1 страница29 апреля 2026, 14:55

Todoroki Shoto

MY HERO

Todoroki x Original character | Episode.1

[My hero academia]

|||

Салхи хүчтэй сэвэлзэж, бяцхан охины цээлхэн хоолой айдас дүүрэн гудамжаар цуурайтна. Наранд нялхаран байсан цэлмэг тэнгэр хар үүлсэд хучигдахтай зэрэгцэн би гүйхээрээ чимээ гарсан зүг рүү яаравчиллаа.

Эмэгтэй хүүхдийн орилоон. Яах аргагүй би сонссон.

Түүний хоолой тусламж гуйх шиг дуулдаж, минут тутамд цуурайтах агаад би гүйсээр харанхуй гудамжны захад ирлээ. Ханад шахагдсан бяцхан охины нимэгхэн урт даашинз нь тал тал газраа халтардаж, ноорхой болсон харагдах агаад түүний үс сэгсийж, нүдэнд нь айдас хуржээ. Нэгэн эр охин руу бага багаар ойртсоор амыг нь таглан "Чимээгүй болохгүй бол, алж орхино шүү." хэмээн заналтай өнгөөр хэлээд инээд алдах аж.

Охины нүднээс нулимс урсаж эхлэн тэрээр зүгээр л толгой дохив. Уур хилэн цээжин дотор байж ядан дүрэлзэх агаад би удаан тэсэхгүйгээ мэдэж байлаа. Тэдний хэн нь ч намайг анзаараагүй байгаа бололтой.

Миний тархинд ганц л бодол шурхийн орж ирлээ, охиныг авар.

Секунд өнгөрөхөд миний зүүн гарын алган дээр гал ассан байлаа. Сэрүүн салхи дүрэлзэх галын дөлийг багахан сэвэлзүүлж, бүрхэг тэнгэр намайг даган уурсах мэт нижигнэж эхлэв.

Гал улам дүрэлзсээр биеийн минь зүүн хэсэг бүхэлдээ галт автах агаад танхай эр охины хацрыг удаанаар илж эхлэхэд нь эцэст нь би ам нээлээ.

"Түүнээс холд." Хоолой минь гудамжны саарал ханан дээр ойн цуурайтна.

Танхай эр цочисхийчихээд удаанаар над руу эргэж хармагцаа тас тас хөхөрч эхлэв. "Юу вэ? Галын хүчтэй жаал уу? Эндээс тонилж үз." гээд шүлсээ газар нулимах нь намайг улам л уурлуулна.

Харин охин огт өөр хариу үйлдэл үзүүллээ. Тэр намайг хармагцаа байж боломгүй их итгэл найдвар тээсээр инээмсэглэсэн юм. Чамайг аврах болно оо, хүлээж бай.

Би хөмсгөө зангидсан чигтээ галын эрчээ улам нэмбэл ойр орчмын агаар халуунд шатан, надаас халууг уур савсаж эхэллээ.

"Яаж хараад байгаа юм, золиг чинь?" Тэр ингэж хэлэнгүүтээ охины үснээс огцом шүүрч аван, түүнийг газраас босготол охин өвдөлтөндөө айхтар ярвайв. "Энэ өлөгчинг аврахаар ирээ юу?"

Танхай эр охины хоёр хацраас шахан "Тэр үнэхээр сайхан үнэртэй болохоор харамлах сэтгэл төрж байна шүү, гэхдээ түүнийг хамт эдлэмээр байна уу?" гээд тэр дахиад л харанхуй гудамжинд цуурайтахаар муухай инээгээд, над руу зэвүүн харцаараа ширтэнэ.

"Амаа тат!!!" Энэ удаад би тэссэнгүй ийн бархираад гал дүрэлзэх зүүн гараа далайн түүн рүү гүйж эхэлтэл тэр толгой сэгсрээд "Муусайн нусан жулдрайнууд." гээд охиныг газар луу хог хаяж байгаа мэт шидэж орхив.

Тэгээд хүрэмнийхээ халааснаас шилтэй шингэн зүйл гаргаж ирмэгцээ түүнийг шууд л хананд саван хагалах бөгөөд ус ийш тийш цацрах аж. "Ус тийм ч их байхгүй байгаа ч, чамайг өмдөндөө дусаахад хангалттай."

Танхай эр хуруугаараа хэдэн уран хөдөлгөөн хийтэл саяхан газраар нэг цацарсан ус хөдөлгөөнд орж эхэллээ.

