Giyuu Tomioka
YOU'RE NOT ALONE
Giyuu x Shinobu Kocho | Episode.1
[Demon slayer]
|||
"Юу хийгээд байгаа юм? Хүрээд ир" Карло над руу баруун гараа сунгасаар хэлээд, мишээх аядав. Эргэн тойрны цэцэгс өнгө алаглан үзэгдэж, тансаг үнэр нь орчлонгийн сүрчиг болох шиг санагдана. Дулаахан салхи түүний бүдэг ягаан даашинзыг сэвэлзүүлэн, нарны хурц гэрэл арьсан дээр нь буун гялалзах аж.
"Надаар яах гэсэн юм?" Би зөөлхөн зүлгэн дээр суусан чигтээ хариулаад, байдаг л харцаа тодруулан түүний нүд рүү эгцлэн харлаа.
Цэнхэр нүд нь гол шиг тунгалаг гялалзан үзэгдэж, тэрээр шаргал үсээ чихнийнээ ард хийгээд "Чамд харуулах юм байна"
Би дахиж эсэргүүцэх гэсэнгүй босохоор гараас нь атгатал түүний инээмсэглэл хөөс шиг замхран одож, бие нь агаарт уусах ба, миний нүд томорсоор харанхуй хонгил руу унаж орхилоо.
Дахин давтагдах хар дарсан зүүд.
Хар хөлс нулимстай минь холилдон урсахад би нүдээ алгуур нээн, сааралтан үзэгдэх таазтай мэндлэв. Бие хачин гэмээр хөндүүрлэж, толгой манарч байсан ч би хөнжлөө сөхөн босоод хэсэг бодлоо цэгцлэхээр амьсгаа авлаа.
Карло...
Энэ хар дарсан зүүд надаас хэзээ ч холдохгүй нь. Зүрх хөндүүрлэн өвдөж, амьсгал бага багаар давчдаж эхлэхэд би гадаа гарахаар яаравчлан кимоногоо өмслөө. Нар мандах хараахан болоогүй байгаа бололтой сар тэнгэрийг баясган гэрэлтүүлж үзэгдэнэ.
Гадаа сэрүүхэн байлаа. Хүйтэн чийглэг агаар хамраар дамжин уушги руу зүглэж, ой моддын таатай хэрнээ зүрх зүсэм үнэр дахиад л түүнийг санагдуулах аж. Өвлийн урь хэдийнээ орчихжээ.
Би катанагаа бүсэндээ хийгээд, ойгоор зугаалахаар гэрээсээ холдлоо. Алхах бүрт мөчир, самар гэх мэт ямар нэг зүйл уланд гишгэгдэн шаржигнасан чимээ гаргах бөгөөд шар шувууны чимээ хааяа нэг дуулдах нь нэг л түгшүүртэй санагдана. Гэсэн ч ой намайг цаанаа л нэг тайвшруулах аж. Түүнтэй хамт ирдэг байсан болохоор тэр биз.
Гэнэт чихэнд өөр нэгэн танихгүй чимээ дуулдлаа. Амьсгалах, бишээ амьсгаадах чимээ. Харц минь чимээний зүг рүү огцом шилжиж, би тийш очих эсэхтээ хором эргэлзэв. Гэтэл тэрхүү амьсгаадах чимээ гэнэт л байхгүй болчих нь тэр.
Хөмсгөө зангидсаар анхаарлаа алдахгүй гэсэндээ бүх ухаан санаагаа ойр орчимдоо төвлөрүүлж байтал ард сэлмээ хуйнаас нь сугалах чимээ гарч, хурдхан эргэж харвал нэг хүн над руу дайрахаар зэхэж байлаа. Би дайралтаас нь чадлаараа түргэн бултаад өөрийнхөө сэлмийг сугалан түүнийг мод руу шахаад, сэлмээ хоолойнд нь тулгав.
"Хэн гээч нь вэ?!"
Түүнтэй харц тулгарсны дараа биеийн минь шар үс босох шиг л болж, цахилгаан гүйдэл шиг зүйл биеэр тархан арьс ирвэгнүүлнэ.
Нил ягаан нүд нь сарны гэрэлд туяаран гялалзаж байна. "Карло...?" Өөрийн эрхгүй амнаас минь энэ үг урсан гарчхав. Тэр амьсгаадсаар ууртай над руу ширтэх бөгөөд шүлсээ гүдхийтэл нь залгиад "Уучлаарай, чамайг өнөө новшнуудын нэг гэж бодлоо."
