуурлаа.
Кагэяама эрүүгээ шууд л мөрөн дээр минь тавьсныхаа дараа "Үргэлж дэмжигч минь байсаар байгаад баярлалаа. Бас одоог хүртэл нааш эргэж хараагүйд, харсан бол би хэлэх гэсэн бүхнээ залгичих байсан байх. Миюүки.. сар гэсэн утгатай байхаа? Үргэлж хэцүү үед, бидний харанхуй нөмрөх үед гэрэлтэх сар минь байж өгөөрэй." гээд хацар дээр минь зөөлхөн үнсэх нь мэдрэгдлээ.
Дулаахан- үгүй ээ хэт халуун! Хацар минь шатаж байна! Ер нь яг юу болоод байна аа! Миний хайртай хүн гэнэт гарч ирээд хацар дээр үнсэх??? Бурхнаар андгайлъя энэ зүүд байсан ч хамаагүй би үүрд энэ зүүдэндээ үлдмээр байна!
"Би хэзээ ч эмэгтэй хүнтэй дотно байж үзээгүй, бүр чаддаг ч үгүй. Ичээд, сандраад байдаг болохоор. Гэхдээ чамайг ч бас ичимхий гэдгийг мэдсэнээс хойш би чамаас илүү зоригтой байхыг хүсэх болсон. Х-хайр-"
Би нүдээ одоо ч тас анисаар шууд л толгойгоо түүний зүгт эргүүлж орхитол бидний уруул шүргэлцээд өнгөрөх нь тэр. Ээ бурхан минь!!! Би ингэх гээгүй юмсан! Зүрх минь дэлбэрлээ! Цээжин дотор галт наадам болоод байх шиг байна!
Тэр инээд алдсаар "Сүүлчийн үгээ гүйцээхээ болилоо" гэж шоглоод эрүүгээ мөрөн дээрээс минь авах аж. "Бас бэлтгэл тоглолт дуусчихсан, чамайг гэрт чинь хүргэж өгье." гээд удаанаар гарнаас минь хөтөллөө.
Би шууд л цочин гар хүчтэй чичирсэн ч үнэндээ түүний гар ч бас чичирч байгааг анзаараад би инээд алдаж орхив. Нүдээ удаанаар нээхэд тэр ичсэн байдалтай цааш харчихсан байх агаад царай нь ягаарчихжээ. Хөөх, одоо би тийм ч их сандрахгүй байна. Хэцүү үеэ давчихсан бололтой.
Одоо ч бүх юм зүүд шиг боловч бүгд бодит зүйлс байсныг анзаараад би бараг л ухаан алдталаа баярласан юм. Кагэяама намайг хөтөлж байна. Бүр түрүүлж сэтгэлээ илчлэхээ шахсан. Гэхдээ би үргэлж түрүүлж сэтгэлээ илчлэхийг хүсдэг байсан болохоор хоолойгоо засаад "Хайртай шүү" хэмээн гацалгүй хэлж орхилоо.

-
A/n- MSHL_myg -ийн хүсэлтгээр бичсэн oneshot байлаа~! Үнэхээр их удаасанд уучлаарай 🙏 Таалагдах эсэхийг сайн мэдэхгүй байгаа ч чадахаараа гоё болгох гэж хичээлээ. 💜
Одоо oneshot-уудаа хурдан оруулахыг хичээх болохоор дэмжээрэй. 💜