Ус удирдагч.

Тэр бүх усан дуслуудаа нэгтгээд над руу цацах агаад миний галыг унтраачихвал бусдаар дөнгөнө гэж бодсон бололтой ер санаа зовсон шинжгүй харагдана. Би урууландаа ёжилсон инээмсэглэл тодруулаад, над руу цацрах усыг шууд баруун гараа хүргээд л хөлдөөж орхилоо.

Баруун гарын минь үзүүрт ганц дусал хүрсний дараа бүх ус хормын дотор л агаар дээр тогтон хөлдөх бөгөөд, амнаас минь хүйтэн уур савсаж, би танхай эрийн цочирдсон нүүр лүү ширтсээр "Уучлаарай" хэмээн шоглож амжив.

"Чи я-яаж-" Тэр гайхсандаа доош хөл алдан унах агаад, би хөлдөөсөн мөсөө барьж аван, хойш шидтэл мөсний хагарах чимээ гудамжны хана нүдэн цуурайтах аж. Танхай эр зугтахаар ийш тийш харах ч, эцэст нь зугтах боломжгүйгээ ухаараад өвдөг сөхрөн "Гуйя, намайг өршөө. Б-би хүссэн болгоныг чинь хийнэ-"

"Амаа тат гэж би сая хэлсэн байх аа" хэмээн би түүний урд ирж зогсоод ууртай хэлэв. Түүнийг өөр зүйл хэлж, чих бузарлахаас нь өмнө би баруун хөлөө өргөн нүүр лүү нь хамаг хүчээрээ өшиглөтөл тэр эрчинд нь хойш унаж, толгойгоо хананд хүчтэй мөргөөд ухаан алдчихав.

Би галаа аажим аажмаар унтраах зууртаа охин руу эргэж харлаа. Миний үеийн л хүүхэд бололтой. Түүн рүү ойртож очоод "Зүгээр үү?" гээд толгойнд нь зөөлнөөр хүрэхтэй зэрэгцэн бороо дусал дуслаар шиврэн орж эхэллээ. Охин шууд л цурхиртал уйлан "Ү-үнэхээр аймар байсан!" хэмээн орилоод цамцны минь ханцуйнаас зуурах аж.

Түүний биеийн байдлыг ажаад харвал хөл, гар нь хөхөрчихсөн, бас хүйтэнд тун нимэгхэн хувцастайн дээр тэр нь хаа сайгүй уранхай ноорхой харагдана. Би өмсөж байсан ганц цамцаа бушуухаан тайлаад охинд өгөн "Өмсчих. Даарах нь"

Тэр цочролд орсноосоо болоод нэг их юм ярьж чадахгүй байгаа бололтой нулимсаа шувтраад, толгой дохин цамцыг минь өмслөө. Жижигхэн биетэй юм, миний цамц түүнд томдож л байдаг.

Бороо бага багаар ширүүсч байсан тул би хурдхан түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр шийдээд, "Алив, үүрүүлчих" гээд урд нь нуруугаа харуулан суулаа.

Хэдэн хором тэр эргэлзэх шиг болоход нь би тайвшруулахаар "Миний бие дулаахан шүү, чи их даарч байгаа биздэ?"

Удалгүй түүний нарийхан хоёр гар хүзүүнээс минь зүүгдэн, нойтон басхүү хүйтэн бие нь нуруунд мэдрэгдлээ. Тэр нэлээд хөнгөхөн юм. Би галын хүчтэй болохоор үргэлж дотроосоо төөнөж явдаг учраас түүний хүйтэн биеийг хурдхан дулаацуулахаар биеэсээ их хэмжээгээр дулаан ялгаруулж эхлэв.

"Баярлалаа..."

Харанхуй гудамжнаас гарсны дараа тэр нүүрээ хүзүүнд минь наагаад хэлэх ба хоолой нь сулбагар ч намуухан, усны урсгал шиг тогтуун дуулдана. "Зүгээр дээ. Чиний нэрийг асууж болох уу?"

"Дина.." Тэр ичсэн бололтой хүзүүнээс зүүгдэх гараа үл ялиг чангалан хэлчихээд "Харин.. чамайг?"