Хоолой нь хүртэл тун адилхан уянгалаг дуулдах ч би түүнийг Карло биш гэдгийг сайн мэдэж байв. Тэр аль хэдийн үхсэн.
Түүнийг яг ямар учиртай ийн хэлснийг сайн мэдэхгүй ч, тэр уулын дээрэмчдэд хөөгдөж байсан бололтой. Би сэлмээ буулган, хуйнд нь хийгээд түүний энгэртээ барьсан ууттай зүйл рүү харцаа тусгаад "Хулгай хийгээ юу?" Дээрэмчдээс хулгай хийсэн гэж үү?
"Чамд хамаагүй л байх" Тэр нүднийх нь урдуур унжих үсээ зөөлхөн хойшлуулаад, инээмсэглэн хэлэх аж. Түүний үг үйлдэл зөрөөд байна.
Түүний хувцас нэлээд халтартсан байхаас гадна үсэндээ зүүсэн эрвээхэйн чимэглэл нь бараг л салж унахаа шахсан байв. Хэр удаан ойгоор хэсүүчилж, дээрэмчдээс зугтсаныг мэдэхгүй ч түүнийг ингээд орхиж болохгүй.
Би эргэн тойрноо харж байгаад "Намайг дагаад яв" хэмээн шивнээд түрүүлэн алхаж эхэллээ.
"Юу?" гэх түүний гайхсан хоолой дуулдаж "Хаашаа явах гэж байгаа юм?"
"Энэ шөнө хүйтэн ойд хонож, араатнуудад идүүлмээр байвал үлдэж болно"
Би түүн рүү эргэж харахгүй хариултал тэр бачимдсан бололтой хачин чимээ гаргаад "Намайг дээрэмчдэд барьж өгөхгүй гэдгийг чинь яаж мэдэх юм!"
Сэжигч байх нь ээ. Би алхаагаа зогсоохтой зэрэгцэн шар шувууны чимээ агаарт цалгин хадаж, шувууд модноос мод дамжин нисэлдлээ. "Би ч гэсэн хулгайч."
|||
"Баярлалаа." Түүнд халуун цай аягалж өгсний дараа тэр нүдэндээ баярын мишээлт тодруулсаар хэлэх ба хоолой нь цуурай шиг цалгин дуулдах шиг хэрнээ далай мэт гүн сонсогдоно. Нэг тийм тайвшруулах увдистай намуухан аялгуу шиг.
"Чамайг хэн гэдэг юм?" хэмээгээд би түүний урдаас харан суутал тэр үл ялиг гайхан яг нүд рүү минь эгцлэн ширтэж байснаа дахиад л инээмсэглэн "Шинобү. Овгоо хэлэхгүй болохоор Шинобү гэж дуудхад болно"
"Гиюү. Овгоо хэлмээр байгаа ч чи хэлээгүй болохоор намайг Гиюү гэж дуудхад болно."
Түүнтэй төстэй хариултыг цааргалалгүй хэлчихсэнд гайхан, над руу хачин харсан ч удалгүй мөрөө хавчаад гэрийг минь тойруулан ажих аж. "Ганц бие байх нь ээ"
"Хулгайч шүү дээ, над шиг хүнд эхнэр олдохгүй" Би сандалны түшлэг налчихаад хээв нэг нүдээ анин, амарч байтал тэр "Тэгээд.. чи яагаад хулгай хийдэг юм?"
Нүдээ нээхийг хүсээгүй ч түүний харцыг харах хүсэл дотроос малтаад байсан тул би түүн рүү эгцлэн ширтээд, нүднээс нь амар амгаланг олж харав.
"Би одоо хулгай хийхээ больсон л доо. Өмнө нь нэг хамтрагчтайгаа хоол хулгайлдаг байсан юм. Нэг удаа.." Шинобүгийн сонирхсон харц шууд л надад Карлог санагдуулж орхилоо. Тэд туйлын адилхан юм.
"Бид хоёр нэг удаа ордноос хоол хулгайлж байгаад баригдчихсан." Муусайн новшнуудад тийм их хоол байх эрхгүй. "Тэгээд тэр намайг хамгаалахын тулд амиа золиосолсон." Тэр үхэх ёсгүй байсан юм. Өлсөж байгаа биднээс ганцхан атга будаа харамласан язгууртан нэртэй хог шааруудаас болж тэр үхэх ёсгүй байсан юм!
"Харамсалтай байна.." хэмээх түүний хоолой мэдэгдэм зөөлөрчээ. Тэр сэтгэлээсээ харуусаж байна.