"Тодороки. Тодороки Шото"

Тэр толгой дохиод гэнэт л ухаан орсон юм шиг давхийн цочсоноо "Бурхаг минь гэж! У-уучлаарай.. чи бороо орж байхад дээгүүрээ нүцгэн байж болохгүй шүү дээ! Надад цамцаа өгчихөөд.. би.. би зүгээр болохоор цамцаа-"

Дина тасралтгүй чалчиж эхлэхэд нь би инээд алдаад "Зүгээр дээ, энэ надад юу ч болохгүй"

Түүн рүү хүзүүгээ сунган харвал тэрээр нэлээд гайхсан төрхтэй угтах бөгөөд, нүдэнд нь нулимс цийлэгнэсэн хэвээр ч айдас нь үргэчихсэн бололтой овоо цоглог харагдана.

"Тэгэхээр Дина, гэр чинь хаана юм?" Би зүгээр л түүнийг үүрээд хаашаа ч хамаагүй явж болохгүй гэдгээ санаад ийн асуутал тэр хуруугаараа урагш заан, "Цэцэрлэгийн хажууханд" хэмээв. Манайх ч бас тэр хавьд байдаг шүү дээ, бид хоёрын гэр ойрхон бололтой.

Бид нэг их зүйл ярилгүй, зөвхөн борооны газар нүдэх чимээг сонсон алхлах ба, Динаг өвдчих вий гэсэндээ би аль болох хурдан алхана.

"Чи хэдэн настай юм?" Удалгүй чимээгүй орчноос залхсан бололтой тэр сулхан дуугаар асуучихаад миний нурууг дэрлэхэд нь би инээмсэглээд "Ес"

"Надтай чацуу юм байна.."

Тэгэхээр чацуу байх нь ээ, гэсэн ч тэр үнэхээр жоохон хүүхэд шиг харагдаж байсан. Бороо улам л ширүүсч эхлэхэд би бараг л гүйх шахам хурдлаж эхэллээ. Цэцэрлэгийн хажуугаар өнгөрөхдөө "Одоо хаашаа вэ?" хэмээтэл тэр яг манай гэрийн хажуудах байшин руу хуруушаараа заах нь тэр.

"Хөөх, бид хөршүүд байх нь"

Дина огцом толгойгоо өргөөд "Айн? Тийм гэж үү? Хөөх..." гэсээр дуу алдчихаад "Би саяхан нүүж ирсэн"

"Тийм байх нь ээ, би чамайг анзаараагүй ч ахыг чинь бол таних бололтой."

Би түүний гэрийн гадаа ирчхээд Динаг буулган "За баяртай" гэчхээд явах гэж байтал тэр гарнаас минь зуурч аваад "Дахин... баярлалаа" хэмээн ичингүйрэн хэлэв.

Түүний нойтон үсийг сэгсийлгэнгээ би толгой сэгсрээд "Зүгээр дээ"

|||

"Шото~ Би өнөөдөр далай руу явна, хамт явах уу?"

Динагийн цээлхэн, нялх хүүхдийнх мэт хоолой цонхны гаднаас дуугарахад би дөнгөж л нүдээ нээж байлаа. Далай?

Би нүдээ нээлттэй чигтээ хөнжлөө сөхөн, дайвалзаж алхалсаар цонх руу очин онгойлговол наоны хурц гэрэл шууд нүд гялбуулж орхив. "Өглөөний мэнд, Дина" хэмээгээд би хоёр гараараа нүдээ нухлав.

"Хөөе цамцаа өмсөөч ээ" гээд тэр худлаа ичиж буй мэт дүр эсгэн гараараа нүдээ таглах бол би ившээнгээ "Олон удаа хараа л биздэ"

Тэр өдрөөс хойш бараг л таван жил өнгөрсөн.

"Тэгээд? Хамт явах юм уу?"

Бид хоёр хамт нэг сургуульд явах болсон.

"Үгүй ээ." Би шуудхан эсэргүүцчихсэнд Дина цочосхийгээд, байрандаа гацчихав. "Манай хамаатнууд уул руу аялалд явна гэсэн"

Бид дотно найзууд болсон.

Түүний хацар улайж эхлэн, гомдсон бололтой хошуугаа унжуулчихаад "Т-тэгвэл боль. Гуйх.. юм уу.." гэсээр эргэж хараад явахаар завдахад нь би писхийтэл инээгээд "Хөөе мантуу, манай хамаатнууд явна гэсэн болохоос манай гэр бүл явна гэж хэлээгүй байх шүү."