"Харин чи?"
"Хулгайч нар адил зорилготой биш гэж үү? Өлсөхгүйн тулд хоол хулгайлна. Тэгснийхээ төлөө амиа алдана." Тэр санаа алдаад хойш сандлаа налан хэсэг ширээ рүү гөлөрч байснаа "Ордон руу хулгай хийхээр орсон гэсэн үү?"
Би толгой дохилоо. "Тэгвэл яаж ордны хамгаалалтыг нэвтлэхийг мэдэх юм байна. Намайг оруулаад өг" гээд тэр над руу найдвар тээсэн нүдээрээ цоо ширтэн, аврал эрэх мэт урууландаа инээмсэглэл тодруулна.
Түүнийг яах гэж байгааг би асуусангүй. Гэсэн ч чимээгүй л толгой дохилоо.
|||
"Хөөе Гиюү? Чи хэр удаан хулгай хийсэн бэ? Би лав гурван жил болж байна. Тосгондоо бол мэргэжлийн шүү. Харин ойд яагаад ч нуугдаж чадахгүй хэцүү байдаг."
Тэр чалчаа юм аа, үнэхээр чалчаа. Ордон руу орох төлөвлөгөө зохиогоод хоёр хоног болсон, өөрөөр түүнтэй уулзаад хоёр хоночхож. Карло шиг байнга асуулт асууж, юм ярихыг нь яана.
Залхуутай санагдаж байсан ч тэр намайг ганцаардлаас аварч байгаа нь ашгүй дээ. Тэр ч бас ганцаарддаг байсан байхдаа.
"Хөөе Гиюү?" Тэр орон дээрээ нааш эргэж хэвтхэд бидний харц тулгарлаа. "Чиний тэр хамтрагч чинь.. ямар хүн байсан бэ?"
Яг чам шиг хүн байсан. Та хоёр яг л ихрүүд шиг. "Ойлгомжгүй, орилоо, байнга гомдоллодог."
Тэр инээд алдлаа. Тэгээд босч суугаад "Түүнийг хэн гэдэг байсан юм?" гэсээр хууч яриа сонсохыг хүссэн жаалхүү шиг над руу дөхөв. Би ч түүний адилаар босч суугаад "Карло."
"Гоё нэр байна" гэчхээд тэр ямар нэгэн юм бодож буй бололтой тааз руу харж байгаад жаахан охин шиг инээд алдан "Чи түүнийг алдчихаад их ганцаардсан байх даа" гээд миний нүүрэнд бараг л тулж ирээд "Тийм ээ?"
Шинобү нүдээ хурдан хурдан цавчилсаар над руу ширтэж, амьсгал нь хацар, урууланд мэдрэгдэнэ. Зүрх хачин гээчийн хүчээр цээж нүдэж эхлэхэд ойр орчин галт автаад байна уу гэмээр л санагдаж эхэллээ. "Би тэр эмэгтэйтэй их адилхан байх тийм үү"
Би түүнд Карлог эмэгтэй гэж хэлээгүй юм сан. "Үгүй байсан бол чи над руу тийм харцаар ширтэхгүй, намайг дээрэмчдээс хамгаалан гэртээ оруулахгүй, ордонд ороход ч туслахгүй байсан, миний зөв үү?"
"Тийм харц гэж?" Түүнийг илүү тодорхой яриасай хэмээн хүсээд би шуудхан ийн асуучхав. Шинобүгийн амьсгал улам ойрхон санагдаж эхлэнэ. Түүний үзмэн ягаан үс нүдний урд амьсгалд нь хийсэж, эрвээхэйн чимэглэл нь тодхон гялалзаж байв. "Чи над руу яг л хайртай хүнээ ширтэж байгаа юм шиг ус шиг дөлгөөн харцаар ширтдэг."
Нүдэнд одоо Шинобү биш Карло үзэгдэж эхэллээ. Тэр үсийг минь сэгсийлгээд "Сайхан амьдраарай" гэж шивнэн, уруул дээр үнсэх шиг тийм зөөлхөн мэдрэмж надад төрнө. Гэнэт хацранд зөөлхөн бөгөөд дулаахан зүйл хүрэхэд л би бодит байдалд эргэн ирлээ. Би уйлаад байна уу даа? Шинобү нулимсыг минь гар дээрээ тосож аваад, хацрыг минь зөөлхөн илбэнэ.
"Чи үг дуу цөөтэй юм шиг хэрнээ үнэхээр их зүйл боддог. Ширүүн харцтай боловч харцанд чинь харуусал шингэчихсэн. Огт инээмсэглэдэггүй. Хөмсгөө үргэлж зангиддаг. Энэ бүхэн чинь, чамайг хэр их ганцаарддагийг тодотгодог."
Шинобү ингэж хэлээд надаас холдон, орондоо ороод "Одоо чи ганцаараа бишээ, би байгаа болохоор." гэж зөөлхөн шивнэн, цааш харж хэвтчихээд "Сайхан амраарай, Гиюү"
|||
Тэр шөнө би түүнийг яагаад тэгж аягласныг удаан гэгч нь бодоод бараг л унтаагүй. Маргааш нь юу ч болоогүй юм шиг будаа агшаах Шинобүг хараад надад өөрийн эрхгүй гайхшрал төрсөн сөн. Тэр тааварлашгүй эмэгтэй, гэхдээ үнэхээр сайхан сэтгэлтэй нэгэн.
Ордон руу нэвтрэх шөнө тэргэл сар үзэсгэлэнтэйгээр тэнгэрт мандсан байв. Шинобү бид хоёр хот руу чимээгүйхэн гүйх ба, түүний ягаан кимоно түүнд гайхалтай сайхан зохино.
"Сар үзэсгэлэнтэй байна шүү, тийм ээ?" Тэр гүйх зууртаа тэнгэр лүү харсаар хэлсэн ч би хариулсангүй. Юу гэхээ мэдэхгүй байсан болохоор.
Ордны гадна ирэхэд би Шинобүг нууц хаалга руу замчилж яван, бид ордны цэцэрлэгт хүрээлэн рүү нэвтэрдэг нууц гарцаар мөлхсөөр хэдхэн минутанд ордны хашаан дотор орж ирсэн байв. Харуул хамгаалалт өнөөдөр арай сул харагдана.
Түүнд огт чимээ гаргаж болохгүйг сануулаад ордны хойд хаалга руу зүглэлээ. "Үүгээр орвол дажгүй байна байх. Чи ордон руу орж яах юм?"
"Хоол хулгайлж байгаад баривчлагдсан найзуудыгаа аврана."
Тэр эрс шийдэмгий хэлэхэд би үл ялиг гайхсаар түүн рүү хараад "Доод давхар луу явах юм байна, хамгаалагчдыг яах тухайгаа бодсон юм уу?"
Шинобү сэлэм рүүгээ заалаа. Түүний сэлмээр тулалдах чадвар ямаршуу гэдгийг мэдэхгүй ч, ямар ч байсан ажиллагаа бүтээсэй гэж дотроо хүснэ.
Бид хойд хаалгаар чимээгүйхэн нэвтрээд шорон руу явдаг доош уруудах шатаар гүйж эхлэв. Хэдэн харуулууд хөзөр тоглож байгаа бололтой шатны үзүүрт суух ба Шинобү сэлмээ аажуухан сугалаад "Хараад сурч ав" хэмээн бахдалтай хэлэн хамгаалагч нар луу довтоллоо.
Бүх зүйл хормын төдийд л болж өнгөрөв. Тэр дөрвөн харуулын ил гарсан биеийн хэсгийг зүсэхэд нөгөөдүүл нь дуу шуу болж босч ирсэн ч удалгүй газарт хүчтэй унаж орхилоо. Хор уу даа?
"Би хуйндаа хор хийчихсэн юм. Хүрсэн хүн болгон үхнэ" гээд тэр над руу инээмсэглэн хараад, цааш явлаа. Замд тааралдах бүх цэргүүдийг тэр саяны аргаараа хордуулж байв. Миний хийх зүйл ердөө л түүнийг дагах байлаа.
"Шинобү! Энэ чи мөн үү?" Нэг торны цаанаас саарал үстэй залуу царайгаа лааны гэрэлд үл ялиг харагдахаар гаргаж ирэн, Шинобү рүү гараа сунгалаа.
"Крис!" Шинобү шуудхан түүний гарыг атгаж авах ба торны цаанаас тэд духаа нийлүүлнэ.
Найз залуу нь байх нь. Шинобү түлхүүрийн тухай бодоогүй бололтой Крисийг яаж гаргахаа мэдэхгүй будилах бол би сэлмээ сугалаад "Шинобү, холдож бай" гээд шууд л төмөр шонгуудыг зүсч орхилоо.
Крис болон Шинобүгийн ам бүр ангайж орхив. "Чиний сэлэм хортой бол миний сэлэм төмөр зүсэх чадалтай" гэж намайг хэлтэл Шинобү талархан толгой дохиод, Крисийг яах ийхийн зуургүй тас тэврэн авав.