Тэр үнэхээр гоё биетэй туранхай хэрнээ аймар их иддэг, бүр надаас их иддэг болохоор нь би түүнийг мантуу гээд хочилчихсон юм. Тэгж их иддэг хэрнээ яаж туранхай байгаад байдаг байна аа?

Миний хариултыг сонссоныхоо дараа Дина хормын дотор эргэж харах агаад түүний нүдэнд баярын оч гийсэн байв. "Тэгээд яагаад далай руу явахгүй юм?"

Би шүүгээнээсээ цамцаа авахаар эргэхдээ "Далай биш, далайн эрэг рүү хамт явж болж байна."

"Юу вэ! Тэнэг Шото!!!" Тэр надад чадуулчихсандаа бухимдан газар дэвслэх нь сонсогдох бөгөөд би инээд алдсаар шар өнгийн цамц, саарал шорт өмсөөд "Би одоо гарлаа, ямар нэг хэрэгтэй авах зүйл байна уу?"

Тэр огцом толгойгоо өөр тийш эргүүлээд "Хн" гэчхээд үнэд орох гэсэн бололтой намайг яахыг үзэхээр нүднийхээ булангаар хальтхан харах аж. Дунд ангийг сурагч мөн үү?

Би түүний энэ байдлыг анзаараагүй юм шиг дүр эсгээд "За тэгвэл ямар ч идэх амттай шүүслэг жимс авахгүй, элсэн дээр дэвсэх дэвсгэр ч авахгүй, өдөржингөө идэх хоол ч авахгүй гарлаа шүү" гээд цонхоо хаах гэтэл Дина чангаар орилоод "Х-хэн битгий ав гэсэн юм!"

Түүнийг сонсоогүй юм шиг цонхоо хааж орхитол тэр "Хөөе!!!" гэж хэд хэд орилоод газар газар хөлөөрөө нүднэ.

|||

Биднийг бүх юмаа бэлтгээд далайн эрэг дээр очвол нар нэлээд өндөрт хөөрч, олон хүүхдүүд, болон гэр бүл цугларсан үзэгдэнэ.

Дина аль хэдийн усны хувцсаа цамцан дотроо өмсчихсөн байсан болохоор цамцаа тайлж шидээд, далай руу гүйхээрээ явчхав. Анх уулзсан өдрийнхөөс тэс өөр, жаргалтай харагдах тэр охин.

Инээмсэглэл нь амтат бал шиг гялалзан тодорч, үсэн дээр нь буух далайн усан дуслууд, түүний нүдэнд үзэгдэх баяр хөөр үнэхээр өхөөрдөм үзэгдэнэ. Намайг дэвсгэрээ дэвсээд идэх юмаа бэлдэж байтал тэр нойтон үсээ шуусаар эрэг рүү гарч ирээд "Чи яагаад орохгүй байгаа юм? Далай үнэхээр гоё дулаахан байна"

Яг чам шиг дулаахан уу?

"Орно оо, чамайг жаахан биеэ халааг гэж бодсон юм. Удахгүй усаар зодуулахаа мэдэж байгаа биздэ?"

"Айн? Юу яриад байгаа юм? Тэгвэл би чамайг элсээр зодож орхино шүү" Тэр алгаа дэлгэн, бяцхан элсэн шуурга үүсгэнгээ ёжлон хэлээд над руу жогтой харахад нь би бууж өгөхгүй гэсэндээ "Чадвараа ашиглахгүй бол чи миний эсрэг яаж ч чадахгүй шүү" гээд нүүрэнд нь тулж очив.

Тэр үнэхээр намхан, бас жижигхэн биетэй болохоор түүнийг харах гэж би заавал доош тонгойх хэрэгтэй болно. Гэсэн ч ийм байх нь гоё санагддаг, намайг ингэж доош тонгойлгох ганц эмэгтэй нь тэр болохоор.

Удахгүй зуны амралт дуусах учраас бид хоёр усаар уйдталаа байлдаж, элсэн дээр өнхөрөлдөж, цамхаг барьж, хавч хөөж, юм идсэнийхээ дараа хөөцөлдөж тоглон тэр өдрийг хүссэнээрээ хөгжилдөж өнгөрүүлцгээв. Орой нь нар шингэхийг түүнтэй хамт ширтэн суухад үнэхээр амгалан тайван санагдана.