"Бусад чинь хаана байна?"
Крисийн хоолой сөөнгөтөн "Цаазлуулсан..." гэж хариулаад нулимсаа шувтарлаа. Шинобү тийм ч их гайхсангүй Крисийн духан дээр үнсээд "Чиний буруу бишээ.."
Тэд дотно юмаа. Шинобү түүний төлөө энэ аюултай ажиллагааг хийсэн шүү дээ. Тэр хэрээрээ бие биедээ хайртай биз.
|||
Ордноос амжилттай гарсны дараа Шинобү Кристэй хамт гэртээ харих хэрэгтэй тухайгаа надад хэллээ. Би юу гэхээ дахиад л мэдээгүй болохоор толгой дохиод, ганцаархнаа гэртээ ирсэн юм. Жижигхэн модон байшиндаа дахиад л ганцаархнаа.
Хаалгаа хаачихаад, би хана налан доош суугаад цонхоор харагдах сар луу гунигтай харцаараа ширтэв. "Тийм ээ, сар үзэсгэлэнтэй байна"
Тэргэл сарны гэрэл шууд нүүрэн дээр минь тусна. Би нүдээ алгуур аниад, Шинобү Крисийг хэрхэн тэвэрч, түүнийг хэрхэн үнсэж байсан тухай төсөөллөө. Уур бухимдал сэтгэл дүүргэж, толгойд Шинобүгийн инээмсэглэл тодрон харагдаж байв. Дахиж тэр инээмсэглэлийг харахгүй бололтой. Тал нутагт эгшиглэх аялгуу мэт намуухан хоолойг нь дахиж сонсохгүй байх даа..
"Ганцхан чиний нүднээс би дулааныг мэдэрдэг" Карлогийн хоолой гэнэт л цуурайтах шиг болоход би нүдээ онцом нээлээ. Гэсэн ч эргэн тойронд хэн ч байсангүй. Нүдэнд нулимс бүрэлзэн сар луу дахиад л хоосноор ширтэж байтал Карлогийн цэнхэр нүд харагдах шиг болов.
Гэхдээ энэ удаад Карлогийн биш, Шинобүгийн нил ягаан нүд тодрон гялалзсан юм. Тэр сарны мөнгөн туяаг биеэрээ халхан цонхны тавцан дээр зогссон байх агаад цонхонд тусах нарны гэрэл шиг тод инээмсэглэлээ урууландаа тодруулаад "Чамайг орхичихлоо гэж бодсон уу? Крисийг ээжид нь хүргэж өгчхөөд ирлээ. Чи буруу ойлгочихсон байх, бид хоёр үеэлүүд байгаа юм" гээд нүдээрээ инээв.
Миний нүд өөрийн эрхгүй томрон, түүнийг эргэж ирээд цонхны тавцан дээр минь зогсож байгаад итгэж ядан байлаа.
"Би чамайг орхихгүй ээ, Гиюү. Учир нь би чамайг ганцаардуулж чадахгүй" гээд тэр гараа сунган "Ойгоор жаахан зугаалах уу?"
Би энэ удаад ганц хором ч алдахыг хүссэнгүй түрэгхэн босоод түүний дулаахан гараас атгалаа. Тэр над руу гэрэлтсэн харцаа тодруулан, намайг өөр лүүгээ татахад би эрчинд нь урагш болохдоо Шинобүг тавцангаас унагаан, бид хоёр цонхоор шидэгдэн, дээр дээрээсээ давхралдаад уначихав.
Тэр инээд алдахад би ч энэ удаад тэссэнгүй инээмсэглэчихлээ. "Хөөх, чи инээж чаддаг байсан юм уу?" гэж шоглоод тэр намайг хариулт хэлэхийн завдалгүй уруул дээр үнсэж орхилоо.
Анхны цас будран орж эхлэн, сэрүүхэн салхи сэвэлзэх ч түүний үнсэлт бүхнийг дулаацуулах шиг санагдана.

|||
A/n-Гадаа цас орсон чинь гоё байна шүү, тийм ээ ♥️🥰 Дуртай дүрээрээ oneshot бичүүлэх бол хүсэлтээ чөлөөтэй хэлж өгөөрэй~!
Энэ хэсэг ямархуу санагдав? Шүүмж, сэтгэгдэл гээд хэлэхийг хүссэн болгоноо хэлж өгөөрэй 🥺♥️