"Гоё байна шүү" гэсээр тэр мөрийг минь налахад би цамцаа түүнд нөмрүүлээд "Тиймээ, гоё байна." Чамтай хамт байхад.

|||

~Динагийн талаас~

Өнөөдөр хичээл орно. Тодороки надтай хамт үргэлж хичээлд явах гээд хүлээж байдаг болохоор би түүнийг удаан хүлээлгэхгүй гэсэндээ хурдхан дүрэмт хувцсаа өмсөө доош буулаа.

"Өглөөний цайгаа уугаач ээ!" гэх ээжийн дуу гал тогооноос гарсан ч би "Яараад байна аа" гэсээр гутлаа өмсөөд "Сургууль дээрээ юм идчихнэ" гээд хурдхан шиг гадагш гарав.

Яг миний таамагласнаар, тэр ирчхэж. Тодороки цааш хараад зогсчихсон, цүнхээ нэг мөрөндөө үүрсэн байх ба хаалга онгойх чимээнээр удаан эргэж харлаа. Нарны гэрэл тийм хурц байсан эсэхийг мэдэхгүй ч, түүнийг дүрэмт хувцастайгаа эргэж харахад нүд минь өөрийн эрхгүй гялбуулж, зүрх минь хүчтэй цохилов.

"Өглөөний мэнд"

Хоолой нь үнэхээр сайхан намуухан, бурхны элч шиг л сонсогдоход би өөрийн эрхгүй инээмсэглээд "Өглөөний мэнд" гээд шатаар бууж эхэллээ.

Сүүлчийн шатан дээр дөнгөж гишгэтэл тэр "Зогс. Яг наанаа.. зогсож бай" хэмээн сул өнгөөр хэлэв. Би зогстусаад, хөлөө байрнаасаа хөдөлгөсөнгүй шатан дээр зогсож байтал тэр гартаа барьсан боодолтой ганц сарнайг над руу сунгаад "Чи өнөөдөр сайхан харагдаж байна, яг л миний.."

Зүрх минь түг түгхийн хүчтэй цохилж, хацар халуу дүүгж эхэллээ. Тэрээр ичсэн бололтой зүүн тийш харцаа буруулаад үргэлжлүүлэн "Яг л миний... найз охин болоход бэлдсэн юм шиг.."

Дулаахан гэмээр агаар шууд л үсийг минь хойш сэвэлзүүлэхэд нүдэнд нулимс хураад эхэллээ. Юу хэлэхээ мэдэхгүй, дээрээс нь гар, хөл гээд юу ч хөдлөхгүй хөшчихсөн болохоор би яах аа мэдсэнгүй.

"Надтай үерх." Тэр харцаа одоо хэр нь буруулсаар, тушаах мэт хэлээд сунгасан ганц сарнайгаа над руу илүү ойртууллаа. Би шүлсээ гүдхийтэл нь залгиад, цэцгийг авахаар гараа сунгасан ч тэссэнгүй шууд л Тодорокигийн цээжинд нүүрээ наан, чангаар тэвэрч аваад уйдж эхлэв. Тэр бид хоёрын анх уулзсан өдөр шиг дулаахан байна. Хэзээ ч хөрөөгүй хайр шиг. Намайг аварсан тэр л баатрын илч яг хэвэндээ. Ганцхан миний баатар.

c49559843aba30fe825d570bc181d52b.jpg

|||

A/n-Анх удаа анимэ дүрээр бичсэн чинь их эвгүй санагдчихлаа. Жаахан тиймхэн болчихсон байж магадгүй ч таалагдсан гэж найдъя ^^

Ийм oneshot бичдэг булан нээе гэж би аль эртнээс хүсэж байсан юм, тэгээд нэг л мэдэхэд аймар зориг ороод oneshot оо биччихсэн байсан кк. Таалагдсан бол сэтгэгдлээ хэлж өгөөрэй, тэгээд дараагийн oneshot-ний эзэн Гиюү (Giyuu Tomioka) байх болно оо~ Харин зохиомол дүр байсан нь дээр үү, эсвэл ship-лэдэг дүр байсан нь дээр үү? 🧐

Мөн би энэ буландаа oneshot-ний захиалга хүлээж авна, oneshot бичүүлэхээр бол чатаар холбогдоорой ^^ Жич- Зөвхөн анимэ дүрээр шүү~

Facebook: Keiden Kth ♥️

1 страница29 апреля 2026, 14:55

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!